Хүмүүс сайхан харагдахын тулд олон зүйлд их, бага гэлтгүй тодорхой хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг.

Охидын гоёлын нэг чухал хэрэгсэл нь нүдний  линз болсон. Контактный линзийг зөв, буруу янз бүрээр хэрэглэснээс болж нүдээ гэмтээх, эрүүл мэндээрээ хохирох асуудал цөөнгүй гарч байна.  Уншигч та хэрвээ линз зүүдэг, зүүхээр төлөвлөж байгаа бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахад гэмгүй юм. УКТЭ – ийн нүдний их эмч Д.Сайнбилэгийн ярианд та бүхний анхаарлыг хандуулая.

Линзийг зөв хэрэглэхийн тулд тогтсон журам , заавар гэж байдаг уу ?

Хүмүүс эрүүл мэндийн боловсрол муугаасаа болж өөрсдөө дур мэдэн контактный линз  аваад зүүчихдэг. Ялангуяа охидууд гоёлын линз авдаг.  Тэрийгээ хамаагүй, замбараагүй зүүдэг. Линзийг өдөрт хэдэн цаг зүүх, яаж зүүх, яаж авах вэ гэдэг чинь ном журамтай. Тэгэхээр норм, журмаар нь зүүгээгүйгээс болж нүдээ хоёрдогчооор үрэвсүүлээд  өвтгөөд байна.

Хоёрдогчоор үрэвсүүлнэ гэж юу гэсэн үг бэ?

Гадны нөлөөллөөр нүдээ өвчлүүлээд байна гэж ойлгож болно. Нүд бол маш чухал эрхтэн учраас хайрлах хэрэгтэй шүү дээ.

Охид бүсгүйчүүд линзийг хараа муутайдаа биш, гоёж гангарах гэж зүүх нь элбэг байдаг шиг байгаа юм. Тэгэж болох уу?

Контактный линз бол дотороо олон төрөлтэй. Эмчийн заавраар зүүдэг харааны контактный  линз , гоёлын линз гэж байна.  Гоёлынхыг нь эмч зүү гэж зөвлөгөө өгдөггүй. Тиймээс охидуудад сургуулиар нь ч юм уу нэгдсэн журмаар ойлголт өгөх хэрэгтэй. Эмч нар энэ асуудлыг хянаж чадахгүй байна.  Харин харааны линзийг  харьцангуйгаар хараа муутай хүмүүс манай амбултороор ч юм уу, дүүргийн эмнэлэгтээ үзүүлээд авч байгаа. Монголын цаг агаар , уур амьсгал нь контактный линз зүүхэд тохиромжтой биш. Хуурай , шороотой үе ихтэй учраас нүдийг улам үрэвсүүлэх шалтгаан болдог.  Контактный линзээ өдөр шөнөгүй зүүгээд байх тохиолдол байна. Тэр нь буруу.

Тэгээд яаж зүүх ёстой юм бэ?

Өдөрт 6 – 8 цагийн хугацаанд л линз зүүж болно.  Гэтэл хүмүүс өглөө зүүчихээд өдөржингөө яваад заримдаа линзтэйгээ унтах тохиолдол байна. Хамгийн гол нь нүдээ үрэвсүүлэхгүй , өвтгөхгүй байхын тулд линзний ашиглалтын хугацааг харах хэрэгтэй. Манайхны авч байгаа линз  нэг жилээс жил хагасын хугацаатай байдаг.  Гэхдээ европын орнуудаар явж үзэхэд нэг жилийн хугацаатай линз гэж огт байдаггүй. Өдрөөр эсвэл сараар хугацааг нь зааж өгсөн байдаг.  Гэтэл манайд тийм зүйл огт байхгүй. Нэг линзээ бохир , цэвэр нь хамаагүй зүүгээд л байдаг.  Энэ нь халдвартай өвчин тархах нэг шалтгаан болж байгаа. Энэ мэт хүмүүсийн буруу хэвшил, хайхрамжгүй байдал л их нөлөөлж байна.

Линз сонгож авахдаа юуг анхаарах вэ ?

Харааны контакт линзийг эмчийн жороор өгдөг. Хүний нүдэнд нь таарсан линз өгдөг. Гэхдээ Монголд ийм журам байдаггүй. Линз тодорхой диаметртэй байдаг. Том нүдэнд үү, жижиг нүдэнд үү гэдгээс шалтгаалаад янз бүр байдаг. Хүүхдэд зүүлгэх үү, настай хүнд зүүлгэх үү гээд ялгаатай. Тэрийг уул нь эмч хэлж өгөх ёстой. Тэгтэл манайд тийм юм байхгүй. Зүгээр л аптект ороод тэдэн номерийн линз авъя гээд авчихдаг. Яг л антибиотик авдагтай адилхан. Гоёлын линзийн хувьд ямар ч хяналт байхгүй. Өөрөө мэдэг гээд л орхиж байна. Тийм болохоор яг ингэж сонгож авна гэж хэлэхэд хэцүү байна. Гол нь линзээ сонгож авахдаа зохих журмаар нүднээсээ авч зүүж сурах, зориулалтынх нь шингэнд хадгалах ёстой, зайлдаг уусмалаар нь угаах ёстой. Контактный линз байнга зүүдэг хүн нүдний эмчийн хяналтанд байх ёстой.  Өөрийн нүдэнд тохирох хэмжээ, диаметртэйг авч хэрэглэхгүй.

Би бол олон удаа харж байсан юм байна. Охидууд линзээ хаана ч хамаагүй бохир гараараа гаргаж аваад л буцаагаад хийж байгаа харагддаг. Ингэж болох уу?

Линзээ хоорондоо сольж зүүх асуудал охидын дунд их байдаг. Энэ бол ёстой болохгүй, халдвар тарна шүү дээ. Линзийг авч зүүхдээ эхлээд гараа савандаж угаана. Дараа нь линзээ чимхүүрээр аваад хурууныхаа өндгөн дээр тавьж суулгана. Ингээд өдрийн лимит болох 6 – 8 цаг болмогц гараа цэвэрлээд авч уусмалаараа угаагаад, дараа линз хадгалах саваа угааж хатаагаад шинэ уусмал хийж линзээ хийгээд хонуулах ёстой.  Нэг өдөр хэрэглэх хугацаатай линзийг зүүгээд орой шууд хогийн сав руу хаях ёстой. Тэгтэл хаядагггүй дахин дахин зүүгээд л байдаг. Угаасаа бохир агаартай харьцаж байгаа учраас бохир нян, тоос шороо ороод нүд үрэвсүүлээд байдаг.

Линзний буруу хэрэглээнээс болж ямар , ямар төрлийн өвчин үүсдэг вэ ?

Нүдний салст бүрхүүлийн хурц болон архаг  үрэвсэл үүсгэнэ. Нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл нь хамгийн ноцтой. Эвэрлэг бүрхүүл гэхээр нүдний хар хэсгийг хэлж болно. Эвэрлэг бүрхүүл үрэвсэх нь хүний хараанд маш ноцтой нөлөөтэй. Бүр цаашлаад сохорч ч мэдэх аюултай. Үүнээс болоод сохорч байсан, нүдээ авхуулж байсан хүмүүс зөндөө байдаг. 

Саяхан нэг хүн линз зүүсэн үедээ үсээ сэнсдэж байгаад линз нь хайлж нүдээ гэмтээсэн гэж сонссон. Ер нь линзтэй хүн нүдээ цохиж бэртээвэл линз нь яах бол?

Линз чинь өөрөө усанд хадгалах зориулалттай. Сэнсээр үлээлээ гээд линз хайлна гэж байхгүй. Линз өөрөө тийм бүтэцтэй. Материал нь тийм хайлахаар биш. Гэхдээ санаандгүй үсний сэнс ч юмуу хүчтэй юм үлээсэн газар хүрэх юм бол нүд өвдөнө. Яагаад гэвэл шингэн байх зориулалттай линзийг хэсэг хугацаанд халуунаар үлээчихээр нүд хуурай болоод нүдийг холгож  өвтгөдөг. Линз өөрөө уян материалтай учраас хүчтэй цохилт энэ тэрд айхтар муу нөлөө үзүүлэхгүй. Анх контактный линз үүсэхдээ тамирчдад зориулж үүссэн гэдэг. Тамирчид дунд хараа муутай хүмүүс тодорхой хэмжээгээр байдаг учраас линзийг хэрэглэдэг. Тэгэхээр тамирчид бэлтгэл сургуулилт, тэмцээний үеэр нүдэндээ гэмтэл авах өргөн боломжтой байдаг. Тийм болохоор юманд хүрэх, санаандгүй цохих  тохиолдолд муу нөлөөгүй.  Уян хатан зөөлөн бүтэцтэй учраас нүдэнд үзүүлэх шууд нөлөө байхгүй.

  Линз зүүсэн хүн юуг анхаарах ёстой бол?

Линз зүүчихсэн байхдаа анхаарах зүйл гэвэл зүүгээд гудамжинд алхаж явахад чинь гэнэт шороо босоод , шуураад ирвэл линзээ тэр дор нь авах ёстой. Зайлшгүй цэвэрлэж зүүнэ. 

Эцэст нь та хараа муутай гээд линз зүүж байгаа хүмүүс болоод гангарах гэж зүүдэг охид хүүхнүүдэд хандаж юу хэлэх бол?

Манайх шиг хуурай уур амьсгалтай газар линз зүүх үнэхээр хэцүү. Линз зүүж байхад нүд торж өвдөөд улайгаад, нулимс гарах юм бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Нэг хэсэг линз зүүж байгаад нүд улайгаад болохоо байгаад болисон гэж  ярьсан хүмүүс их орж ирдэг.  Тэгэхээр линз байнга зүүдэг хүмүүс нүдний эмчид яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй. Зүүх, зүүхээ болих эсэхийг чинь эмч шийднэ. Эмчийн зөвлөгөөгүйгээр битгий зүүгээч ээ гэж хэлмээр байна.

Т.Түвшинсайхан