Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбаттай хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой асуудлын талаар ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлүүд нэмэгдэх болсныг тоон статистикуудаас харж болохоор байна. Бодит нөхцөл байдал ямар байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

 

-2010-2017 онд бүртгэгдсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг 2018-2025 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо мэдээтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо, эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж, бодисын төрөл зүйл олширч нөхцөл байдал хүндэрсэн. Улсын хэмжээнд 2017 оноос хэрэгжиж эхэлсэн одоогийн Эрүүгийн хуульд заасны дагуу сүүлийн есөн жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэд яллагдагчаар татагдан шалгагдсан. Гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Мөн улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 76 гэмт хэрэг бүртгэгдэж, есөн хүн яллагдагчаар татагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 52 буюу 2.1 дахин, яллагдагч гурав буюу 50 хувиар тус тус өссөн байна.

 

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт зөвхөн эрчүүд л холбогддог гэдэг ойлголт байдаг байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ихээр холбогдох болсон гэсэн үү?

 

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсэн. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн есөн жилийн хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар 1141 шийтгэгдсэн. Үүний 992 буюу 88.8 хувь эрэгтэй, 125 буюу 11.2 хувь нь эмэгтэй байна. Дээрх этгээдүүдээс 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүд байна. Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 2-3 удаа ял шийтгэгдсэн 189, 4-5 удаа ял шийтгэгдсэн 13 хүн байна. Харин бусад болон энэ төрлийн гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн зургаан этгээдүүдийг судалгаа гарсны дагуу хяналтад авч ажилладаг.

 

-Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон асуудал гарч байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой нийгэмд учирч буй аюул, хор уршгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Монгол Улсад сүүлийн есөн жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж амь нас хохирсон 49 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нас барсан 26, ахуйн хэрэглээний газ хэрэглэж нас барсан 13, энгийн эмийг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж нас барсан 11 тохиолдол гарсан. Энэ төрлийн гэмт хэргийн аюул, хор уршиг нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эдийн засгийн бие даасан байдал, соёл иргэншил, язгуур ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хувьд 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаагийн хэрэглэх бодис хураан авч, 50 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.

 

-Ямар шалтгааны улмаас хар тамхины гэмт хэрэгт иргэд өртөж хохирч байна вэ?

 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд оногдуулах ялын бодлого сул. Цахим орчин, олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сурталчилсан агуулга бүхий дуу, видео контент, клип зэргийг өсвөр насны хүүхдүүд сонирхон энэ төрлийн бодисыг хэрэглэх сэдэл авах, найз нөхөд, танилын хүрээллийн хэрэглэгч нараас буруу үлгэр дуурайлал авч бусдыг даган дуурайх, сониуч зандаа хөтлөгдөж хэрэглэж байна. Мөн хялбар аргаар мөнгө олох, хор уршгийн талаарх ойлголт мэдлэг дутмаг зэргээс шалтгаалж байна.  

 

-Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байгаа хэдэн Монгол Улсын иргэн байгаа вэ? 

 

-2017-2026 оны байдлаар Монгол Улсын 128 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 92 иргэн хорих ял, 38 иргэн хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 47 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 30 иргэн БНХАУ-д ял эдэлж байна. Харин Монгол Улсад гадаад улсын 10 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас шүүхээр хоёр иргэн хорих ялаар, найман иргэн хорихоос өөр төрлийн ял шийтгэгдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 19 хорих ангид хорих ял эдэлж байгаа 188 хоригдол, цагдан хоригдож байгаа 49 иргэн байна.

 

-Олны анхаарал татсан урлаг, соёлын олны танил, хөрөнгөлөг гэх хүмүүс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, холбогдон шалгагддаг. Энэ талаар тайлбар өгнө үү?

 

-Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт урлаг соёлын гэх тодотголтой 81 хүн, олны танил долоон буюу нийт 88 иргэнд хяналт тавин ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд урлаг соёлын гэх тодотголтой есөн хүн холбогдон шалгагдсан. Үүнээс гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гурав, бусад зургаа нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн тохиолдол байна. Хувь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд зарлах боломжгүй тул ямар нэгэн хүний нэр хэлэх боломжгүй байна.

 

-Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан хэчнээн төрийн албан хаагч байгаа бэ?

 

-Улсын хэмжээнд 2017 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэрэгт нийт 19 төрийн алба хаагч, ажилтан холбогдон шалгагдсан байна. Цагдаагийн байгууллагын ажилтан холбогдсон гэх хоёр хэрэг 7-10 жилийн өмнө бүртгэгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол байхгүй.

 

-Зарим улс орнуудад өвс буюу каннабисын төрлийн ургамлыг тодорхой хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн ургамлыг хэрэглэхийг яагаад зөвшөөрсөн байдаг юм бол?

 

-Яагаад гэвэл энэ төрлийн ургамлыг хэрэглэхийг зөвшөөрсөн улс орнуудын хувьд мансууруулах бодис хэрэглэгчдийнхээ тоо, судалгааг гаргаж чадахгүй болсон. Энэ төрлийн бодис хэрэглэгчдээс үйлдсэн гэмт хэргийн тоо эрс өссөн учраас байгалийн гаралтай зүйлийг маш бага хэмжээгээр зөвшөөрч бусад синтитек гаралтай бодисын хэрэглээг хязгаарлах мөн хэрэглэгчийн тоо судалгааг гаргах боломжтой болж байна гэсэн үг. АНУ хувьд гэхэд бүх муж улсуудаа зөвшөөрдөггүй ба тодорхой муж улсад зөвшөөрөгдсөн байдаг. НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай, 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцуудад хүн хэрэглэхийг хориглосон бодисын жагсаалтаас уг өвсний ургамалд агуулагддаг THC гэх бодис нь хасагдаагүй. 

 

-Тэдгээр улсууд дотооддоо хэрэглэгчдийнхээ тоо судалгааг гаргаж чадахгүй алдсан гэж байна. Тэгвэл манай улсад нийт хар тамхи хэрэглэгч, донтогчдын тоо судалгаа байдаг уу?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын далд хэрэглэгчдийн тоог гаргах аргачлал байдаг. Энэ аргачлалаар 15-64 насны 100 мянган хүн тутмын 2.7 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Манай улсад энэ насны 2.3 сая орчим хүн байгаа. Энэ аргачлалаар тооцож үзэхэд 60 мянга орчим хэрэглэгч байж болзошгүй гэсэн тоо гарч байгаа юм. Мөн нэг хэрэглэгчийн ард 4-6 хэрэглэгч байдаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Манай цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 6000 орчим хүн байна үүнээс тооцож үзвэл 20-30 мянган хүн байж болзошгүй байна гэж үздэг.

 

-Энэ төрлийн бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлж байна гэдэг нь хил дээр хяналт тавих байгууллагын ажил хангалтгүй, хараа хяналт муу байна гэж үзэж болох уу?

 

-Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг хил хамгаалах байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд илрүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллүүд байдаг учир энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

 

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ?

 

-Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд иргэд олон нийтийг холбогдож, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анзаар” аяныг 2025 онд зохион байгуулсан. Энэ онд “Мансууралгүй ирээдүй” аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

-Чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, урсгал нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр ямар ажил хийж байна?

 

-Гадаад нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр тагнуул, гаалийн байгууллагатай хамтарсан хэсэгчилсэн ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Дотоодын нийлүүлэлт, тархцыг таслан зогсоох чиглэлээр “Устгал-2025” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархац тогтоогдсон. Нийслэлийн 16 цэг, 11 аймгийн 1923.9 га талбайд устгалын ажлыг зохион байгуулсан. Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эмийн хууль ёсны эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлтийг таслан зогсоох чиглэлээр “Туншил-2025” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сард зохион явуулж мэдрэлийн гаралтай өвчин намдаах үйлчилгээтэй “тебантин” эм 1000 ширхэг, мансууруулах үйлчилгээтэй “морфин” тариа 28 ширхгийг тус тус хураан авч, хоёр аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулсан.

 

-Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл юунаас болж байна вэ?

 

-Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлахад дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд, найз нөхдийн нөлөө болон бусдыг даган дуурайх, сониуч зангаас үүдэлтэй буруу үйлдэл хийх, эх сурвалж тодорхойгүй мэдээлэлд автах, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хараа хяналт сул, мансууруулах бодисын хор уршиг болон хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг, мансууруулах бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан, олны танил хүмүүсийн дуу, кино, уран бүтээл зэрэг ухуулга, нөлөөлөл, найз нөхдийн хүрээллийг буруу сонгох зэрэг хүчин зүйлээс хамаар ч байна.

 

-Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлснээр ямар үр дүн гарсан бэ?

 

-Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр бодлого боловсруулж, мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар хангаж, удирдан зохион байгуулж байна.

 

Гэмт хэрэгтэй тэмцэх чадавх сайжирч, гадаад, дотоод хамтын ажиллагаа өргөжиж байна. Цаашид энэ төрлийн бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд ашиглагдаж болзошгүй угтвар бодис, түүхий эд болон шинэ төрлийн бодисын эргэлтийг хянах, хууль бус үйлдлийг илрүүлэхэд мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сургах боломж бүрдүүлнэ.

 

Мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэдэг далд хэрэглэгч нарыг илрүүлж, хяналтад авч, сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулж байна. Улсын хэмжээнд далд хэрэглэгч, донтогчдыг тодорхойлох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгааг хийхээр төлөвлөж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн дижитал тоон ул мөрийг илрүүлж, дүн шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад технологийн дэвшлийг нэвтрүүлж, хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтэд мэдээллийг оновчтой хүргэж, эрэлтийг буруулж, дотоод, гадаад хамтын ажиллагаа сайжруулна.

 

-Цаашид ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль бутлагдаад 24 жил болсон тул яаралтай шинэчлэн батлуулж, холбогдох Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

 

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс ирүүлсэн чиглэл,   УИХ-н Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Засгийн Газрын 29-р тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангана.

 

Улсын хэмжээнд далд хэрэглэгч, донтогчдыг тодорхойлох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгааг хийнэ. Олсны ургамал ургадаг 11 аймгийн 5000 орчим га талбайн тархцыг хумих, устгах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын хаант улсуудад цагдаагийн асуудал хариуцсан атташе ажиллуулах саналыг дээд шатны байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэх. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо болон тус хорооны дэргэдэх дэд зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах.

 

-Монгол Улсын Эрүүгийн хуульд ямар зүйл ангиар хар тамхины гэмт хэргийг хуульчилж, ял шийтгэлийн төрөл, хэмжээг яаж заасан байдаг вэ?

 

-Эрүүгийн хуулийн “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” буюу Хорьдугаар бүлгийн 20.7 дугаар зүйл (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, 1-20 жил эсвэл бүх насаар хорих ял, 20.8 дугаар зүйл (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах) зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, 1-12 жил хорих, 20.9 дүгээр зүйл (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших) үйл ажиллагаа явуулах эрхийг 2-5 жил хасах, торгох, зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, 1-5 жил хорих, 20.10 дугаар зүйл (Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах) зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, 1-5 жил хорих, 20.14 дүгээр зүйл (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах), торгох, зорчих эрхийг зургаан сараас гурван жил хязгаарлах, зургаан сараас найман жил хорих ял, 16.2 дугаар зүйлд (Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах) торгох, зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, 1-5 жил хорих тус тус заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

Мөн “Зөрчлийн тухай хуулийн Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” буюу хуулийн 5 дугаар бүлгийн 5.1.3-т мансуурсан бол 100 нэгжээр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.

 

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин