П.АМГАЛАНБАЯР

Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосноос хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч цар тахалтай холбоотойгоор импортоор ирдэг зарим бүтээгдэхүүний хомстол үүсэж, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэл нүүрлэсэн нь нууц биш. 

Хэдийгээр энэ сарын 14-ний өдрөөс нийслэлд хорио цээрийн дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ховор, үнэ нь нэмэгдсэн байна гэх иргэдийн мэдээлэл их байна. Тухайлбал, өндөг, нарийн ногооны хомстол үүслээ, эх орондоо тариалж, эко хэмээн зардаг ч урд хөршөөс авчирдаг бололтой гэх гомдлын мөрөөр бөөний төв болон хүнсний дэлгүүрт нөхцөл байдал ямар байгааг сурвалжилсан юм.

Бидний эхний очсон газар “Бөмбөгөр” худалдааны төв. Бүх нийтийн бэлэн байдлын үетэй харьцуулахад, хөл хөдөлгөөн харьцангуй ихэсжээ. Үүдээр ороход хамгаалалтын хувцас өмссөн угтагч эмэгтэй, хүмүүсийн биеийн хэмийг нэг бүрчлэн шалгаж байлаа. Тус төвөөр үйлчлүүлэгчид, “барааны тасаг хэзээ нээгдэх вэ” гэж асуух нь их байгаа нь анзаарагдсан. 

Иргэдээс ирсэн гомдлыг нягтлахаар зорьж очсон учраас “өндөг өглөө ирээд дууссан” гэх яриаг чихнийхээ гадуур өнгөрүүлсэнгүй. “Бөмбөгөр” худалдааны төвийн 152 тоот лангуунд дээр өндөг зардаг гэж заалгаад очсон ч, худалдагч эмэгтэй “өндөг маш бага хэмжээгээр ирээд дуусчихаад байгаа” гэх хариултыг өгч байхтай таарлаа. 

Тус лангууны худалдагч Г.Цэнгэлмаа, “Манайх “НВЦ буюу “Баян”-аас өндгөө авдаг. Өмнө нь үйлдвэрээс бөөний үнээр буюу 340-350 төгрөгөөр авдаг байсан ч арванхоёрдугаар сараас үнэ нь нэмэгдэж, 380 төгрөг болсон. Бид 400 төгрөгөөр худалдаалж байна. “Баян”-гийнхан өдөрт нэг л удаа түгээлт хийж байгаа. Нэг удаадаа нэг хайрцаг буюу 360 ширхэгийг өгч байна. Манай худалдааны төвд өндөг борлуулдаг цөөнгүй лангуу бий. Бүх лангуунд яг ядилхан нэг хайрцаг өндөг өгч байгаа ч өглөө ирсэн даруйдаа дуусаж байна” гэлээ.

Худалдан авагч Д.Оюунчимэг, “Манайх долоо хоногийн хүнсний хэрэгцээндээ арван ширхэг өндөг хэрэглэдэг. Нэг ширхэг өндгийг 360 төгрөгөөр авдаг байсан. Ихэвчлэн “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлж, хүнсээ бөөндчихдөг юм. Гэвч сүүлийн үед “Ковид-19” халдвар тархсантай холбоотой хил гааль хаагдаж, ОХУ-аас өндөг оруулахаа больсон бололтой. Ховордсон төдийгүй үнэ нэмэгдээд ширхэгийг нь 400 төгрөгөөр худалдаж авч байна” гэв. 

Бид тэндээс гарч “Барс” худалдааны төвийг зорилоо. Энгийн үетэй адилхан худалдааны төвийн гадаа гурил, будаа зэрэг бараа зарагдаж л байв. Ойролцоох лангууны худалдагч нараас өндөг байгаа эсэхийг лавлахад, “Өглөө ирээд дууссан, ер нь сүүлийн үед өндөг ховор байгаа. Тэр хэрээр өндөг авах гэж асуусан хүмүүс их байна” гэсэн хариултыг өгсөн.Худалдан авагч М.Мөнхзул, “Өнөөдөр хүнсээ цуглуулж явна. Өндөг авъя гэсэн байдаггүй. 

Ер нь арванхоёрдугаар сараас хойш ховордоод байгаа. Долоо хоногийн өмнө 400 төгрөгөөр худалдаж авсан ч өнөөдөр олдохгүй бололтой.” гэлээ. Тэндээс гараад бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэдийн нэрлэдгээр хүнсний дөрөв гэгддэг “Хүнсний дэлгүүр” гэсэн хаягтай дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүрийн худалдагч Г.Сүрэн “Манайх “Түмэн шувуут” компаниас өндгөө авдаг. Өнөөдрийн түгээлт ирээгүй байна” гэлээ.

С.ДУЛАМСҮРЭН: ОРОСООС ӨНДӨГ ОРЖ ИРЭХГҮЙ БОЛОХООР МАНАЙ НИЙЛҮҮЛЭЛТ ИХЭССЭН 

Бид “Түмэн шувуут” компанийн маркетингийн менежер С.Дуламсүрэнтэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Манайх зах зээлд өдөрт дунджаар 250 мянган өндөг нийлүүлж, задгайгаар 340 төгрөгөөр борлуулдаг. Ер нь арванхоёрдугаар сард бялуу, нарийн боовны эрэлт их болдог учраас дагаад өндөгний хэрэгцээ ч ихэсдэг. Уг нь нарийн боовны цехүүд ихэвчлэн орос өндөг хэрэглэдэг ч хил хаасантай холбоотойгоор орос өндөг “тасарсан” болохоор манайх өмнөхөөсөө их нийлүүлж байгаа.

Товчхондоо, бусад харилцагч байгууллагуудын нийлүүлэлт өмнөхөөсөө бага зэрэг буурсан. Өнөөдрийн байдлаар манай “Түмэн шувуут” компани 1000 гаруй дэлгүүртэй хамтарч ажиллаж байна. Омего иод селен гэсэн гурван төрлийн баяжуулсан өндөг гаргадаг. Тахианыхаа иддэг тэжээлд омега, иод, селен хийж баяжуулдаг гэсэн үг. 

Тийм болохоор З40 төгрөгөөр зардаг өндөгнөөс харьцангуй өндөр үнэтэй байдаг. Нөгөөтэйгүүр манай компани “Ковид-19” халдвар тархахаас өмнө өндөгний үнээ нэмж 340 төгрөг болгосон. Учир нь тахианы тэжээлийн үнэ нэмэгдсэнтэй холбогдож, өндөгний үнэ бага зэрэг нэмэгдсэн юм. Сүүлийн үед гадуур “Ковид-19” халдвар дотоодод илэрч, хил хаасны дараа үнээ нэмсэн гэсэн мэдээлэл их гарах болсон нь ташаа мэдээлэл. Бид сүүлийн таван жилийн хугацаанд өндөгнийхөө үнийг нэмээгүй” гэсэн юм.

Харин “Баян”-ийн өндөгний үйлдвэрийн зүгээс ШӨХТГ-тай зөвшилцөн C сортын задгай өндөгний үйлдвэрийн үнэ 340 төгрөг, том хэмжээтэй буюу CO сортын өндгийг 360 төгрөгөөр 2021 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал бүх харилцагчдад тогтвортой хүргэхээр болжээ. Нөгөөтэйгүүр, ШӨХТГ-ын дарга П.Цэрэндулам, “Харилцагч байгууллагууд өндгөө цааш худалдахдаа 370-400 төгрөгийн хооронд барих чиглэл өгсөн. Өдөр болгон хяналт тавьж, шалгалт хийж байна. 

Ямартай ч үндэсний үйлдвэрлэгчид худалдаалах үнээ барьж ажиллаж байна. Харин импортоор орж ирж байгаа өндөгний хувьд улаан буудайн үнэ нэмэгдсэн, гаалиар орж ирэхгүй байгаа зэрэг олон хүчин зүйлээс болж харьцангуй үнэтэй зарагдаж байна. Энэ асуудлын хүрээнд ХХААЯ-наас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Өндөг, авто машинаар тээврээр тээвэрлэгддэг.. 

Дулаан тохируулга зэрэг олон зүйлийг анхаарах шаардлагатай. Тэр хэрээр өртөг нэмэгддэг. Гэхдээ хөрш орноос нэр бүхий бүтээгдэхүүнийг галт тэргээр оруулж ирэх тал дээр судалж байгаа тухай албаны хүмүүс мэдээллэсэн” гэсэн юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН