Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан дор өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээний үеэр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсууриас тодруулга авлаа.

 

-Усаа хэмнэхийг олон нийтэд уриалах боллоо. Таны байр суурь?

-Би усаа хайрлаж, хамгаалья гэж байгаад маш их сэтгэл хангалуун байгаа. Надад сүүлийн олон жилийн турш хийсэн усны судалгаа бий. Улаанбаатар хотын жишээ нь дээр ярихад Ус сувгийн удирдах газар хотын усан хангамжийг хариуцсан 1800 гаруй ажилчидтай энэ том байгууллагын олборлож байгаа усны хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй. 2011 оныг 2019 онтой харьцуулахад 1,3 сая шоо метр кубээр бага ус олборсон. Энэ нь усны хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч гэлээ орлого болоогүй, алдагдаж байсан алдагдлыг бууруулсан.

Мөн айл өрхүүд усаа хэмнэж усны тоолуураа идэвхитэй сайн тавиулсан. Нийслэлийн 80 гаруй хувьд нь усны тоолууртай болсон нь усны зүй бус хорогдол нэмэгдэхгүй байгаа. Харин усны байгалиас олборлож буй усны нөөц  сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэгдэж өгөхгүй байна. Хотын усан хангамжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай хамтран гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ, төвлөрсөн шугам сүлжээг нэмнэ, гэр хорооллын ус түгээх байруудын ухаалаг усны шугам сүлжээтэй болгох, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахиж цэвэршүүлээд техникийн зориулалтаар ашиглана гээд маш олон ажлыг хийнэ.

-Орон сууцанд халаалтаа өгөөд удаагүй. Үүнээс үүдэн ус ирэхгүй байна гэх гомдол гарч байна?

-Энэ асуудал харилцан адилгүй гарч байгаа. Тухайлбал, нэг байшингийн нэг хэсэгт халж байгаа мөртлөө нөгөө хэсэгт нь халахгүй байх асуудал гардаг. Энэ нь аалзны тор шиг сүлжсэн шугам сүлжээнээс гарч байгаа асуудал. Төвлөрсөн шугам сүлжээ дулааны компанийн мэдэлд байхад тухайн салбар шугамууд нь орон сууцны шугам сүлжээний мэдэлд, зарим нь хувь айлын мэдэлд байдаг гээд энэ бүгдийг зэрэг угааж цэвэрлэж, солих шаардлагатай зүйлүүдийг хийдэг. Манай орон сууцны ашиглалтын байгууллагаас энэ тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Халуун усаа ялтсан боллуураар халааж айл, өрхүүддээ түгээдэг. Гэтэл амралтын өдрүүдэд бүх айлууд зэрэг халуун усны крантаа нээчихээр нөгөө хүчин чадал нь ачааллаа дийлэхгүй байх асуудал гардаг. Тэгэхээр жигд хэрэглээнд иргэд их анхаарах хэрэгтэй.

-Та түрүүн усыг дахин боловсруулна гэлээ. Энэ талаараа ярьвал?

-Ус цэвэрлэгээний талаар сүүлийн жилүүдэд олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар төв суурин газарт цэвэрлэх байгууламж ихээр баригдаж байгаа. Цэвэрлэх байгууламж нь бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаар дамжуулан усаа дахин цэвэршүүлэхэд орчин үеийн техник технологийг ашиглаад явуулах шаардлага нэн тэргүүний асуудал болоод байгаа. Бохир усыг цэвэршүүлээд эргээд техникийн зориулалтаар ашиглах явдал бол манай улсын хэмжээнд бага түвшинд бий. Америкийн мянганы сорилын корпорацийн буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсад ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Олборлосон цэвэр усаа ундны болон ахуйн хэрэглээнд нийлүүлнэ. Харин цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг дахиж цэвэршүүлээд техникийн зориулалтаар ашиглана.

Манай улсад техникийн зориулалтаар цэвэр усаа хэрэглээд байгаа. Энэ нь ундны усыг үр ашиггүй зарцуулах хэрэглээг л багасгах зориулалттай. Ингэж чадвал маш их усаа хэмнэж чадна. Жишээлбэл, Тэц-4 станцад хөргүүрийн зориулалтаар их хэмжээний ус хэрэглэдэг. Тиймээс үүнд ашигласан усыг дахин боловсруулах технологийг нэвртүүлэх юм. Үр дүнд нь усны нөөц бүрдүүлэх том боломж нээгдэнэ гэсэн үг.