Сар шинийн үеэр орон нутаг болон хотоос  гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаасан билээ. Харин энэ үеэр цахим орчинд мөнгө авч орууллаа гэх агуулга бүхий пост цахим орчинд оруулсан Фэйсбүүк хэрэглэгч эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээжээ. 

Тодруулбал, цахим орчинд оруулсан түүний пост нь худал болохыг албаны эх сурвалжууд баталсан аж. Тиймээс  тухайн иргэнд эрүүгийн хуулийн 13.14.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж “хөнгөн” ял оноосон байна.  

Монгол улсын иргэн, Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Б.Б” гэсэн өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, хорио цээрийн дэглэмийн үед уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Тэрбээр энэ талаараа  шүүх хуралдаанд “...Манай төрсөн эгч Батцэцэг гэрт байсан хүмүүс дунд хөдөөнөөс ирсэн машинд цуг явсан хүмүүсийг Мөрөнгөөс таньдаг хүмүүсийг нь дуудаж оруулаад жолоочийг нь машинтай нь өнжүүлээд орой болохоор оруулсан гэж байна шүү дээ гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн хувийн фейсбүүк хуудсаар “Хөвсгөлийн нэгдсэн зар” “Эв Ёс Хөвсгөл” гэсэн фейсбүүк групп хуудсанд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн пост оруулсан. Пост оруулсанаас хойш 3-4 минутын дараа хуультай байж мэднэ шүү гэртээ үнэнчээр суугаад байгаа шүү дээ, арай худлаа байлгүйдээ гэсэн утгатай 4-5 сэтгэгдэл миний бичсэн постны доор бичихээр нь би тэр даруйдаа постоо устгасан. Энэ мэдээллийн эх сурвалж нь манай төрсөн эгч Батцэцэг гэр дотор хүмүүст ярихдаа 30.000 төгрөг өгөөд орж ирсэн байна жолооч нь гэж хэлхээр нь би дотроо мөнгө аваад оруулаад байгаа юм байна гэж бодоод пост оруулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн байна.

Тэрбээр сонссон зүйлээ баталгаажуулаагүй нь гэрчийн мэдүүлэгээр тогтоогдсон. Тодруулбал, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Түнэл сумын хөдөө Цэнгэл нуур гэдэг газарт мал маллаж амьдардаг юм. Тэр хавийн нутагт амьдардаг хүмүүс дунд л Мөрөн сум руу 30.000 төгрөгөөр торгуулаад орж болж байгаа талаар цуу яриа гарсаныг нь манай охин надад хэлээд би тэр яриаг нь гэр дотор санаандгүй ярьчихсан чинь манай дүү Б олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн юм шиг байгаа юм...” гэж мэдүүлжээ.

Албан эх сурвалж Б.Б худал мэдээлэл тараасан болохыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолсон. Тухайлбал, гэрч Н.Н-ийн өгсөн: “...Аймгийн болон улсын онцгой комиссын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нэвтэрч, гарч болох зохицуулалт байсан бусад тохиолдолд машин нэвтрүүлж оруулж, гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Тухайн үед надтай хамт үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид жолооч иргэдээс мөнгө авч машин оруулж гаргасан зүйл байхгүй. Мөн цагдаагийн алба хааагчид торгуулийн мөнгө төлж орсон, гарсан зүйл байхгүй...” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, иргэн Б.Б хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Улмаар Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 5 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн юм.

БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Иймд цахим хэрэглэгч та  худал мэдээлэл тараахгүй байх, тараасан тохиолдолд энэ мэтээр эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхаарна уу.