Театрын урлагт дурлагчид тун удахгүй “Фауст”-ыг шинээр мэдрэх нь. Найруулагч нь “Альфа” постдрам театрын ерөнхий найруулагч М.Батболд. Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү, өндөр босготой ГИТИС (Москва хотын театр урлагийн академи)-ийн төгсөгч, өмнө нь “Фауст”-ыг тайзнаа тавьсан гэдгээр нь урлагийнхан бол энэ эрхмийг андахгүй.

Шинэ театр байгуулсан залуу найруулагчтай “Фауст”-ын тухай, Монголын театрын дэлхийд гялалзах боломжийн тухай яриа өрнүүллээ.


-“Альфа” постдрам театр “Фауст”-аар нээлтээ хийхээр болсон гэж сонслоо. Постдрам гэж хаанаас гаралтай урсгал вэ?

-Германаас гаралтай XIX зууны дунд үеэс үүссэн, орчин үеийн театрын урсгал байгаа юм. Германд үүсч, Европт дэлгэрээд1990-ээд оны дунд, сүүл үеэс Оросын театрын урлагт нэвтэрсэн, товчхондоо ирээдүйн театр гэсэн үг л дээ.

-Та өмнө нь “Фауст”-ыг найруулж байсан. Энэ удаа “Фауст”-ыг дахин барьж авч, театрынхаа нээлтээр урлагт дурлагчдад хүргэх болсон шалтгаан тань сонирхол татаж байна. Театр байгуулаад ажиллана гэдэг том зориг, үзэгчид алга ташаад угтаж авна гэсэн итгэл бат нот байна уу?

-“Фауст”-ыг анх найруулах үед хүмүүст хүрэх болов уу гэсэн айдас байсан л даа. Гэтэл ихэнх үзэгч алга ташиж хүлээж авсан. Нийгмийг чирч явдаг, урлагт хайртай үзэгчдээс “Театрын цоо шинэ үзэгдэл байна. Цааш нь хөгжүүлээрэй. Үзэх хэрэгцээ байна шүү” гэсэн үг сонсоод олзуурхсан. Монголын үзэгчид аль хэдийнэ дэлхийн үзэгчид болчихсон. Үзэж, харж, ойлгож, мэдэрч байгаа зүйлүүд маань хавтгай болчихсон гэдэг утгаараа. Өөрийн гэсэн театр байгуулахыг найруулагч бүр мөрөөддөг. Нөгөө талд хэрэгцээ байна. Мэдээж ганц миний шийдвэр биш.Олон хүний дэмжлэг бий. Нийгмийн захиалгаар байгуулагдсан ч гэж хэлж болно. Театрынхаа нээлтийг Mike Bartlett-ийн“Love LoveLove” жүжгээр хийе гэж шийдээд сургуулилтаа эхэлчихсэн ажиллаж байгаад сүүлд “Фауст” дээр тогтсон. “Фауст” бол дэлхийн уран зохиолын ноён оргил, хоёр дахь “Библи” гэгддэг. Театр өөрийн гэсэн амбицтай, “Фауст” ч өөрийн гэсэн амбицтай. Ингээд л шийдчихсэн.

-“Фауст” жүжиг Москвагийн театрт урлагийн академи төгсөхөд дипломын ажил тань байсан. Дараа нь та Монголынхоо үзэгчдэд хүргэсэн. Одоо гурав дахь удаагаа найруулаад сууж байна. Удахгүй үзэгчидтэй уулзах “Фауст” өмнөх хоёроосоо яг ямар ялгаатай байх бол?

-Гурав дахь тавилтын тухайд шийдлийн хувьд ч, тоглох бүрэлдэхүүний хувьд ч өөрчлөгдөж байгаа. Учир нь “Фауст” гэх жүжиг миний хяналтаас гарсан. Өмнө нь би “Фауст”-ын найруулагч байсан бол одоо боол нь болчихсон. Энэ жүжиг өөрийн амьтай, амбицаа өөрөө тодорхойлж, үзэгчээ өөрөө сонгож байна.

-Зохиолчид “Дүрүүд маань миний хүссэнээр амьдардаггүй” гэж хэлдэгтэй агаар нэг сонсогдож байна. “Фауст”-аар шатаж, шаналж, амьдарсан хүнээс л ийм үг гарах байх...?

-Би наймдугаар ангидаа уран зохиолын хичээлийн даалгавраа хийх гэж “Фауст”-ыг анх уншиж байсан юм. Тэр үед юу ч ойлгоогүй. Анагаахын сургуулийг сэтгэл зүйчээр төгсөж, сэтгэцийн эмчээр ажиллаж, эцэст нь Москва явлаа. Тэнд найруулагчаар суралцаж байхдаа орос хэлээр уншаад ойлгосон. Сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшиж, найруулагчаар сурч байсан нь нөлөөлсөн байж магадгүй.

-Фауст аз жаргалыг хайсаар, насан эцэслэснийхээ дараа аз жаргалын шалтгаан нь өөрөө байсан тухай олж мэддэг. Энэ агуулгыг харахаар “Өөрөө өөртөө гэрэл бол” гэсэн Буддагийн үг санаанд буусан. Таны “Фауст”-ын талаарх сэтгэгдэл ч ийм мэдрэмж төрүүлсэн...?

-“Фауст” бол Библийн л нэг хувилбар шүү дээ. Библийг арай өөрөөр, утга уран зохиол руу оруулаад бичсэн зохиол. Цаашлуулж ухвал “Фауст” –аас Будда ч харагддаг. Ер нь үндсэн шашин гэж байдаггүй, системийн онол л гэж бий. Системийн онол буюу учир шалтгааны шинжлэх ухаан, гүн ухаан, физик, математик гээд яривал “Фауст”-ыг аль ч талаас нь тайлбарлаж болно. Миний хувьд буддын талаас нь тайлбарлая гэж бодсон. “Фауст”бол аз жаргалыг яаж олох вэ гэсэн урт эрлийн тухай өгүүлэл. Хүн бүр аз жаргалыг хайдаг. Хүн төрөлхтөн аз жаргалаа янз бүрийн аргаар хайж яваа. Сайн найз, архи дарс, нууц амраг гээд аз жаргалыг юм бүрээс хайж байна. Аз жаргалд хүрэхийн тулд Харвард төгсөх шаардлагагүй, тэрбумтан болох гэж хамгаа мартан зүтгэх ч хэрэггүй, зөрж өнгөрсөн хүнийг шалтгаангүйгээр хайрлах сэтгэл зүйтэй л бай гэсэн санаа “Фауст”-ын амин сүнс. Мефистофел гэгч чөтгөр үхэн үхтлээ аз жаргалыг хайгаад олоогүй Фаустын сүнсийг дагуулан аялж, аз жаргал хажууханд нь байсныг л харуулдаг.

-Таны өмнөх найруулга дээр С.Болд-Эрдэнэ жүжигчин Фаустын дүрийг бүтээсэн. Энэ удаа ч дахиад бүтээх нь. Фауст бол Болд-Эрдэнэ, Болд-Эрдэнэ бол Фауст болчихжээ...?

-Фауст гүн ухааны дүр. Миний хувьд ийм гүн ухааны дүрийг бүтээх хэмжээний жүжигчин Монголд С.Болд-Эрдэнэ ахаас өөр байхгүй санагддаг. Хэрэв Л.Жамсранжав агсан амьд сэрүүн, ид насны гялалзаж явсан бол энэ дүрийг гайхамшигтай бүтээж чадна.

-Мефистофелийн дүрийг өмнө нь Л.Баттулга (Аглуу) жүжигчин бүтээсэн, одоо жүжигчин Т.Бархүү бүтээх юм байна. Аглуугийн бүтээсэн Мефистофель ямар болсон бэ, Бархүүгээс юу хүлээж байгаа вэ?

-Мефистофелийн дүрийг тухайн цагийнхаа хамгийн шилдэг, гайхалтай уран сэтгэмжтэй жүжигчид бүтээсээр ирсэн түүхтэй. Маш егөөтэй, хөдөлгөөнтэй, их уран дүр. Аглуу /Л.Баттулга/ ах уран сэтгэмжийн хувьд гайхалтай, егөө юморийн хаан шүү дээ. Өөрийнхөө уран сэтгэмжээр дүрээ мундаг бүтээсэн. Би бүр анх хойно оюутан байхдаа Аглуу ах, Бархүү хоёрыг Мефистофель гээд харчихсан явсан юм. Хоёулаа өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй Мефистофелийг гаргах нь тодорхой байсан л даа. Театр бол байнга өсөн дэвжиж, тасралтгүй хөгжиж шинчлэгдэж явдаг хэцүү платформ. Хүн нэг үзсэн киногоо ахин үзэхийг хүсдэггүй бол жүжиг тийм биш. Жишээ нь “Фауст”-ыг нэг удаа үзсэн хүн ахиад үзэхдээ өөрийг, шинийг олж харж кайф авах ёстой. Найруулагч байнга харах өнцгөө шинэчлэхгүй бол гараас нь бүтээл гарахгүй. Найруулагч нь жүжгээ тухайн цаг үетэйгээ холбоод, шинэчлээд явбал үзэгчид уйдахгүй, улам шимтэн үзсээр байдаг. “Ковид-19” дэлхийг өөрчилчихлөө. Хүн төрөлхтөн аз жаргалыг дахин шинээр харж, хайж эхэлсэн. Яг ийм үед “Фауст”-ыг дахин төрүүлэх шаардлага байсан юм. Ингэхдээ найруулга, шийдэл, бүрэлдэхүүний хувьд цоо шинэ түвшинд очих ёстой гэж хараад Т.Бархүүг сонгосон.Тэс өөр, их сонин, өвөрмөц, шинэлэг дүр төрхтэй Мефистофел гарч ирж байна. Маргарита маань өөрчлөгдсөн. СУИС төгссөн, уран гимнастикаар хичээллэдэг С.Цэлмүүн гэж жүжигчин энэ дүрийг бүтээнэ. Шив шинэ жүжиг дээр ажиллаж байгаа юм шиг л санагдаж байна. Ийм мэдрэмж төрнө гэж хүлээж байгаагүй л дээ.

-Бичсэн хугацаанаас эхлээд л “Фауст” сонирхол татдаг. Гёте энэ зохиолоо жаран жил бичсэн гэдгийг бол хүн бүр мэднэ. Та энэ бүтээлтэй холбоотой өөр олон сонин баримт олж үзсэн байх. Гойд сэтгэгдэл төрүүлснээс нь манай уншигчидтай хуваалцаач?

-Гётегийн энэ бүтээл нөгөө талаасаа зөгнөлт зохиол. Дэлхийн гуравдугаар дайны талаар бичсэн байх жишээний. Хүн төрөлхтөн маш олон шаттай дайнуудыг туулсны эцэст дэлхий сөнөх хэмжээний дайныг амсана гэж бичсэн байдаг. Хүмүүсийн бүтээсэн хиймэл хүн хүн төрөлхтөнд сонин, хачнаар нөлөөлнө гэх мэт хэсэг гардаг. Коммунизмыг жинхэнэ утгаар нь XXV зуунд байгуулна, тэр үед хүмүүс бүгд гэгээрнэ, хайр бол цорын ганц арга зам гэдгийг ойлгоно гэх мэтээр бичсэн нь ч бий.

-Таны үзсэн “Фауст”-уудаас дуу алдуулам онцгой нь дэлхийн аль улсын ямар найруулагчийнх байсан бэ?

-Миний үзсэн “Фауст” дундаас хамгийн их таалагдсан нь Английн нэг найруулагчийн Москвад тавьсан “Фауст”. Хөгжим нь бүр онцгой. Жинхэнэ Фаустын зүрхний цохилтоос гарсан хөгжим яг мөн байна гэсэн мэдрэмж төрсөн. Тэр хөгжим надад “Фауст”-ыг тавихад маш том нөлөө үзүүлсэн. Санкт Петербургт үзсэн “Фауст”-д Мефистофелийг сэтгэцийн эмчийн дүрээр, Фаустыг өвчтөний дүрээр гаргасан нь сонирхолтой шийдэл шиг санагдсан. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, ирэх жилийн долдугаар сард “Фауст”-ыг англи хэлээр тавина. Жуулчдад үзүүлнэ гэсэн бодолтой яваа. Манай улс түрүү жил гаднаас нэг сая жуулчин хүлээж авсны 250 мянга нь зуны цагт компаниудаар дамжин ирсэн байна лээ. Дор хаяж 30 мянгад нь жүжгээ үзүүлмээр байна. Зуны жуулчдын аялал үндэсний урлагийн цөөн хөтөлбөр сонирхож, хөдөө явах гэсхийгээд дуусдаг. Бид гадны жуулчдад Монголынхоо талаар ерөнхийдөө нүүдэлчин ард түмэн шүү гэсэн ойлголт л өгдөг.

-Тэгвэл “Альфа” театр ирэх зун сонгодог урлагаар монголчууд ямар төвшинд хүрснийг харуулах нь ээ?

-Гадны жуулчид монголчууд дэлхийн театрын урлагт аймар зэрэгцэж явааг мэдрээд буцна гэдэгт итгэлтэй байна.

-Орчин үеийн театр гэхээр олон хүнд сүүлийн үеийн өндөр технологийн хүчийг харуулсан сүрлэг тайз энэ тэр гээд өнгөн талын төсөөллүүд буугаад байх шиг анзаарагддаг. Орчин үеийн театрын урлаг юугаараа гоцгойд, өөр өвөрмөц вэ?

-Дэлхийн театрын хөгжлийн түвшинд Монгол улс очих ёстой гэж ирээд яривал техник технологи чухал биш. Найруулга, сэтгэлгээ, сэтгэмж л хамгийн чухал. Дэлхийн театрууд ч ялгаагүй, ийм. Зарим хүн хэлдэг л дээ, “Технологи нь байвал сайн жүжиг хийнэ, даанч манай Монголд тийм боломж нь алга” гэж. Үгүй л дээ, технологи чинь өөрөө оюун сэтгэлгээ, сэтгэмж дээр тогтдог. Дэлхийн театрын хөгжил сэтгэлгээндээ, найруулгандаа, сэтгэмж бодомжиндоо байдаг гэдгийг л би харуулах гэсэн юм.

-“Альфа” театрын дараагийн жүжгийн тов гарсан уу. Найруулахаар төлөвлөчихсөн ямар жүжгүүд байна. Хэзээ нэгэн цагт заавал тайзнаа амилуулна гэж бодож явдаг зохиолоо сонирхуулаач?

-Манай театрын жилийн төлөвлөгөө гарсан. “Турандот гүнж”, Mike Bartlett”-ийн “Love Love Love” жүжгийг тавихаар төлөвлөсөн. Дараа жил “Мастер Маргарита”, М.Булгаковийн “Нохойн зүрхтэн” жүжгийг найруулах бодол бий. Шекспир найруулагчийг их задалж өгдөг. Мэдээж найруулагч болгон “Гамлет”-ийг хийхийг хүсдэг. Хэзээ нэгэн цагт “Гамлет”-ийг тайзнаа тавих байх аа (инээв).

-“Фауст” жүжгээ дотоодын уралдаан фестивальд сойх уу?

-Тийм бодолгүй байгаа.

-Яагаад?

-Миний цаашдын зорилго бол олон улсын фестивалиудад жүжгүүдээ сойх. Англи хэлээр жүжгээ тавихаар бэлдэж эхэлсэн минь цаанаа ийм учиртай. Дэлхийн театрын урлаг гэж томоор харвал монголчууд сэтгэлгээ, сэтгэмж, ур чадвар гээд юугаараа ч дутахгүй. “Фауст” өөрөө өөрийнхөө амбицыг тодорхойлчихсон гэж би түрүүн хэлсэн дээ. “Фауст” олон улсын ямар фестивальд орохоо өөрөө сонгож байна. Би “Фауст”-аа Гётегийн нэрэмжит Германы фестиваль, Европын театрын фестивалиудад сойж байгаа. “Фауст” бол олимпийн наадамд сойж байгаа тамирчин. Олимпод сойж байгаа тамирчныг сумын наадамд барилдуулж болдоггүй биз дээ.

Э.АНХЗАЯА