УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

 

АН УИХ-ын сонгуульд хоёр дарааллан ялагдчихлаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Таны бодлоор ялагдлын гол шалтгаанууд юу байсан бол? 

 

Гурван шалтгааныг ганц би ч биш хүмүүс бас хэлж байна. Нэгдүгээрт, Сонгуулийн хуулийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал бага гээгддэг холимог тогтолцоог та нар өөрсдөө үгүй хийсэн. Илүү зохион байгуулалттай, орон нутагт эрх мэдэлтэй, санхүүгийн болон хүний нөөцийн хувьд танайхаас  давуу, санах ой сайтай МАН-д ашигтай тоглоомын дүрмийг АН-ынхан та нар өөрсдөө хийгээд өгчихсөн. Тийм учраас тоглоомын дүрмээ өөрчилсний чинь үр дагавар бол энэ хоёр удаагийн том ялагдал шүү. Та нар үүнийг мах, цусаараа мэдэрч байгаа биз гэдэг үгийг байнга хэлж байна. Хоёрт, Ардчиллыг хэтэрхий өртөгтэй, зарж, үрдэг бараа болгож хувиргасан. Лангуун дээрх хамгийн том бараа бол АН гэдэг шүүмжийг их хэлж байна. Манай нам дотоод бүтцээ жижиглэн хувааж, хэтэрхий мөнгөний, наймааны болгож хувиргасны гай л даа. Дотоод сонгуулийнхаа өрсөлдөөнийг шударгаар хийж чадахгүй үргэлж мөнгөөр шийдэх гэж оролддог. Энэ мөнгөний маягийн тогтолцоо чинь дотоод бүх нөөцөө зарж дуусаад, гадаад өрсөлдөөнөө даван туулах чадваргүй болгочихсон гэдэг шүүмжлэлийг их ярьж байна. Гуравт нь мэдээж дотоод зөрчил. Нэгэнт сонгуулийн хуулиар тоглоомын дүрмээ МАН-д тавиад өгчихсөн бол нэгдмэл байхаас гадна   бусад улс төрийн намуудтай эвсэж,  бусад хүмүүсийг нээлттэйгээр татан оруулж, МАН-ыг сонгохгүй байгаа том бүлгийг өөртөө цуглуулах ёстой. Энэ ажлаа та нар хийж чаддаггүй, дангаараа ялчих юм шиг байнга явдаг. Тэгэхээр АН өөрөө хаалттай, шинэ дүр төрхийг, иргэдийн хүсэж, хүлээж байгаа санаа бодлыг намдаа шингээдэггүй болсон, та нар АН-ыг хувьчлаад авчихсан юм шиг, гаднаас хүн орж ирэхээр байр сууриа алдана гэж айдаг айдсаасаа болоод хэтэрхий явцуу, жижигхэн бүлгүүд болоод хувирчихсан. Энэ бүлгүүд чинь МАН-ын гол цөм болж байгаа 30-40 хувийг давж гарахгүй байна гэдэг шүүмж байсан. Манай намын ялагдлын гурван гол хүчин зүйл энэ.

 

Ялагдлынхаа гол шалтгаануудыг тодорхойлчихлоо.   Өвчнөөр бол онош тогтоогдлоо. Одоо илааршуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

 

Бид ялагдлынхаа учир шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байна. Миний дээр өгүүлсэн бол эхний ажиглалт. Хүмүүсийн  яриан дахь дүгнэлт. Эдгээр дүгнэлтүүд үнэн байна уу, үгүй юу гэдгийг өргөн цар хүрээтэй, судалгаа мэдээллийн хүрээнд дүгнэнэ. Хоёрт, Энэ дүгнэлтүүд үнэн бол бид шийдэх арга замаа бодож эхлэх ёстой. Шийдэхийн тулд эхлээд тогтолцооны тухай ярина. Хоёр удаа хэт олонх болсон улс төрийн хүчинд энэ тогтолцоог өөрчлөх хүсэл эрмэлзэл байх уу, үгүй юу. Та бүхэн санаж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр холимог тогтолцоог оруулж ирэх гэж хичнээн хичээгээд чадаагүй шүү дээ. Энэ тогтолцоогоороо байвал илүү ашигтай гэдгийг эрх баригчид мэдэж байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байна. Энэ бол АН-ын ялагдлын гадаад хүчин зүйл. Дотоод хүчин зүйлийн хувьд бид хаалттай, мөнгөжчихсөн, хэт явцуу, намаа хаа гуяар нь   хувьчлаад авчихсан юм шиг энэ бүтцээ дотроо нийтээрээ хүсэж, өөрчилж чадах уу, үгүй юу гэдэг бол дахиад л их олон хүмүүсийн ойлголцлын асуудал болох байх. 

 

АН-ын удирдлагад Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж байсан ч юм уу, нэг нутгийн хүмүүс томилогдоод эхэллээ гэсэн яриа байна.  Үнэхээр АН-ын ХЭГ-ын даргаар Баянхонгор аймгийн залуу байгаа бол Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ерөнхийлөгчийн зөвлөх болох жишээний. Таны ажиглаж байгаагаар үнэхээр Ерөнхийлөгч АН-д нөлөөгөө тогтоох үйл явц өрнөж байна уу? 

 

Ганц Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед биш шүү дээ. Үйл явцыг ажиглаад байхад ер нь Ерөнхийлөгчтэй намыг Ерөнхийлөгчийн институц зүгээр байлгадаггүй юм байна. Байнгын хагалж, буталж байдаг юм байна.

УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд улс төрийн өрсөлдөөнд гурван сонгууль байна. УИХ-ын болон орон нутгийн сонгууль бол үзэл бодлоо, бодлогоо хэрэгжүүлж болох илүү олуулаа, хамтаараа нийлж ажил хийдэг, нийгмийг өөрчилдөг сонгуулиуд байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн   золионд энэ хоёр сонгууль нь унаж байдаг зовлон нэг хүн дээр харагдаагүй. Та бүхэн санаж байгаа бол Н.Багабанди ч, Н.Энхбаяр ч Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг (тухайн үеийн МАХН) л хагалж  зодолддог байсан. Сөрөг хүчиндээ байнга ашигтай байдал бий болгодог байлаа. Яагаад гэвэл үе үеийн Ерөнхийлөгч нар намаа хагалаад, хагалсан  хэсгээ сөрөг хүчинтэй барьж байгаад өөрийнхөө хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх гэж оролддог учраас сөрөг хүчинд байнга нээлттэй, бодлогыг нь байнга дэмжиж, өөрийнхөө намын хувьд  байнга хагалж, хязгаар тавьж тоглодог. Энэ үйл явц Ц.Элбэгдоржийн үед байсан.

 

 

 

Х.Баттулгын үед ч явагдаж л байна. Энэ бол намаасаа Ерөнхийлөгч гаргасан намын үүрдэг зовлон. Тэгэхээр Ерөнхийлөгч  өөрийнх нь нэр дэвшиж сонгогдсон намыг шууд миний халаасны нам гэж үзээд, эсрэг намын ая, эвийг олж байх ёстой гэсэн тооцоогоор тоглоод ирэхээр нам байнгын хэрүүлтэй, тэр хүний гар дүрсэн байдлаар явдаг. Энэ үзэгдэл ганц Х.Баттулгатай холбоотой биш. Нэг хүний асуудал гэж харахаас илүү улс төрийн тогтолцооны хувьд харах нь зөв.  Энэ бол манай  улс төрийн эрх мэдлийн буруу хуваарилалт, системийн хор уршиг. Ийм үзэгдэл байнга гардаг.

 

 

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрч буй гурван жилийн үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна? 

 

Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа  дүгнэх субъект нь би мөн ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй. Өмнөх туршлагуудыг харах юм бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт энэ гурван бүсэд хэн илүү сонгогчдыг савлуулж, сэтгэл санаанд нь таарсан бодлого явуулна, тэр л ялалт байгуулсаар ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд харахад  Х.Баттулга Ерөнхийлөгч Улаанбаатар хоттой холбоотой, тэр дундаа мэдээлэлд ойр, улс төрийг сонирхдог, илүү бодитой дүгнэлт хийдэг хүмүүсийн эсрэг сэдвийг хөндөх бодлого явуулсан. Тийм учраас хотод савлагаа   бараг алга болчихлоо. Магадгүй хот дахь савлагаа   өөр хүнийг хайгаад байх шиг байна. Тэгэхээр одоо Ерөнхийлөгч бодох ёстой.  Яг энэ  сегментийн сонгогчиддоо чиглэсэн бодлого нь юу байсан юм бэ гэдгээ эргэж харвал зөв байх. Монгол улсын эсвэл ардчиллын хувь заяатай холбоотой сонголтууд, тэр хүний алхмуудад бол ер нь   шүүмжлэлтэй л хандаж байна. 

 

Та хуульч хүн. Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Тэр эрхээрээ дамжуулаад АН-ын лидерүүдийг хорьж, нам доторх  өрсөлдөгч нараа зайлуулж, өөрийнхөө байр суурийг  бэхжүүлэх   оролдлого хийж байна гэсэн хардлага байна? 

 

Би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл шүүгч нартай холбоотой асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гэдэг байгууллага руу татаад авчихсан. Монгол улсад гурван улс төрч л тоглож байна шүү дээ.  Тэр гурван улс төрчийн хоёр нь МАН-ынх. Тодруулбал Г.Занданшатар, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн.  Нөгөөх нь Х.Баттулга: Тэгэхлээр энэ гурвын аль нь илүү нөлөөтэй, аль нь илүү  улс төрийн дүр зургийг зурж байгаа гэдгийг би хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ бодит байдал дээр  улс төрийн өшөө хонзон шиг юм явж байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Байнга шүүмжлээд байгаа шударга бусын хонгил  бүр төгөлдөржчихсөн. Одоо  тэр хонгил руугаа  дандаа   өрсөлдөгчөө, өөртэй нь зөрчилдсөн хүмүүсийг  явуулж байна гэдэг хардлага, таамаг илүү бодитой. Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван хүний хэн нь  илүү үүрэг рольтой, хэнийх нь  хүсэл  сонирхол энэ хонгил руугаа  хүн болгоныг чихэж оруулж байна аа гэдгийг шууд  нэр зааж хэлэх аргагүй. Харин хамгийн том алдаа, завхралыг   Г.Занданшатар гэдэг хүн УИХ-ын дарга болсон төлөөсөндөө ҮАБЗөвлөлд  шүүгч нарыг шүүх эрх мэдлийг аваачиж өгсөн нь бол үнэн. УИХ-аас гадуур ҮАБЗ-ийн гишүүнийхээ хувьд бусад УИХ-ын гишүүдээс давуу эрх   олох гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй ийм аймшигтай Үндсэн Хуулийн бус зүйл хийсэн. Яг үнэндээ Үндсэн Хуулийг сахиулдаг улс оронд бол Үндсэн Хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүн бол Г.Занданшатар. Энэ бол бодитой,  баримт. Өөрөө ҮАБЗ дотор байгаа мөртлөө өөрөө өөртөө хууль гаргаад, шүүгч нарын хувь заяаг шийдэх эрх мэдэл авчихсан сууж байна гэдэг бол гэмт хэрэг. Парламентын спикер хууль хулгайлж, парламентын нэрээр ҮАБЗөвлөл дээр   өөртөө эрх мэдэл олж авч болохгүй. Зарчим нь ердөө энэ. Үүнийг ашиглаад Засгийн газар, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийн хараат бус байдлыг аваачиж өгнө гэдэг бол бүр парламентын хийж болохгүй алхам  юм л даа. Хамгийн азтай, хувь заяаны шоглоомоор хэзээ ч очихгүй байсан эрх мэдлийг олж авсан Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх. Энэ хоёр албан тушаалтны хэтэрхий явцуу, харалган ашиг сонирхол дээр хожоо хийж байгаа хүн бол Ерөнхийлөгч. Тийм учраас ҮАБЗөвдөд гэдэг нэрийн дор гурван хувь улс төрч Монгол Улсын Үндсэн Хуулийн эрх мэдэл хуваарилалтыг алга болгоод, бүх эрх мэдлийг гартаа атгаад сууж байна гэдэг бол хамгийн том аймшиг. Ийм аймшгийг ил цагаанаар хадган дээр тавиад бэлэглэсэн хүн бол Г.Занданшатар. 

 

ҮАБЗөвлөл өөрөө үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг яваад эхэлсэн гэсэн үг үү? 

 

Тийм. ҮАБЗөвлөл гэдэг бол Үндсэн хуулийн институт ерөөсөө биш. Үндсэн хуульд нэр дурдагдсан зүгээр л нэг байгууллага. Завсрын буюу тохируулах хийх ёстой жижигхэн институц нь өөрөө Үндсэн хуулийн суурь, гол институцүүдийг атгаад сууж байна.   ҮАБЗөвлөл хууль тогтоох эрх мэдлийг, гүйцэтгэх эрх мэдлийг, шүүх эрх мэдлийг атгачихлаа. Үндсэн Хуулиас давсан, Үндсэн хуулийн бус эрх мэдэлтэй  институц болоод хувирчихсан. Үндсэн хуулин дээр энэ институцэд  тээг тавих хоёрхон л механизм байгаа.  Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүх буюу цэц. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан, Үндсэн хуулийн бус үзэл санааг таслан зогсоож байх манаач  нь байх ёстой, үүрэгтэй институц өөрөө зүгээр л эрх баригчдын гар хөл болоод сууж байгаа. Хоёрт нь хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Гэтэл УИХ өөрөө ийм завхралыг хуулиар  хийгээд сууж байна гэдэг бол гажуудал. Үндсэн хуулийг манагч, үзэл санааг нь дэлгэрүүлэгч, амьдралд амилуулагч хоёр институц болох УИХ, ҮХЦ хоёр тангаргаасаа, Үндсэн хуулийн үзэл санаанаасаа няцаад, урвачихаад сууж байна шүү дээ.   

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх армийн арга хэмжээнд оролцохдоо ташаандаа гар буу зүүсэн нь сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр : “Бүх л сайд нарт гар буу өгдөг. Надад ч гэсэн өгч байсан” гэж бичсэн байна лээ. Үнэхээр сайд нарт буу өгдөг юм уу, таныг сайд болоход  өгч байсан уу? Хэрвээ өгдөг бол тэр нь ямар хуулийн зүйл заалттай вэ? 

 

Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүн буюу сайд нарт ямар нэгэн галт зэвсэг тараадаг, өгдөг хууль байхгүй. Ё.Отгонбаяр тэгж бичсэн нь үнэн бол худлаа гэсэн үг. Магадгүй Ё.Отгонбаярыг сайд байх үед тийм юм болсон  уу, үгүй юу мэдэхгүй байна. Бусад яамдын сайдад мөнгөн аяга   бэлэглэж байхад Хууль зүйн юм уу, Батлан хамгаалахын сайдад галт зэвсэг, цэрэг хувцас, хутга гэх мэт албаны онцлогтой бэлэг  сэлт өгөх тохиолдлууд байдаг. Харин бүх сайд нарт гэдэг ойлголт байхгүй. Энэ бол худлаа. Магадгүй Ерөнхий сайдад хууль хүчний, хууль сахиулах агентлагуудын зүгээс галт зэвсэг бэлэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хориглосон хууль байхгүй. Харин Ерөнхий сайд бэлгийн шинж чанартай галт зэвсгээ хаана авч явах вэ? Гэдэг бол тусдаа асуудал. Хээрийн бэлтгэл хийж байгаа цэргүүд дээр Ерөнхий сайд очихдоо галт зэвсэгтэй очихыг  үгүйсгэж болохгүй. Магадгүй тэмцээн, уралдаан зохион байгуулах, ур чадварыг шалгахтай холбоотой арга хэмжээнд оролцох гээд өөрөө аваад оччихсон байж болно шүү дээ. Энэ тохиолдолд галт зэвсгийнхээ аюулгүй байдлыг хангаад авч явж болно. Гэхдээ хууль сахиулагч, цэрэг армийн хүн шиг ташаа, гуяндаа зүүгээд, жагсаалын урд сүржигнээд явах бол ардчилсан улс оронд зохимжгүй. 

 

Ардчилал гажуудахад ардчилагчид өөрсдөө буруутай гэж та хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу. АН-ын алдаа дутагдлыг түлхүү яриулаад байгаа нь алдаа оноогоо цэгнээд эрх баригчдын эсрэг хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэндээ юм л даа?

 

Ардчилал, хүний эрх, эрүүл саруул бодол санаа, оюун ухаан өөрөө улс төрийн тэнцвэр дээр оршин тогтнодог. Хэн нэг нь хэт давамгай хүчтэй болсон тохиолдолд шударга үг ч боомилогдож эхэлдэг.  Ийм байдал гаргахгүйн тулд аль болох иргэдийн санаа бодол жигд тусаж байх, улс төрийн тэнцвэртэй байх, олонх, цөөнх нь ардчилал дотроо хэвийн ажиллаж байх ёстой. Тэр утгаараа олон нийт улс төрийн тэнцвэр алдагдаад байна, нэг нам хэт их эрх мэдэл төвлөрүүлж аваад байна, АН энэ эрх мэдэл төвлөрүүлж аваад байгаа намын тэлэлтийг хязгаарлах нэг том хүчин шүү дээ, та нар яасан хариуцлагагүй юм бэ, яагаад ийм сул дорой байдаг юм бэ? яагаад иргэдтэйгээ ойр байж, итгэл дэмжлэгийг нь авч чаддаггүй юм бэ гэдэг шүүмжийг явуулж байгаа нь бол зүй ёсны хэрэг. Тийм учраас АН  үүнд дүгнэлт хийх ёстой. Улс төрийн тэнцвэрийг хангахгүй бол энэ улс оронд нэг том нам, бусад нь тоглоомын нам гэдэг нэрийн доор өөр засаглал бий болохыг үгүйсгэхгүй. Ер нь нэг нам хүчирхэгжээд ирэхээрээ жижиг намуудыг тоглоом болгож, нэг нэгэнтэй нь зодолдуулах замаар, сонгууль явагдаж байна гэдэг хий хоосон жүжиг зохиогоод, өөрсдөө сонгогдсон хаант засаглал шиг байнгын эрх мэдэл баригч болж хувираад, угсаа залгамжилж эхэлдэг. Энэ бол ардчиллын хамгийн том аюул. Ардчилал ийм эмзэг болж байгаа үед эрх баригч МАН-д гэхээсээ илүү олон нийтийн итгэлийг дааж чадахгүй байгаа АН-д илүү том хариуцлага оногдож байгаа юм шүү.

 

Сүүлийн үед Монголд зарим хөрш орны нөлөө хэт ихсэж, ардчилалд аюул учирч, дарангуйллын шинж тэмдэг илрэх болсон тухай зарим улс төрч, судлаачид ярьж, бичих боллоо. Энэ тал дээрх таны байр суурийг сонирхоё?

 

 

 

1990 оноос хойш бидэнд нэг цонх нээгдсэн. Бид дэлхийтэй хэн нэгнээр дамжуулж биш, хэн нэгний гар хөл болж биш эсвэл хэн нэгний санаа бодлыг тээж, ардаа шийдвэр гаргагч нь өөр, урдаа тэр хүнийхээ, тэр гүрнийхээ зорилгоор ам нь ангалзаж байдаг тийм улс биш, үнэхээр гадаад, дотооддоо бие даасан засаглалтай, бодитойгоор өөрөө өөртөө эзэн улс гэдгээ харуулах боломжтой болсон.

 

 

 

Энэ боломжийг олгож байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, ардчилал. Тэр дундаа парламентын засаглалын  хэлбэр. Энэ байдал маань бага зэрэг эмзэг болоод ирэнгүүт өнөө хоёр хөршийн маань шууд болон шууд бус, зорилготой болон зорилгогүй нөлөө манайд  хүчтэй нөлөөлж эхэлж байна. Тийм учраас дээрх ярианууд гарч байгаа байх. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол цэргийн гэхээс илүүтэй дипломат арга замаар  тусгаар тогтнолоо баталгаажуулдаг. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд тусгаар байдал, засаглалын маань тэнцвэр оршин тогтнож байгаа. Тийм учраас  гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань эмзэг болох тусам энэ хоёр том гүрний  нөлөө илүү их дарамгайлж орж ирнэ гэдэгтэй  санал нэг байна. Судлаачид ч гэсэн дээшээ тэнгэр харж байгаад дүгнэчихсэн  дүгнэлт биш, Монголын түүх, бодит байдалд түшиглэж дүгнэсэн болов уу? Тэгэхээр бид  бодох ёстой. Мэдээж хоёр хөрштэйгөө бид сайн харилцаатай байх ёстой. Хоёр хөрштэйгээ дайсагнасан үйл ажиллагаа ерөөсөө явуулж болохгүй. Хамтын үйл ажиллагаа, бүс нутгийн эдийн засаг гээд олон зүйл дээр нэгдэх ёстой. Гэхдээ бид хоёр хөршдөө тусгаар тогтнолоо даатгаж, найдаж хоосон үлдээж харин болохгүй. 

 

Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа

 

Ч.Явуухүү

sonin.mn