Хүн төрөлхтний арга ухаан, эв нэгдэл, бэлэн байдлыг дээд зэргээр шалгаж буй сорилт бол “Ковид-19” цар тахал. Дэлхийн өнцөг булан бүрд аюулт өвчнийг хохирол багатай давах гэж чадах чинээгээрээ хичээж байна. Манай улс ч нөөц боломж, бодит нөхцөлд тулгуурлан олон арван ажил хэрэгжүүлсээр ирсэн. 

Тодруулбал, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагатай тохиолдолд ниитийг хамарсан хөл хорио тогтоон, харийн орноос иргэдээ татах, тусгаарлан ажиглах зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулж буй. Үүний үр дүнд өчигдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй цөөн орны тоонд багтаж байлаа. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илэрснээр нөхцөл байдал өөрчлөгдөв.

Тус жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас дөрөв хоногийн дараа “Ковид-19” илэрсэн юм. Улмаар Улсын онцгой комисс 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний 12 дугаар тогтоолоорУОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. 

Өглөөг хөл хорио, дотоодоос халдвар илэрсэн тухай мэдээгээр угтсан иргэд айж, сандарсан нь илт. Хөл хориог сунгах эсэх батлагдсан тохиолдлын шинжилгээний хариуг харуулдан сууна. Түүнчлэн мах, гурил зэрэг нэн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн эхлэв. Үүнийг даган өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Иймд бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. 

Ерөөс энэ орчинд өндөржүүлсэн бэлэн байдал, орон даяар зарласан хөл хорионы дэглэм хэрэгжихгүй байгаа нь хамгийн аюултай. Нэгэнт дотоодоос халдварын тохиолдол илэрч, ойрын хавьтлын хариу бүрэн гараагүй байгаа энэ үед олон хүн нэг дор цугларах нь халдвар тарах магадлалтай. Худалдааны төвийн хаалгаар нэвтрэхэд халуун хэмжих, гар ариутгах гэх мэтчилэн наад захын эрүүл ахуйн дэглэм хэрэгжсэнгүй. Түүнчлэн иргэд, үйлчлүүлэгч, худалдагч нар мах эвдэж, гурил будаа савлах зэрэг үйлдэлдээ түүртэн эрүүндээ углах, хамраа далдлаагүй зэргээр амны хаалтыг ёс төдий зүүсэн байлаа.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ АЛДАГДАЖ БАЙНА

Дэнжийн 1000 руу дөхөх тусам авто замын ачаалал ихсэж байлаа. 39 дүгээр сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах тийш эргэвэл , замын хөдөлгөөн удааширч, урт дараалал үүсэв. Харин эсрэг талын эгнээ хоосон шахам байх бөгөөд зам дагуу 2-3 цагаан тортой хүнсний бүтээгдэхүүн барьсан иргэд такси барихаар гар өргөн зогсож харагдана. Худалдааны төвийн хаалганы дэргэд ирвэл хөл гишгэх зайгүй хүн, машин цугларчээ. Шуудайтай, шуудайгүй хонины гулууз мах мөрлөсөн залу ус, боодол ариун цэврийн цаас, хэд хэдэн тортой ургамлын тос, хүнсний ногоо барьсан эмэгтэйчүүд хай сайгүй. 

Зарим нь гэр бүлээрээ яваа бололтой дөрөв, тавуулаа цувран, цуглуулсан хүнсээ дамжлан алхана. Үүний хажуугаар төмөр тэвшин дээр хонь үхрийн мах, гурил будаа ачсан худалдаачид “Зам тавиарай” хэмээн хажуугийн хүнээ дайрах шахам, дэргэдэх машинаа шүргэх нь холгүй явна. Гагцхүү тэргээ тун чадамгай жолоодох тул осол аваар гарахгүй юм. Мөн цагаан хоолойгоор “Нийт худалдан авагч, түрээслэгч нарын анхааралд: ХАА-н мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт хангалттай байгаа тул зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг Шонхор худалдааны төвийн дотоод хяналтын албанаас анхааруулж байна” хэмээн арван минут тутам зарлана. 

 

Гэвч уг зөвлөмжийг сонсож, хэрэгжүүлж буй хүн нэгээхэн ч үгүй. Даах тэнхээгээрээ ачаа бараа зөөн гүйх хүмүүсийг харахад дайны хөлд нэрвэгдэгсэд хаашаа ч юм ум хумгүй зугтаж буй мэт төрөх аж. Аль эсвэл цагаан сарын өмнөх өдрүүдийн дүр зураг мэт. Ерөөс энэ орчинд өндөржүүлсэн бэлэн байдал, орон даяар зарласан хөл хорионы дэглэм хэрэгжихгүй байгаа нь хамгийн аюултай. Нэгэнт дотоодоос халдварын тохиолдол илэрч, ойрын хавьтлын хариу бүрэн гараагүй байгаа энэ үед олон хүн нэг дор цугларах нь халдвар тарах магадлалтай. 

Худалдааны төвийн хаалгаар нэвтрэхэд халуун хэмжих, гар ариутгах гэх мэтчилэн наад захын эрүүл ахуйн дэглэм хэрэгжсэнгүй. Түүнчлэн иргэд, үйлчлүүлэгч, худалдагч нар мах эвдэж, гурил будаа савлах зэрэг үйлдэлдээ түүртэн эрүүндээ углах, хамраа далдлаагүй зэргээр амны хаалтыг ёс төдий зүүсэн байлаа. Гэхдээ анхны удаагийн хөл хорио биш. Өмнө ч ийм байдал үүсэж байсан. Иргэд, бодлого боловсруулагчдын хэн хэн нь туршлага суусан байх учиртай сан. Өнгөрсөн хугацаанд хүнсний хомсдол үүсээгүй учраас иргэд тайван хандана гэж эрх баригчид найдав. Өвчин бүр гаарлаа хэмээн иргэд сандрав. 

Тандалт, судалгааны гурав хоног гэдгийг ойлгосонгүй юү. Ямартай ч онцын шаардлагагүй бол гэртээ байх ёстой иргэд зах, худалдааны төв дотор хашаатай хүн шиг чихэлдэж байна. Тэдний дунд эрсдэлтэй, халдвартай хүн хэд байгааг таашгүй. Гагцхүү хоорондоо гар барих, шүргэлцэх цаашлаад гэртээ харих нь үнэн. Хэрэв хэн нэгнээс нь халдварын тохиолдол бүртгэгдвэл хавьтлыг нь илрүүлэх, тандаж судална гэдэг өвсөн дотроос зүү хайхаас бэрх болно. Цаашид зах худалдааны төвийн цагийн хуваарь, үйлчилгээний горимд нь анхаарахгүй бол горьгүй нь ээ.

ИРГЭД: ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

“Хүчит шонхор” худалдааны төвийн лангуу, булан тохой бүр хүнээр дүүрчээ. Аль нэг лангууны дэргэд удаахан зогсож, үнэ ханш лавлах боломжгүй. Арын хүн яаруулж, бусдаасаа өрсөж худалдан авах гэж давшилна. “Үхрийн гуяны цул мах хэд вэ. Хонины гулууз авъя” гэх амны уншлага болтол чихэнд сонсогдох аж. 

Үхрийн хаа гуя, хонины гулуузыг үнэ хаялцах шахам авах эрхмүүдийн хажуугаар энгэрийнхээ халаасыг хэдэнтээ тэмтэрч, лангуу бүрээс үнийг нь лавлах хөгшид цөөнгүй харагдав. Энэ тухай Чингэлтэй дүүргийн иргэн н.Мягмардорж гуай “Би өчигдөр 17:00 цагийн үед захаар ороод гарахад нам жим байсан. Мөнгө муутай явсан болохоор махны үнэ судлаад буцсан юм. Өнөөдөр таван төгрөг олоод иртэл кг нь 1500-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн цул мах 11-13 мянган төгрөгийн үнэтэй байна. Хонины мах 5500-7000 болжээ.

Манайх Долоон буудалд байдаг. Тэр хавьд бүр дийлдэхгүй үнэтэй болж байгаа юм байна даа” гэж ярив. Тэрбээр “Улс, амьтан хамгийг нь дуусгачихсан юм шив дээ. Өчигдөр л бөөн махаа авдаг байж” хэмээн ханьтайгшаа хөөрөлдсөөр цааш хөдөллөө. Үнэхээр ч 10:00 цагийн үед тус худалдааны төвийн махны лангуунуудын цөөнгүй нь борлуулалтаа дуусаж, цэвэрлэгээ хийж харагдсан юм.

Мах авахаар дугаарлан зогсох зуураа гурилын үнэ өссөн тухай ярилцаж, юу авахаа зөвлөлдөн зогсоо хос бол н.Болорсайхан, н.Батбаяр нар байв. Тэд “Хүнсээ нөөцөллөө гэж иргэдийг буруутгах юм. Өдөр өдөртөө хүнсээ залгуулдаг айл олон бий шүү дээ. Тэгээд ч гэртээ байх, дархлаагаа дэмжихийн тулд хоол хүнс хэрэгтэй. Засгийн газраас хүнсний хомсдол үүсэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж зарласан. Гэвч ганц шөнийн дотор яаж өсөж байгааг нь харж байгаа биз дээ. 

Дөнгөж сая 25 килограммын шуудай гурил 29000 мянган төгрөгөөр авлаа. Дээрээс нь, өчигдөр 5200 байсан хонины мах өнөөдөр 7500 төгрөг гэж байна. Арай дэндүү юм. Төр засгаас зохицуулах хэрэгтэй. Зах, худалдааны төвүүдэд ирж бодит нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй шүү дээ” гэсэн юм. 

 

Түүнчлэн уулзаж, ярилцсан иргэдийн ихэнх нь “Хэрэв хөл хорио тогтоосон ч бараа бүтээгдэхүүний үнэ өсдөггүй бол бид ингэж яарч, сандрахгүй шүү дээ. Гэтэл ганцхан өдрийн дотор мах килограмм тутамдаа 2000-2500 төгрөгөр нэмэгдсэн байна. Цаашдаа улам нэмэгдвэл авч дийлэх хүн олдохгүй. Төр засгаас үнийн хөөрөгдөлтөд анхаарч, зохицуулах ёстой” гэж байсан юм. Ташрамд дуулгахад, тус захад төмс кг нь 700, лууван 1000, сонгино 1200, байцаа 1000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД: ИРГЭД ӨӨРСДӨӨ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭДЭГ

Үүрийн гэгээнээс ажил нь эхэлж, өдөржин олны хөлд дарагдсан худалдаа эрхлэгчид ядарсандаа тэр үү, яагаад үнэ өссөн тухай асууна гэж халширсан уу ямартай ч яриа өгөхөөс цааргалж байлаа. Үйлчлүүлэгчийн хувиар үнэ ханш тодруулахад, худалдагч н.Отгонбаатар “Үхрийн мах кг
нь 11000 мянга. Хөдөөнөөс ирэх хөдөлгөөн хаагаагүй тул махны нийлүүлэлт тасрахгүй. Манайх Хэнтий, Булган аймгаас махаа авдаг. 

Мах нөөцөлнө гэсэн ойлголт байхгүй. Өдөр өдөртөө таталт хийж, борлуулдаг. Үнэ өсөөгүй гэсэн юм” Гэвч иргэд махны үнэ кг нь 2000-2500 төгрөгөөр өссөнийг гэрчилж буй. Чухам ямар шалтгааны улмаас үнэ нэг шөнийн дотор ийн нэмэгдсэнийг тайлбарлах хүн олдсонгүй. Тэр байтугай үгүйсгэж байлаа. Энэ талаар зохих байгууллага үнэн мөнийг тогтоох биз.

Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн худалдагч “Биднийг үнээ нэмлээ гэж хэвлэлээр нэг зарлах юм. Иргэд өөрдөө үнийн хөөрөгдөл үүсгэдэг шүү дээ. 06:00 цагаас хойш зах ийм байдалтай байна. Лангуун дээр байгаа махыг өөрсдөө ууталж байна. Би түрүүлээд мөнгөө төлчихье гэх мэтчилэн үнэ хаялцах нь холгүй давшилдаг. Махны үнэ хэвэндээ байгаа. 

Мэдээж, энэ олон дунд ганц, хоёр мянган төгрөг нэмж зарах хүн байгаа л байх. Ченж ч гэсэн таван цаас олж, амьдрах гэж зүтгэж яваа шүү дээ. Хэрэв иргэд ингэж ухаан сөхөөгүй дайрч, зохиомол эрэлт үүсгэхгүй бол бүх зүйл хэвийн байна. Өвөл үүнээс удаан хугацаагаар хөл хорио тогтооход махны хомсдол үүсээгүй шүү дээ. Мах бол онцгой бүтээгдэхүүн. 

Өчнөөн сая малтай улс яаж ийгээд зохицуулна. Иргэд өөрсдийнхөө ухамсар, хандлагаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм. Түүний товчхон хариулт энэ өдрийн нөхцөл байдлыг үнэн төрхийг нэгтгэн дүгнэв гэлтэй. Гурав хоногийн хөл хорионы онцлог нь тандалт, судалгааны хугацаа. 

Энэ хугацаанд халдвар тээгчийн хавьтлыг илрүүлэх, шинжилгээнд хамруулснаар улс үндэстнээрээ цар тахлын голомт болохоос урьдчилан сэргийлэх учиртай. Үүний тулд хөл хорио тогтоож, иргэдийг гэртээ байхыг зөвлөж буй. Гэвч иргэд хөл хорионы тухай дуулмагцаа хамгийн том шуудайгаа бариад захыг “дайлаар мордож” гэлтэй. Улсын онцгой комисс, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг мянгантаа зарлаад ч тусыг эс олов. Үнэ өсөхгүй хэмээн амладаг ч нэг өдрийн дотор орвонгоороо эргэдэг тул иргэдийн үнэмшил буурсан ч байж, магад.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН