Өнгөрсөн хавар УИХ-аас коронавирусийн цар тахлын эсрэг түр хууль баталсан нь өдгөө хугацаа нь дуусах гэж байна. Уг хууль нь Коронавиурст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн урт нэртэй.

Хавар дөрөвдүгээр сард батлаад он дуустал үйлчлэх түр хууль. Монголчуудын нэг хэлц үг байдаг. Сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар гоохолзоно гэж. Үүн шиг л юм боллоо. Дэлхийг нийтээр нь түгшээж байгаа цар тахлыг эхэндээ бид боломжоороо сайн хамгаалж, хууль хүртэл гаргаж мөрдүүлээд байсан юм. Ковидын халдвар гараагүй байхад хатуу хөл хорио тогтоож, Цагаан сараа хүртэл хийгээгүй юмдаг. Төрийн наадмаа ч олон хүн бөөгнүүлж цуглуулахгүй гэж арай өөр хэлбэрээр хийсэн. Цар тахал гарлаа гэхэд олноороо цуглаж хавтгайдаа өвдчихгүйхэн шиг байя гээд эхэндээ энэ мэт сүрхий л байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр манайхны өнөөх “яав л гэж” хэмээх хайнга залхаг зан нь дээрээ ч, дороо ч хаа хаанаа сэдэрчээ. “Монголд ковид орж ирэхгүй, ирсэн ч үхэхгүй” гэдэг тэнэг зангаар хэдэн сарынхаа хүч хөдөлмөрийг юу ч үгүй болгоод хаячихлаа. Үнэндээ монголчуудын “яагуузай” гэдэг залхаг зан хуулийг давж гарлаа. Хууль гараад ч нэмэр болсонгүй. Хилээр шинжилгээгүй хүмүүс орж гарч л байдаг, тусгаарлалтад байгаа хүмүүс нь нийлээд найрлаж суусан гэхээр өнөө хуулийн хэрэгжилт ямархуу болж завхарсан нь тов тодорхой. Түр хуульд зааснаар УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр иргэдийн бөөгнөрлийг тодорхой журмын дагуу зохицуулсан. Бусад бүхий л төрлийн олон нийтийн арга хэмжээг хориглосон байсан. Хэдийдээ хэний тушаалаар тэр бүгдийг нээгээд, бужигнаад эхэлсэн, яагаад хууль хэрэгжүүлэгчид нь дуугараагүй вэ гээд асуудлууд өнөөдөр ар араасаа гарч ирж байна.

Үнэндээ ковидыг дотооддоо алдсан нь хуулийг яг таг хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг бидэнд тодорхой ойлгуулж өглөө. “Монголын хууль гурав хоног” гэдэг золбин ойлголтоосоо салах ёстой гэдгийг мэдрүүлэв. Хэдэн зуугаараа ковидын халдвар авчихаад, үхэх сэхэхийн даваан дээр хэд нь эмчлүүлж байж, хуулиа л дагадаг байж гэж амаа барьцгааж байна. Магадгүй ийм байдалд ороогүй бол “дэмий хууль гаргасан юм” хэмээн хашгирцгааж байгаа биз.

Ямартаа ч сүржин эхэлсэн ажил маань даржин дууслаа. Дотоодоо халдвар алдчихсан, нийтээрээ хөл хорионд ороод эдийн засаг нь таг зогсчихсон өнөөдрийн нөхцөлд түр хуулийн хугацаа дуусах дөхөж байна. Мэдээж сунгана биз. Уг хуулинд гадаадын дэвшилтэт арга туршлагыг судалж, дотооддоо хэрэгжүүлэх тухай нэг заалт байна билээ. Тэгвэл одоо бүтэн жилийн турш дэлхий нийтээрээ яаж амьдарч, эдийн засгаа хэрхэн сүйрүүлэлгүй авч үлдэж байгаа хамгийн сайн туршлагыг хуулиндаа тусгамаар байна. Таг хөл хорих биш, сайн хамгаалж, зэрэгцэн амьдрах гэдэг хувилбарыг хуулиндаа оруулахгүй бол эдийн засгийн үндсэн судаснууд болох том, жижиг компаниуд хаалгаа бариад дуусах нь. Хавар баталсан түр хуулиа хэрэгжүүлдэг бол энэ талын судалгаанууд аль хэдийнэ бэлэн болсон байх учиртай. Түүний аль таарахыг нь авч хуулинд суулгахаа хэлэлцээд л болно.

Европын холбоонд багтдаг улсууд хөл хориог үе шаттай хийж байгаа харагдаж байна. Тахлын ид дэгдэлтийн үеийг тооцоолж, хоёроос гурван долоо хоног хөл хориод буцаагаад нээж байгаа. Хүмүүстээ маск зүүж, хоорондын зайгаа барихыг шаарддаг. Ингэж эдийн засгийн урсгалаа хэвийн хэмжээнд байлгах арга чарга сэдэж байтал вакцин гарч ирнэ гэж тооцож байгаа болтой. Тэнд ковидтой зэргэцэн амьдарч байна, хамгийн эрсдэл багатайгаар. Үүнийг бид хөрсөн дээрээ буулгаж авмаар байх юм. Түүнээс биш хуулийг ард түмнийг номхон томоотой байлгах бороохой болгож баталмааргүй байна. Монголын хууль хэн нэгэнд зориулагдсан, эрх ашгийг нь хамгаалсан шинжтэй гардаг гэдгийг ШЕЗ-ийн дарга байсан хүн саяхан ярилцлагадаа дурдсан байсан. Хэдэн төгрөгийн цавчаа, эрх мэдлийн төлөөх улайрал зэрэг хувийн жижиг жижигхэн эрх ашгаа түр хойшлуулаад гайгүйхэн хууль гаргачих сэтгэл болон зүтгэл шинэ гишүүдэд байгаа гэдэгт итгэж найдахаас өөр арга алга. Одоогийн УИХ-ын гишүүд энэ бүхнийг бодолцож, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн шинэ хууль батална биз ээ.

Эцэст нь хэлэхэд, сахилга, хариуцлагыг хаа хаанаа алдсан гэж дээр доргүй ярьж байна. Тэр хүмүүстээ хариуцлагыг нь үүрүүлээд явуулсан дараагийн ажилд тустай гэдгийг сануулах юун. Хариуцлага тооцно, гэхдээ арай болоогүй гэж шадар сайд хэлээд байгаа харагдсан. Алдаа гаргасан жанжид дайны талбар дээр байсаар байвал тэр арми яаж ялах билээ. Ялагдсаар л байх биш үү.

О.ТУЯА