"Дүлий төрд итгээд зүгээр суух арга алга"

“Хүү минь хүний нутагт ясаа тавибал амийг нь та нараас нэхнэ шүү” гээд, ханцуйгаараа нулимсаа шувтрах 80 гаруй настай эмгэн арга мухардаж тэвчээр алдарч буйгаа төрийн албаныханд ойлгуулахаар бухимдана. 56 настай хүү нь БНСУ-д элэг солиулах хагалгаанд ороод, эх орондоо ирж чадахгүй, хилийн цаана амь тэмцэн тийчилж байгаа аж. Тэрбээр “үр минь харьд үхэл, амьдралтай тэмцэлдэн, өдөр хоногийг өнгөрөөж байхад би дүлий төрд итгээд, гэртээ сууж чадахгүй нь. Аргаа барахдаа хоосон горьдлого тээж, Онцгой байдлын ерөнхий газрын үүдийг хоёр хоног сахилаа. Бидэнтэй харуул, жижүүрээс өөр уулзсан хүн алга” гэж учирлана. Энэ бууралтай ижил зовлонтой олон хүн хэнд хандаж, яах учраа олохгүй тус байгууллагын үүдийг сахиж, орж, гарсан алба хаагчдад учраа тайлбарлахаар хоргооно. Харамсалтай нь, тэдний үгийг тогтож сонсоод, шийдвэрлэх эрх мэдэл, сэтгэлтэй хүн огт алга. Үүдэндээ манаач зогсоочихоод, иргэдээс өөрсдийгөө хамгаалж байгаа дарга нарт учир байна гэж хүмүүс хардаж байлаа. Хардахгүй байхын ч аргагүй. Элэгний хорт хавдартай 80 настай иргэн, төрөх хугацаа нь дөхсөн тулгар биетэй эх, долоохон сартай хүүхэд зэрэг жинхэнэ тусгай шаардлагатай иргэд харь оронд гацчихаад, “эх орондоо очих өдөр ирнэ” гэж итгээд хагас жил өнгөрлөө. Гэтэл тэд хаягдаж, улстөрч, бизнес эрхлэгч, урлаг соёлынхон зэрэг өнгө, мөнгөтэй хүмүүс чартер нислэгт багтаж байгаа нь хэн бүхний эгдүүцлийг төрүүлж байна. Холбогдох албаныхан аман дээрээ “Бид бүх чадлаараа ажиллаж байна. Чартер нислэгээр тусгай шаардлагатай, шалгуур хангасан иргэдийг шат дараатай авчирч байна” гэж сүржин мэдэгдэж буй ч ачир дээрээ эх орондоо ирэх нэн шаардлагатай хүмүүсийн эрх ашиг, эрүүл мэндээр бизнес хийж байж болзошгүйд монголчууд бухимдаж байна.

 АТГ 19 хоногийн дотор хэрэг үүсгэх эсэхээ шийднэ 

Нислэгт бүртгэгдсэн хүмүүсийн нэрсийн дарааллыг нууцалж, эрх бүхий албан тушаалтан, бэл бэнчинтнийг ядарч, зүдэрсэн нэгний оронд авчирч байна гэх үндэслэлээр төрд итгэх итгэлгүй болсон иргэд аргаа ядаад АТГ-д гомдол гаргаж, холбогдох албаны хүмүүсийг шалгуулахаар өгсөн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Г.Энхбаатар “УОК-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдол, мэдээллийг хүлээж аваад, шалгаж байна. Хуулийн хугацаанд буюу 19 хоногийн дотор гэмт хэргийн шинж агуулсан эсэхийг мөрдөгч тогтоогоод прокурорт хүргэнэ. Одоогоор хэрэг тогтоогдоогүй байна” гэв. Чартер нислэгт ямар иргэд багтаж буй талаар болон АТГ-т шалгуулж буй эрх мэдэлтнүүдийн асуудлаар УОК-оос тодруулах гэсэн боловч дарга нар нь утсаа авахгүй, ажилчид нь “дарга уулзалттай, өрөөндөө байхгүй, хүнтэй уулзуулахгүй” зэрэг хариулт өгч, эрс цааргалсан юм. Харин олон нийттэй харилцах албаныхан нь “Чартер нислэгт багтсан иргэдийн нэрсийг зарлаж болохгүй гэсэн УОК-ын журам бий. Маш олон хүн нислэгт багтахгүй хасагдаж байгаа. Яагаад хасагдаж байгаа талаар ажлын хэсэг тайлбар өгөх боломжгүй” гэлээ.

Иргэдийг үнэгүй хүргэж өгөх олон улсын байгууллагын саналаас Засгийн газар татгалзжээ

Монголын төр ажлаа хийхгүй, иргэдээ тоохгүй байхад харь улсын Засгийн газар, төрийн бус байгууллагууд тусламжийн гараа сунгахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, Чех улсын IOM гэх төрийн бус байгууллага Чехэд гацсан 200 орчим монгол хүнийг үнэ төлбөргүй эх оронд нь хүргээд, тусгаарлах байрны тал төлбөрийг төлөх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байна. Гэтэл иргэдээ хүлээж авах тусгаарлах байрны хүчин чадал хүрэлцэхгүй байгаа гэсэн шалтгаан тавьж дээрх саналаас татгалзжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн О.Баттулга “монгол иргэдийг эх оронд нь буцаах санхүүжилт бүрдээд, бэлэн болчихсон юм билээ. Гэтэл манай улсын Засгийн газар тусгаарлах байр байхгүй гээд татгалзчихсан болохоор тэд нислэг үйлдэх боломжгүй болсон. IOM нь гадаадад харласан, хүнд байдалд орсон иргэдийг эх оронд нь хүргэдэг олон улсын байгууллага. Монголд дампуурахад бэлэн байгаа зөндөө буудал байхад яагаад тусгаарлах байрны хүчин чадалгүй гэснийг огт ойлгохгүй байна” гэсэн юм.


(Чехэд гацсан 200 орчим монгол хүнийг үнэ төлбөргүй эх оронд нь хүргээд, тусгаарлах байрны тал төлбөрийг төлөх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн ч тусгаарлах байрны хүчин чадал хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар дээрх саналаас татгалзжээ)

Гадаад харилцааны яам гацсан Монголчуудыг хариуцах уу

Харьд буй иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага бол Гадаад харилцааны яам болон улс орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам. Харамсалтай нь, тэд гадаадад байгаа иргэдээ хамгаалах үндсэн үүргээ огт биелүүлж чадахгүй байна. Гадаадаас хэнийг авчрахыг УОК биш ГХЯ мэддэг гэх яриа ч бий. Манай сонины редакцад олон арван иргэн зовлонгоо тоочиж, эх орондоо ирэх шаардлагыг хангасан, хүнд нөхцөлд байгаа ч нислэгт багтаахгүй буй шалтгааныг тодруулж өгөхийг хүсдэг. Тэрчлэн ойр тойрны хүмүүс нь танил талаараа яриулж, авлига өгч ирсэн талаарх мэдээллийг хүргэж, баримтжуулж чадаагүй ч баттай гэдгийг гэрчилдэг. ГХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд гадаадаас авчрах иргэдийн нэрсийн жагсаалтад багтааж, 5-8 сая төгрөг авдаг тухай ноцтой асуудал ч хөнддөг боллоо. Түүнчлэн авлига авсан албан тушаалтнуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл хүрч, У.Хүрэлсүх иргэдийн зовлонг бизнес болгосон хүмүүсийг яаралтай халах үүргийг салбарын сайдад нь өгсөн тухай нэгэн иргэн мэдээлсэн юм. Энэ талаар ГХЯ-ны олон нийттэй харилцах албанаас нь тодруулахад “УОК-ын ажилчдыг АТГ шалгаж байгаа мэдээлэл үнэн эсэхийг мэдэхгүй байна. Гадаад харилцааны яам хэн ирэх асуудалд оролцдоггүй. Ямар шалгуураар авч ирдгийг нь мэдэхгүй. Манай яамнаас энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан хүн байхгүй” хэмээгээд уцаарласан юм. Харин Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг иргэд авлига өгч нутаг буцах нэрсийн жагсаалтад багтаж байгаа хардлагын талаар, “Хардлага байгаа нь үнэхээр бодитой байх. Үүнийг бид маш сайн анзаардаг. Бодитой хардлагаа баримт нотолгоотой нь шалгуулаад, буруутай эзэнд нь зохих хариуцлагыг үүрүүлмээр байна. Авлига өгч ирсэн бол баримтаа өгөөд шалгуулах хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Төрийн албаныхан аливаа шийдвэрийг гүйцэтгэхдээ албаар гацаа үүсгэж, бухимдсан иргэдийг авлига өгөхөөс өөр аргагүй болгодог бохир “арга барил” бий болоод удсан. Гадаадаас иргэдийг авчрах үйл ажиллагаанд ч энэ бусармаг арга барил нэвтэрсэн нь баримтаар нотлогдоогүй ч илэрхий болжээ.

Харьд хаягдсан өндөр настан, өвдөж зовсон иргэд ярьж байна

Элчин сайдын яам, УОК, төрийн өндөрлөгүүд, эрх бүхий албаныханд хандаад ямар ч үр дүнгүй байгаа иргэд хэвлэлээр дамжуулан нөхцөл байдлаа учирлахыг хүслээ.

Сайд, дарга нар сонгууль гэж хөөрцөглөөд биднийг тоохгүй байна

Д.Магнай 

Сүхбаатар аймгийн иргэн

-Сахрын өвчтэй охиноо хажуудаа авах гээд гурван сараас хойш өргөдөл, хүсэлт гаргалаа. Эхэндээ ч төр засагтаа найдаад, арай ч иргэнээ хаячихгүй байх гэж итгэж байсан. Гэтэл хүн чинээ авч хэлэлцэхгүй байхаар нь албаны хүмүүстэй өөрөө уулзах гээд Улаанбаатарт ирээд долоо хонолоо. Гадаад харилцааны яаманд очихоор хамгаалагч нь “бид мэдэхгүй” гээд УОК руу хөөнө. Сайд, дарга нар нь сонгууль гэж хөөрцөглөөд, биднийг огт тоохгүй байна. Тэд мэдэхгүй бол өөр хэн мэдэх ёстой юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн алба хашдаг атлаа иргэдтэй нохой шиг харьцаж байгаад нь үнэхээр дургүй хүрч байна” гэсэн юм.

Мөнгөтэй хүмүүс ядарсан иргэдийн боломжийг булаадаг

Б.Сүх-Очир

Сонгинохайрхан дүүргийн иргэн 

-80 настай ээж маань нэгдүгээр сарын 10-нд БНСУ-руу явсан. Элэгний хорт хавдартай болохоор элэг солиулах хагалгаанд орохоор тус улсыг зорьсон юм. Үнэхээр хүндэтгэх шалтгаантай болохоор өмнөх нислэгүүдэд батгах байх гэж итгэж байсан ч талаар болсон. Нэгдүгээр сараас хойш буудалд амьдарч байна. Бие муутай, өндөр настай хүн зургаан сарын турш явуулын байдалтай байна гэдэг үнэхээр амаргүй юм байна. Мэдээж тэнд ажил хийж мөнгө олох боломжгүй болохоор эндээс л мөнгө явуулдаг. Хөрөнгөтэй хүмүүс ядарсан иргэдийн боломжийг булааж байгаад дургүй хүрч байна. 5-8 саяын жишиг тогтсон сураг гарсан. Бид “Яагаад тэнцэхгүй байна” гээд асуухаар жижүүр, манаач нар нь “дарга мэднэ” гэдэг. Үүдийг нь сахиад суувал олдох байх гэж бодсон ч хойноо хаалгатай, түүгээрээ орж, гараад бидэнтэй огт таарахгүй юм.

Ээж минь эх орон руугаа буцах тухай сонсоод уйлж байна

Г.Уянга

Тайландад амьдарч буй иргэн

76 настай ээж маань Тайландад иртэл, тархинд нь цус харвасан. Ээжийн маань биеийн байдал хүнд байгаа учир транзит нислэгээр эх орондоо хүрэхэд бэрх. Тиймээс бид Тайланд улс руу шууд нислэг үйлдэж, 76 настай ээжийг минь эх оронд нь хүргэж өгөөч гэж удаа дараа гуйсан. Гэхдээ боломжгүй байсан тул Зүүн өмнөд Азиас иргэдээ татах зургадугаар сарын 20-ны нислэгт үхэхээс наагуур хөөцөлдөж байж нэр нь багтлаа. Эх орондоо очих болсон тухай дуулаад ярьж чадахгүй байгаа ээж маань уйлсан.

Охиноо алдсан ч чандрыг нь тэврээд эх орондоо очихийг хүсэж байна

Т.Оролзод

БНСУ-д гацсан иргэн, 77 настай

-Би 2020 оны нэгдүгээр сард БНСУ-д бие муутай охиноо асрахаар очсон. Харамсалтай нь сарын дараа охин минь бурхан болсон. Хүний нутагт хамаатан саднаасаа хол буяны ажлыг нь гүйцэтгэсэн. Ядаж 49 хоногийг нь эх орондоо өнгөрөөчих юмсан гэсэндээ нутаг буцах хүсэлтээ удаа дараа өгсөн. Гэвч гурван удаагийн нислэгт багтаж чадаагүй. УОК-ын өндөр настан гэх шаардлагад уг нь нийцэж байгаа ч яагаад ч юм нэр маань багтдаггүй. Үнэхээр надаас хүнд нөхцөлтэй хүмүүс байгаа юм болов уу гээд хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл эрүүл саруул олон сайхан залуус нутаг буцсан сураг сонсоод үнэхээр гомдож байна. Хүү маань надад хань болж, эгчийгээ асрахаар араас ирсэн юм. Бид одоо орон байргүй, хүүд ажил олдохгүй өдөр хоногийг хэцүүхэн л өнгөрөөж байна. Уур амьсгал нь таарахгүй, сэтгэл санаа хүнд буй болохоор даралт ихсэж, хүүгээ сандаргах нь ихсээд байна.

Засгийн газрын мэдээ сонин