Сүүлийн хорь, гучин жил спорт, урлагийнхныг орой дээрээ залсан, бүхнээс илүүд үзсэн, бахархан хүндэтгэсэн хандлага давлагааллаа. Тэр дундаа уяач, бөх хоёрыг тахин шүтэх үзэл дэвэрч, хэрээс хэтэрсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Хуучин нийгмийн үед уяач, бөх хоёр сураггүй байсан гэх том олзуурхал бий.

Социализмын үед барилддаг, морь уядаг нөхөд хөгжлийн мухар салаа мөчир төдий л байсан юм. Сүүлийн үед уяач, бөх тойрсон хийрхлийг анзаарах нь ээ тэгж сүүлд эрэмбэлж, сүрхий ойшоож үздэггүй байсан нь ч зөв байж. Уяач, бөх хоёрыг мандуулсны горыг өнөөдөр монголчууд бултаараа амсаж байна. УИХ-ын чуулганы танхимд бөх гишүүд тохой нийлүүлж, уяач гишүүд хөөрөг солилцож яваа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг. Хойд хөршийн ДУМ-д булчинтай тамирчид нэг биш нэжгээд бий. Орос манай хоёрт л “бөх бол төр юм” гэсэн гажуу үзэгдэл сүрхий тод ажиглагддаг энэ үзэгдэл дэлхийд бол тохуутай егөө шиг харагддаг нь бас л үнэн.

Монголын төр дэх, УИХ дахь бөх, уяачдын арми ингэсхийгээд намжихгүй нь бололтой. Одоо аймаг, сумын дарга нарын орыг бөхчүүд эзлээд эхэлчихлээ. Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга гэхэд л аймгийн арслан С.Идэрсүрэн. Говь-Алтай аймгийн засаг даргаар аймгийн заан О.Амгаланбаатар томилогдсон. Өмнөговь аймгийн Засаг дарга нь аймгийн заан Р.Сэддорж. Бөх засаг ноёдын жагсаалт ингээд дуусахгүй. Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан, олон улсын хэмжээний мастер, жүдогийн найман удаагийн улсын аварга Б.Ариун-Эрдэнэ ажиллахаар болж байна.

Одоо сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон бөхчүүдийг сонирхъё. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга аймгийн начин С.Шижирбаатар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга аймгийн арслан Э.Саранбаатар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга Монгол Улсын начин А.Батмөнх, Архангай аймгийн ИТХ-ын дарга Монгол Улсын харцага Б.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга аймгийн арслан Азжаргал гэх мэтээр жагсаавал өчнөөн бөхийн нэр ирийж байна. За тэгээд бөх дарга нарын жагсаалт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаар үргэлжилнэ. Есөнбулаг сумын Засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг ажиллахаар болжээ. Говь-Алтай аймгийн Тонхил сум ч бөх Засаг даргатай. Аймгийн начин М.Насанбат энэ сумыг ирэх дөрвөн жил удирдана. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга нь бас бөх. Сумын заан Д.Баттөр сумаа удирдана. Говь-Алтайн сумын бөх дарга нар ингээд зогсохгүй. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргаар сумын заан Ч.Эрдэнэ-Очир ажиллахаар болж. Товчхондоо суманд заан, аймагт арслангууд Засаг дарга болдог цаг ирчихэж. Тийм цаг асар хурдтайгаар айсуй ирж явна.

Өнөөхөндөө аймаг, сумдын засаг ноёд, ИТХ-ын дарга нарын нэрс тодорсоор байгаа. Цаашдаа хичнээн бөх Засаг дарга, ИТХ-ын даргын суудалд тухлахыг хэлэхэд эрт байна. Эднээс юу гарна гэж, эднийг юу хийж амжуулна гэж аймаг, сумыг удирдуулж байгаа юм бол гэж адармаар санагдаж байна. Шуудхан хэлэхэд, тэд юу ч хийж амжуулж чадахгүй. Ер нь хөгжсөн дэвжсэн улсуудын түүхийг анзаарахад номтой, эрдэмтэй, мэдлэгтэй чадалтай технократууд л улс орондоо хөгжил авчирсан байдаг.

Тэгэхээр улс төр дэх бөх, уяачдыг шүтсэн дэмий хандлагаа эргэж харцгаая. Саяхан л гэхэд нэрийг нь буцаасан шүүгчийг уул уурхайн гэж адлаж ч байх шиг. Яг нарийндаа бид уул уурхайн салбараас орж ирсэн доллараар төгрөгөө цаас болгочихолгүйхэн шиг аж төрж яваа улс. Байгаа хэдэн банк нь нийлээд уул уурхайн дунд хэмжээний төслийг ч санхүүжүүлж хүчрэхгүй эдийн засагтай хэрнээ уул уурхайд, гадны хөрөнгө оруулагчдад улсаараа дургүй, хажиг аж төрцгөөдөг нь гашуун ч гэлээ үнэн. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө цалингаа тавьдаг төртэй, уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр ажилладаг сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургадаг хэрнээ идэж буй хоолыг нь олж өгсөн салбараа нүд үзүүрлэж адлаж, эрдэс баялгийн салбарыг унагах харалган шийдвэрүүд гаргаад байдаг нь яаж ч харсан гайхмаар үзэгдэл. Яагаад ийм гайхмаар үзэгдэл төр засгийн зүгээс тод харагдаад байдаг вэ гэсэн асуулт тавиад харъя. Бөх, дуучин, уяач гэх мэт урлаг спортынхонд төрийнхөө жолоог атгуулсан учраас тэр. Бусад шиг хөгжье, дэвжье гэж зорьж яваа бол хамгийн эхлээд хийх ажил бөх дарга нараасаа татгалзах. Тэгж байж л Монгол гэдэг улс уул уурхайгаа хөгжүүлж доллар олж, эрдсээ экспортолж олсон доллараараа бусад салбараа өөд нь татаж чадна.