Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хаврын ээлжит чуулган коронавирусын халдварын эрсдэлтэй үед цахимаар нээгдэж  буйгаараа онцлог байлаа.

Гишүүд  хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээш хүн нэг танхимд суухыг хоригложээ.  Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим улсын Элчин сайд нар оролцсон юм.  2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризээс танд дуулгая.

 

УИХ-ын чуулган өчигдөр 12.00 цагт хөшгөө нээсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ парламентын ололт, амжилтуудаас нэлээд  онцоллоо. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа хийж чадсан.  “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг шиг одоо Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ.  Түүнчлэн чуулганы индэр дээрээс агаарын бохирдлыг бууруулсан багийнханд баяр хүргэсэн. Парламентын спикер “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна” гэсэн юм. 

 

 

 

Түүнчлэн  эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох, хөнгөлөх чиглэлээр УИХ-ын зарим гишүүн идэвхтэй ажилласныг хэлсэн юм.  УИХ-ын дарга Г.Занданшатарын үгэнд гишүүд алга ташин,  сүүлчийн чуулганы нээлтийн арга хэмжээ баярын хурал шиг л боллоо. 

 

 

 

Мөн хаврын чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн.  Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс эшлэн хүргэвэл “...Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.

 

 

 

Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна  Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

 

 

 

Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна. Эдгээр асуудлыг ҮАБЗ-өөрр хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн.  Түүнтэй адил энэ  сууж байгаа зарим гишүүн сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа.

Ийнхүү хаврын ээлжит чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэлж, УИХ-ын гишүүн,  Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Жавхлангийн дуулсан “Төрийн дуулал” эгшиглэснээр өндөрлөсөн.

 

Энэ чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлууд ээлж дарааллаа хүлээж байна. Нэн тэргүүнд Засгийн газраас авч буй эдийн засгийн багц арга хэмжээнд зориулах 5.1 тэрбумын хөрөнгө эх үүсвэрийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хуулийн төслүүдийг батална.  Түүнчлэн парламент дахин нэг гишүүнээ чөлөөлөх асуудлыг шийдэх юм.  Учир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.  Түүнийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-ийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутган шалгагдаж буй  юм. Тэрээр чөлөөлөгдвөл парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхийнхээ  хугацааг дуусгах нөхцөл байдал үүснэ. 

Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгууль хойшилж магадгүй байна. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр ч сонгуулийг хойшлуулах саналаа хэллээ.  Харин МАН-ын дарга  У.Хүрэлсүх “Сонгууль хойшлох шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа.    Гэхдээ коронавирусын нөхцөл байдал хүндэрвэл яалт ч үгүй олон улсын жишгийг дагаж сонгууль хойшлогдох байх.   Энэ онд улс төрийн сонгууль явагдах 60 гаруй улс байна.  Үүнээс одоогийн байдлаар есөн орон оны эхний хагаст болох сонгуулийн үйл ажиллагаагаа хойшлуулаад байгаа билээ.  Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал ч  отгон чуулганы  гол сэдэв байх нь ээ.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин