Монголчуудын ажил, амьдралд сонгууль тун чухал нөлөөтэй. Иргэд нь дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн үеэр орон гэртэй болох, орлогоо нэмэгдүүлэх, ажилд орох гэх мэтээр хуримтлагдсан асуудлуудаа шийдүүлнэ.

Орон нутаг нь зам харгуйгаа засуулах, худаг гаргуулах, сургууль, цэцэрлэг бариулах зэрэг том, жижиг бүтээн байгуулалтаа сонгуулийн үеэр ашиглалтад оруулж авахгүй бол дараагийн сонгуулийг хүлээхээс аргагүй.

Хэвлэх, хувилах үйлчилгээ эрхэлдэг, аялал зугаалга зохион байгуулдаг, амралт, цэнгээний газар ажиллуулдаг, худалдаа наймаа хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого ч сонгуулийн үеэр дориухан нэмэгддэг. Дээр дурдсанаас өөр олон төрлийн ажил, үйлчилгээ ч сонгууль даган гарч ирдэг. Тэдгээр нь сонгуулиас сонгуульд төрөлжин хөгжиж буй. Энэ хэрээр сонгуулийн сурталчилгаа, үйл явцад үнэн юм ховордож, тэр чигээрээ жүжиг болон хувирч байна.

НЭР ДЭВШИГЧИЙН СОНГОГЧИДТОЙ ХИЙХ УУЛЗАЛТЫГ ХҮНТЭЙ ХАРАГДУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ БИЙ БОЛЖЭЭ

Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хэд хоногт хийх хамгийн чухал ажил нь сонгогчидтой уулзалт хийж, өөрийгөө таниулах, бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тайлбарлах байдаг. Гэтэл сонгогчдын улстөрчдөд хандах хандлага өөрчлөгдөж, тэднээс залхсан, нэр дэвшигчийн уулзалтад очиж худлаа яриаг нь сонсож сууснаас фэйсбүүк гүйлгэж байсан нь зугаатай гэж үзэх болсон. МАН, АН зэрэг засгийн эрх барьдаг, гишүүдээ төрийн албанд байршуулдаг, олон гишүүнчлэлтэй намууд хүчээр, айлгаж дарамтлаад ч болов уулзалтад ирэх хүмүүсээ бүрдүүлдэг бол дарга болон нэр дэвшигчээсээ өөр гишүүнгүй жижиг намууд, бие даагчдын сонгогчидтой хийх уулзалтад хүн цуглуулна гэдэг хүндхэн даваа болоод буй юм.

Тиймээс бие даан нэр дэвшигчид сонгогчидтой уулзалт хийхгүй, ачааны машины тэвшин дээрээс цагаан хоолойгоор орилж сурталчилгааны хэд хоногийнхоо талыг өнгөрөөсөн. Харин сүүлийн өдрүүдэд хэдэн хүн суулгачихаад уулзалт хийж буй зургаа олон нийтийн сүлжээнд тавьж харагдах болов. Гэтэл тэнд сууж буй хүмүүс тухайн тойргийн сонгогчид биш, гэрээгээр ажил гүйцэтгэж буй ажилчид аж. Тодруулбал, хүн цуглуулж, уулзалт хийж чадахгүй, ганцаараа ярьж яваа нэр дэвшигчид дээр очиж “Уулзалтад чинь сууж, үг хэлж, сонгогчдын төлөөлөл мэт жүжиглэх 20-30 хүнтэй баг байна” хэмээн өөрсдийгөө танилцуулаад хэд хэдэн удаагийн уулзалтад нь сууж өгөх үйлчилгээ бий болсон бөгөөд багагүй эрэлттэй ч байгаа гэх.

Хуримаа хийж буй сүйт бүсгүйн найз болж баяр хүргэн аз жаргал хүсэж жүжиглэх, хорвоогоос буцсан нэгнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд чин сэтгэлээсээ гашуудаж, эмгэнэсэн дүр үзүүлж, нус нулимсандаа хутгалдан уйлах гэх мэтийн этгээд сонин ажил үйлчилгээ эрхлэгчид гадаадад байдаг талаар сонсоод гайхаж суусан монголчууд ийнхүү сонгуулийн уулзалтад сонгогч болон жүжиглэх үйлчилгээтэй болсон байна. Сонгогчидтой хийх уулзалтад сонгогч болж очих үйлчилгээнд мөрийн хөтөлбөрийг нь уншиж судлаад асуулт асуух, өөрийг нь дэмжиж үг хэлэх, өрсөлдөгч буюу онилсон хүнийг нь шүүмжилж үг хэлэх, уйлах гэх мэтийг нэмэлтээр оруулж, багц болгож ч болох гэнэ.

Мөн нөгөө талд нь, уулзалтад сонгогчийн дүрээр очиж, нэр дэвшигчийг өөрийг нь өөд нар харахгүй болтол шүүмжилж, хурал цуглааныг нь бүтэлгүйтүүлэх, улмаар тараах ажил ч бий болоод багагүй хугацааг үдэж буй. Энэ нь мөн л тодорхой үнэ хөлстэй ажил билээ.
Жил жилийн сонгуулиар олон түр ажлын байр гарч ирдгээс харьцангуй шинэ нь дээр дурдсан сонгогчгүй нэр дэвшигчийг сонгогчтой мэт харагдуулах энэ үйлчилгээ юм. Үүнээс гадна ухуулагч хэмээх түр ажлын байр маш олноор гардаг. Ялангуяа орон нутагт сонгуулийн насны бараг бүх хүнийг намууд хувааж аваад, ухуулагч гэсэн сэтэр зүүж, 200-300 мянган төгрөгөөр өөртөө ажиллуулдаг болоод удаж буй. Үүнийг ухуулга хийлгэх гэхээсээ илүүтэй саналыг нь өөртөө өгүүлэх найдвартай сонгогчийг бэлтгэх гэж харууштай юм билээ.

Мөн оюутан залуус нэр дэвшигчийн сонгуулийн штабаас бэлтгэсэн хувцасыг өмсөж, туг хиар барин, намын уриа лоозонг хашхирч жагсаал маягийн юм хийж яваа нь олонтаа таардаг. Тэднийг харсан хүмүүс гишүүд, дэмжигчид нь намаа, нэр дэвшигчээ дэмжиж явна гэж хардаг. Гэтэл энэ нь мөн л хөлсний ажилчидын цагийн ажил байдаг юм. Оюутан голдуу залуус намууд руу “Ийм арга хэмжээ зохион байгуулж, нөлөөллийн ажил хийж өгье. Төчнөөн хүнтэй баг ийм ажлыг төдий хэмжээний мөнгөөр хийнэ” гэсэн “меню” бариад ордог. Мэдээж хийх үйлдэл, хэлэх үг бүхэн нь үнэлгээтэй. Сонгуульд залуус ингэж ажиллаад удаж буй бөгөөд нэг баг хэдэн ч намд ажиллаж болно. Энэ жилийн хувьд коронавирус гээд амны хаалттай байгаа нь бүр ч их боломж олгож буй аж.

СОНГУУЛИЙН ҮЕЭР “ЦӨМ” ХИЙДЭГ ӨӨР НЭГ БИЗНЕС НЬ БИЕ ДААН НЭР ДЭВШИХ

Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр иргэн бүр оролцож, сонгох, сонгогдох эрхтэй хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан ардчилсан улсад бие даан нэр дэвших эрх хүн бүрт бий. Гэвч бие даан нэр дэвшиж буй хүмүүс энэ дархан эрхийг зөрүү буруугаар ашиглан гажуудуулж, төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгогчдын саналын үр дүнг эргүүлэх улс төрийн бохир технологийн арга хэрэгсэл болгосоор удаж буй. Сүүлдээ энэ нь чамгүй ашигтай бизнес, хэн нэгний захиалгаар үзүүлдэг үйлчилгээ болж хувирав.

Энэ жилийн сонгуульд л гэхэд 200 гаруй бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэдний дунд АН-аас нэр дэвшинэ гэж дөрвөн жил гүйгээд мандат аваагүйдээ шаралхаад ч гэх үү, дөрвөн жил тойрог усалсан шархаа нөхөх гээд ч юм уу, МАН-тай тохиролцож мөнгө аваад, бие даан нэр дэвшсэн нэг бус хүн бий. Тэд өдгөө МАН-аас авсан 400-500 сая төгрөгтөө тохирсон үйлчилгээ үзүүлэхийн тулд бие даан нэр дэвшиж буй хэрнээ “Би АН-ын гишүүн” хэмээн ярьж, АН-ын мөрийн хөтөлбөрийг хуулбарлаж, АН-ын нэр дэвшигчдийн саналыг хуваах ажлаа амжилттай хийж явна.

Мөн нэг тойрогт адилхан овог, нэртэй хүмүүс бие даан нэр дэвшүүлж, сонгогчдыг төөрөгдүүлэн, саналыг нь төөрүүлдэг хуучин технологи ч бас энэ жил хэрэгжиж байгаа. Сонгинохайрхан дүүргийн нэг тойрогт Ш.Гантулга нэртэй хоёр хүн байгаа бөгөөд нэг нь хэнд ч, хэзээ ч бараагаа харуулаагүй “нууц ноёнтон” байгаа гэх. Түүнд саналын хуудаст нөгөө Ш.Гантулгатай зэрэгцэн бичигдэж, сонгогчдыг төөрөлдүүлэхээс өөр зорилго байсан бол өдийд өөрийгөө таниулах ажлаа хийх байсан нь лав.
Иймэрхүү маягаар дөрвөн жилдээ нэг цулайж, дараагийн сонгууль хүртэл гар газар, хөл хөсөр суух орлогоо сонгуулийн ганц сарын дотор олдог хүмүүс бол бие даан нэр дэвшигчид. Хоёр том нам засгийн эрхийг авахын тулд иргэдийн бие даан нэр дэвших онцгой эрхийг буруугаар ашиглаж эхэлснээр бие даагчид сонгогдох эрхээрээ бизнес хийх болсон. Энэ нь эргээд иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН