УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар сайдын ажлыг давхар хашиж байгаа гишүүдийн “ачааг хөнгөлөх” асуудал яригдаж, олонхийн саналаар энэ оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс мөрдөхөөр болж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
УИХ-ын хуралдаанаар дээрх шийдвэр гарснаас хойш Засгийн газар огцроно, огцрохгүй гэх хэрүүл цахим ертөнц болон улс төрийн хүрээнд өрнөөд байгаа юм. Твиттер хуудсаар дамжуулан АН-ын зүгээс сөрөг хүчний талд кноп дарсан гишүүд рүүгээ дайрч давшлах болов. Ялангуяа Х.Баттулга сайд болон Ж.Батзандан нар луу илүү дайрч, элдэвлэх болсон байна. 
 
Тухайлбал Х.Баттулга сайд “засаг унагах сонирхолтой байгаагаа” баталлаа гэх мэтээр хэлж байгаа бол Ж.Батзандан гишүүнийг “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэх мэтээр хэлэх болжээ. 
 
Уг хуулийн төсөл анхнаасаа л ямар ч гарцгүйгээр сөрөг хүчний талд шийдэгдэх магадлалтай байсныг улс төр ажиглагчид хэлж байсан юм. Тиймээс л өдийг хүртэл “Завсарлага”-аар аргацааж байсан хэрэг. Намрын чуулганаар энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлгээс завсарлага авч байсан бол энэ хаврын чуулганаар “Шударга ёс” эвсэл завсарлага аван “давхар дээл”-ийн хуулийг хэлэлцэх асуудал удаа дараа хойшлогдсоор байсан билээ. Харин өчигдөрийн хуралдаанаар “Шударга ёс” эвсэл завсарлагаа дахин сунгах санал гаргасан боловч УИХ-ын дарга хүлээн аваагүй юм.  
 
Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх мөн Засгийн газрын бүрэлдэхүүн  Ерөнхий сайдаас бусад гишүүн нь 100 хувь гаднаас байх тухай санаачилсан. 
 
Харин  АН-ын бүлэг хуулийн төсөлд 2016 оны долдугаар сарын 1-нээс гэдгийг Үндсэн хууль зөрчих заалт болох гэж байгааг тайлбарлаж “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх” санал болон “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналууд нь Байнгын хорооноос дэмжлэг аваад байсан юм. Гэвч байнгын хороноос дэмжигдсэн “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх” чуулганы хуралдаанаар дэмжигдсэнгүй. 
 
УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай хуулийг хэлэлцэх явцад МАН-аас мөн хэд хэдэн санал гарсан ч Байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй. УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Сү.Батболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамдын сайдын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох” тухай санал оруулсан. Мөн “уг хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх” санал гаргасан боловч 2014 оны нэгдүгээр сарын 14-нд хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Мөн “Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яам болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн гуравт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; Гадаад харилцааны яам; Сангийн яам; Хууль зүйн яамдыг толгойлох хүн УИХ, Засгийн газрын гишүүн давхар хашиж болох санал” оруулсан. Гэвч уг санал нь мөн л байнгын хороон дээр дэмжигдээгүй юм. Тиймээс өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байнгын хороон дээр дэмжигдээгүй дээрх томьёоллоор санал хураахад олонх нь МАН-ын саналыг хүлээн авав. 
 
Энэхүү хуулийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх саналаар санал хураахад НЭГ хүний саналын илүүгээр хуулийг хэрэгжүүлэхийг УИХ хүлээн авлаа. 
 
Гэхдээ УИХ-ын өчигдөр гаргасан шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахин хэлэлцэнэ. Хуулийг хэлэлцэх явцад төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гараагүй, хуулиын төсөлд зарчмын зөрүүтэй саналууд байгаа учраас саналуудыг байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. 
 
Ер нь бол дээрх саналууд байнгын хорооноос яг энэ зарчмаараа дэмжигдвэл Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Засгийн газрын бүтэц зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болно. Ингэхдээ чиг үүргийн яамны сайд нар нь суудалдаа үлдэх нөхцөл бүрдэх юм. Гэвч Засгийн газрыг Ерөнхий сайдтай нь унагах магадлал бүрдчихлээ. 
 
УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдааны шийдвэрээс хойш АН-ынханы доторх хурцадмал байдал бүр ширүүсч, бужигнаад эхэлсэн байна. Тус нам доторх бүлэг фракцууд өөрсдийн боломжтой гэсэн хүмүүсээ Ерөнхий сайдын сэнтийд залахаар ярьж эхэлсэн тухай ч чих дэлсэх боллоо. Ямартай ч өнөөдрийн байдлаар дараагийн Ерөнхий сайдад Х.Баттулга, Ч.Сайханбилэг, нарын нэр яригдаж эхэлжээ. 
 
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд тийм ч амархан суудлаа тавиад, засгийн газраа тараахгйү шүү гэдгээ хэллээд авсан. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын санал хураалт Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Цаашаа хэлэлцүүлэгтэй, олон процесс хүлээж байна.  Засгийн газрыг огцруулахыг яарч байгаа, хүсэж байгаа хүмүүсийн хувьд хэзээ мөдгүй Засаг огцорчих юм шиг харагдаж байгаа, ойлгогдож байгаа. Гэхдээ тийм юм болохгүй. Нарийн яривал цаашаа Үндсэн хуулийн асуудал хөндөгдөх төвөгтэй асуудал юм шүү дээ. Тийм болохоор УИХ-ын саяны санал хураалт эцсийн дүн бол биш.” хэмээв. Тэгэхээр “Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн тийм ч амархан суудлаа тавихгүй гэдгээ хэлээд байна.
Магадгүй хуульд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай. Гэвч төрийн данхар бүтэцийг өөрчилж, ухаалаг төр бий болгох гэж зорьж буй учир хуульд хорих тавих нь юу л бол. Хориг тавилаа гэхэд түүний хэлж ярьж, хийж байгаа үйлдэл нь худал, хуурмаг болж хувирна. 
Н.Чинзориг