Баримтат кино бол хамгийн их мэдлэг, мэдээлэлтэй контентийн хаан гэлцдэг.  Тэгвэл энэ удаа олон улсын баримтат киноны хамгийн том наадам, Амстердамын, IDFA-ийн дундаж хэмжээний бүтээлийн ангиллын тэргүүн байрт сэтгүүлч Л.Номингийн  “Хүрд” (The Wheel) кино шалгарсан билээ. Энэ тухай сэтгүүлч, уран бүтээлч Л.Номинтой холбогдож, сэтгэгдлийг нь сонссон юм.

-“Хүрд” кинонд юуны тухай  өгүүлдэг вэ?

 

-Манай улсад амиа егүүтгэх үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгаа талаар хөндсөн юм. Хүмүүс юунаас болж ийм байдалд хүрч байна, амиа хорлох хүртлээ хэр их зовж, шаналдаг. Энэ бүхний шалтгаан нь юу вэ гэдэгт хариу хайх цаг болжээ. Энэ нь улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал доройтож, хүний эрх  зөрчигдөж, шударга ёс үгүйлэгдэж байгаатай холбоотой гэж үздэг сэтгүүлчийн хувиар үзэл бодлоо дүрстэй, зураглалтайгаар үзүүлэхийг  хүссэн, зорьсон юм.

 

-Монголд амиа хорлох үзэгдэл  тоон мэдээллийн хувьд өндөр үзүүлэлттэй яваад байдаг. Зарим нь энэ сэдвийг дэлгэх дургүй шүү дээ, нийгэмд сэдэл өгнө гээд. Таны хувьд, яагаад энэ сэдвийг хөндөх болсон бэ?

 

-Манай оронд амиа егүүтгэх үзэгдэл жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. 2018 оны статистик мэдээллээр Монголд дунджаар өдөр бүр нэг хүн хорвоог өөрийн сонголтоор орхин одож байна. Амиа егүүтгэсэн тохиолдлуудын албан бүртгэл аль ч оронд доогуур байдаг. Амиа егүүтгэх нь ярьдаггүй, хэлдэггүй сэдэв байдгаас гадна үлдсэн хүмүүст, ар гэрийнхэн, найз нөхдөд нь асар их сэтгэлийн шаналал, гэмшил үлдээдэгтэй холбоотой. Хэвшмэл стереотип үзэл бодолтой ч хамаатай. Манайд ч ялгаагүй, бүртгэгдээгүй тохиолдол олон байдаг. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монгол Улс бол амиа егүүтгэх үзүүлэлт өндөртэй орон. Хүмүүс ирээдүйгээ харж чадахгүй болтлоо, өнөөдрөө залгуулж чадахгүй болтлоо зовж туйлдан, гутарсаар амьдрах уу, үхэх үү гэдэг сонголтын өмнө ирээд, хоёр дахь хувилбарыг онилж, энэ хорвоог чимээгүй орхих нь байж боломгүй. “Хүрд” кино нь энэ эмзэг сэдвийг хөндөхдөө нийгэм, эдийн засаг, шударга ёс, хүний дотоод сэтгэлийн хэмнэл, үнэт зүйлс, ижилсэл, мөрөөдөл, зан заншил, шашин шүтлэг гээд хүнд байдаг тэрхүү олон барилдлагыг зах зухаас нь уудлан ойлгох, хуваалцах оролдлого юм.

 

-Ямар хугацаанд бүтээв?

 

-Хэдэн жилийн өмнө эхэлсэн ажлаа энэ онд дуусгалаа. Материал цуглуулах, судлах, бодож, боловсруулах, гол дүрүүдтэйгээ уулзаж, улмаар зохиол, кино болгоход хугацаа зарцуулсан.

 

-Хүрдээр та ямар утга санааг илэрхийлэхыг хүссэн бэ?

 

- Амьдрал, үхэл ээлжилдэг. Хүрд эргэж л байна. Хүрдэн хэлхээт хорвоод хүний амьдрал, үхэл, сонголт, улмаар хүн бүр ч хоорондоо холбоотой. Иймээс хүн болгонд сонголт байдаг шиг хүн болгонд итгэл, найдвар байх ёстой. Бид нэг л хүрдээр холбогдсон хорвоод мөр зэрэгцэн амьдарч байгаа улс. Тиймээс хүнд байдалд орсон нэгнээ гадуурхах, чичлэх, тойрон зугтах нь хүний ёсноос гадуур явдал гэдгийг бас илтгэж байгаа юм.

 

-Монголдоо гаргалгүй, шууд олон улсын наадамд илгээжээ?

 

-Кино хийж дуусах үед Амстердамын кино наадамд бүтээл бүртгэж авч байсан юм. Тэгэхээр нь илгээсэн. Манай кино IDFA-ийн уралдаант хэсэгт шалгарсанд маш их баяртай байгаа. IDFA кино наадам 10-аад категори, уралдаант хэсэгтэй юм билээ. Уралдаант хэсэг болгонд 12 бүтээл шалгарч. “Хүрд”-ийн шалгарсан дунд хэмжээний киноны ангилалд Трештикова, Куадри гэх мэт нэртэй, цуутай найруулагчдын бүтээл өрсөлдсөн. Ийнхүү “Хүрд” кино нь IDFA наадамд оролцсон монгол уран бүтээлчдийн анхны бүтээл болоод барахгүй, тэргүүн шагналыг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр авсан. Бид их бэлгэшээсэн. Энэ бол манай багийнхны хамтын амжилт. Кино хийхэд хамтран ажилласан багийнхан маань гар нийлж, нэгэн зүгт харж зүтгэсэн сайхан залуус. Зураглаачаар З.Батбилэг, М.Төрманлай, эвлүүлэгчээр Ш.Ихбаяр, хөгжмийн зохиолчоор морин хуурч Д.Шинэцог-Гени, дууны найруулагчаар Г.Батхүү нар ажилласан юм.

 

-Та өмнө нь кино найруулж байв уу?

 

-Үгүй. Анхны ажил. Сэтгүүлч учраас тодорхой сэдвээр видео контент хийдэг л дээ. Мөн бусдын кино төслүүдэд судлаач, орчуулагч, зохиолын зөвлөх зэргийн ажил хийж байсан. Харин анх удаа кино бүтээсэн. Киноны маань олон улсын нээлт Амстердамд өнгөрсөн сарын 21-нд XX зууны эхээр байгуулсан маш гоё театрт болсон. Кино наадам энэ сарын 6-ны өдөр өндөрлөсөн.

 

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин