Пиво, дарс зэрэг согтууруулах ундааг хүмүүс ихээр авч байгаа дүр зураг өчигдөр цахим орчинд цацагдсан. Өмнө нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дарс, шар айраг худалдахыг хориглож байсан ч хөл хороины зэрэглэлбуухтай зэрэгцэн шар айраг, дарс зарж эхэлсэн билээ. 

Гэвч энэ сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог нийслэлийн хэмжээнд ирэх нэгдүгээр сарын 6-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаж, 15 байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахыг мэдэгдсэн. 

Гэхдээ спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүн буюу дарс, шар айраг худалдахыг хориглох эсэх шийдвэр хараахан гараагүй болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Харин иргэдийн дунд пиво, дарс худалдаалахыг хориглож магадгүй гэсэн таамаглал үүсэж, нэг дор ихээр нь авах дүр зураг үүссэн нь ийнхүү цахим орчинд шүүмжлэл өрнөх шалтгаан болсон билээ. 

Тиймээс бид энэ удаа худалдаа эрхэлдэг газруудад очиж согтууруулах ундааны борлуулалт нэмэгдсэн эсэх талаар сурвалжилж, хөл хорионы үеэр архидан согтуурах нь ямар үр дагаварт хүргэх гэмтэйг сэтгэл судлаачаас лавлаж, архины хор хөнөөлийн талаар наркологийн мэргэжилтнээс тодруулсан юм.

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ОРОХ СУРГААР СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАН АВАЛТ 3-5 ДАХИН ИХЭССЭН

Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах супермаркетаар орлоо. Хөл хөдөлгөөн харьцангуй багатай тус дэлгүүрийн худалдагч А.Энхжин “Хөл хорио сунгах шийдвэр гарсан өдөр согтууруулах ундааны борлуулалт өмнөх өдрүүдээс харьцангуй ихэссэн. Хүмүүс нэг дор нь 10-20 ширхэг пиво авсан. Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон захирамж одоохондоо ирээгүй л байна. Өмнөх хөл хорионы шийдвэрийн дараа өдөр нь худалдаалахыг хориглосон захирамж бичгийг хорооноос өгсөн. 

Энэ удаад ч гэсэн ямар нэгэн шийдвэр гарвал захирамж ирэх байх гэж хүлээж байна” гэлээ. Тэндээс гарч эсрэг талд нь байрлах “Минимаркет” гэсэн хаяг бүхий дэлгүүрт орлоо. Тус дэлгүүрийн хувьд ч гэсэн пиво, дарсны борлуулалт өмнөх өдрийнхөөс өсжээ. Энэ талаар тус дэлгүүрийн худалдагч Э.Золбоо “Хүмүүсийн худалдан авалт харьцангуй ихэссэн. Бусад дэлгүүрт ч ийм байдал ажиглагдсан.

Согтууруулах ундааны борлуулалт ихэссэн нь шинэ жил болох гэж байгаатай холбоотой байх. Гэхдээ хүн бүрийн үзэл санаа, хандлага харилцан адилгүй шүү дээ. Ямар ч учир шалтгаан нөхцөлөөс үүдэж ихээр худалдаж авч байж болно. Манай дэлгүүрийн хувьд нөөцлөөгүй, татаж авснаа л зарж байна. Хэрвээ худалдаалахыг хориглосон шийдвэр гарвал, үүргээ биелүүлэхэд бэлэн. 

Одоо дор бүрнээ хариуцлагатай байх цаг хугацаа ирлээ. Хороог хариуцсан ажилтан худалдаа эрхэлдэг газруудаар явж шийдвэрийг танилцуулж захирамж өгдөг. Бид цахимаас шийдвэрийг хараад иргэнийхээ хувьд үүргээ биелүүлж, архи согтууруулах ундааны лангуугаа лацадсан. Энэ удаад согтууруулах ундааг хориглох шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй л байгаа” гэв. 

Цааш Баянзүрх дүүргийн I хороонд байрлах E mart худалдааны төвийг зорьж очлоо. Гадна талын хаалган дээр нь хүмүүс дараалал үүсгэн зогсжээ. Дэлгүүр лүү хүмүүсийг тодорхой тоогоор оруулж, халууныг нь үзэж, бүртгэл хийж байна лээ. Харин иргэд, дугаарлуулж байгаад бухимдаж байгаа нь анзаарагдсан. Тус худалдааны төвийн хувьд ажилчдынхаа тоог нэмж, шаардлагатай стандартад нийцсэн технологиудыг суурилуулж байгаа гэсэн. 

Тус худалдааны төвийн маркетингийн менежер Г.Ням-Очир “Өчигдөр бусад худалдааны төвүүдэд пиво, дарс зэргийг ихээр худалдаж авч байгаа тохиолдол гарсныг онлайнаас харсан. Манайд ч гэсэн тийм дүр зураг ажиглагдсан. Хэрвээ архи согтууруулах ундаа хориглох шийдвэр гарвал, нэгдсэн байдлаар мэдэгдэх байх. Иргэд ихээр авлаа гээд цөөн тоогоор өгнө гэж зохицуулалт хйих боломжгүй л дээ” гэсэн юм.

Б.УУГАНЦЭЦЭГ: НӨЛӨӨЛӨЛД АВТАЖ, ХУДАЛДАН АВЧ БУЙ ХЭСЭГ Ч БАС БИЙ

Хөл хориоын улмаас иргэдийн орлого багасаж, бухимдал үүсэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч архиар бухимдлаа тайлах нь ямар хор уршигтайг мэдэх нь дэндүү цөөн. Тиймээс бид Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б. Ууганцэцэгтэй уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм. 

-Хөл хорио үргэлжилж байгаа хугацаанд архины хэрэглээ нэмэгдэж байна. Ер нь хүн ямар үед архийг хэрэглэж байна вэ? 

-Хүн заавал авах ёстой хэрэгцээний нэг нь биологийн хэрэгцээ. Энд хоол унд, хувцас хунар, орон гэртэй байх гэхчлэн суурь хэрэгцээ ордог. Түүнээс гадна аюулгүй байдлын болон өөр бусад чухал хэрэгцээ ч бий. 

Тодруулбал, хайрлуулах, идэвхтэй байх, өөрийгөө илэрхийлэх ч суурь хэрэгцээнд тооцогдоно. Гэхдээ архи суурь хэрэгцээ биш. Ажаад байхад сэтгэл санааныхаа тайван тогтвортой байдлыг хангахын тулд архи хэрэглээд байдаг. 

Бас дадал хэвшил болсон учраас архи хэрэглэж байгаа нь ч бий. Үнэхээр бид архи хэрэглэхгүйгээр сэтгэл санаагаа тайван байлгаж чадахгүй байна уу, эсвэл архи хэрэглэж байж сэтгэл санаагаа тайван байлгаж, илүү сайн унтаж амарч байна уу гэдэг тусдаа асуудал. Ер нь бол бидний сэтгэлзүйн боловсрол, амьдралын хэв маягт хүний согтууруулах ундаа хэрэглэх хэм хэмжээг зааж өгсөн байдаг. 

Жишээлбэл, хэдэн хундага дарс, пиво хэрэглэх вэ гэдэг стандарт бий. Хор хөнөөлгүй, зохистой хэрэглээ гэсэн үг шүү дээ. Энэ стандартыг хэтрүүлбэл тухайн зүйлээсээ хамааралтай болдог. Архи согтууруулах ундаа хүний үндсэн хэрэгцээ биш учраас архи хэрэглэхгүй байж болно. Гагцхүү бид өөрсдөө л хиймлээр өөрсдөдөө хэрэгцээ үүсгээд байдаг юм. Нөгөө талаас сэтгэлзүйн халдварлах онол гэж бий. Өөрт хэрэггүй зүйлийг бусдыг дуурайж хүлээж авдаг гэсэн үг. Ялгаж салгах хэрэгтэй юм л даа. Өөрт хэрэггүй зүйлийг хүн дуурайж авах, хэрэглэх шаардлагагүй шүү дээ. 

-Монголчуудын архины хэрэглээ их байдаг нь нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой юу?

-Сэтгэл зүйн боловсрол муутай учраас архи хэрэглэж байж тайвшрах гээд байдаг юм. Хүн өөрийнхөө сэтгэл санааг маш олон зүйлээр тайтгаруулах боломжтой. Хамгийн чухал нь сэтгэл дотор болж байгаа зүйлээ хүнтэй хуваалцаж ярилцах. Дотнын хүнтэйгээ ярилцахад хэцүү байвал мэргэжлийн хүнд хандаж болно. Эсвэл гэр орноо цэвэрлэж, үр хүүхэдтэйгээ тоглох, шинэ зүйл сурах зэргээр тайвширч болдог. Амьдралын асуудал болон бухимдах, сэтгэл гутралаа архиар шийдвэрлэх нь хамгийн бурууг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний сэтгэлзүй их сонин ш дээ. 

Хөл хорионы үед худалдаалахгүй байх гээд нөөцөлж байна уу, эсвэл сэтгэлзүйн халдвар нөлөөлж байна уу гэдэг ялшаж, судлах хэрэгтэй. Түүнээс биш хувь хүний төвшинд авч үзэж, буруутгах боломжгүй. Мэдээж нийгмийн сэтгэлзүйн хувьд нэг нэгэндээ нөлөөлдөг тал бий. Өөрөөр хэлбэл, пиво уух хүсэлгүй ч хүмүүс бөөнөөр нь авч буй зургийг хараад, авах ёстой болов уу гэдэг нөлөөлөл үүсдэг. 

БАЯР ДӨХСӨНТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДАН АВАЛТ ИХЭССЭН 

Харин иргэд шар айраг, дарсыг их хэмжээгээр худалдан авч буйг хэрхэн дүгнэж буйг сонирхлоо. 

Н.ТУЯА:(БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭН)

Хөл хориог дахин сунгах шийдвэр гарсантай холбоотойгоор согтууруулах ундаа их хэмжээгээр худалдаж авч байгаа тохиолдол ажиглагдсан ч удахгүй он гаргах гэж байгаатай холбоотой байх. Өвчин зовлон гарсан энэ үед өдөр тутмын хэрэглээндээ байнга пиво дарс хэрэглээд байдаггүй байлгүй дээ.

Я.ЧУЛУУН: (СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭН)

Манайхан аливаа зүйлийг хорьж хаахаар илүү их хайдаг зантай улс. Пиво ихээр худалдан авч байгаа нь энэ зантай нь холбоотой байх. Бас удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор борлуулалт ихэссэн байх. Би ч гэсэн оргилуун дарс авах гээд л зогсож байна. Гэхдээ иргэний хувьд архи согтууруулах ундааг худалдаалахгүй байгаа нь зөв гэж бодож байгаа. Бас эрсдэлтэй тал бий. Өмнөх хөл хорионы үед янз бүрийн хортой зүйл ууж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс төр засаг бүх талаас нь харж зөв шийдвэр гаргаасай гэж бодож байна. 

Б.НЯМЖАРГАЛ: (ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН)

Би залуу хүн учраас согтууруулах ундаанаас татгалздаг. Гэхдээ архи, пиво худалдаж авах нь хувь хүн бүрийн эрхийн асуудал шүү дээ. Нэг үеэ бодоход архины хэрэглээ харьцангуй багассан юм шиг санагддаг. 

Г.ДОРЖХАНД: АРХИДАЛТ БОЛ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХАЛДВАРТ ӨВЧИН

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын гавьяат эмч, ЭМШУИС-ийн профессор Г.Доржхандтай уулзлаа.

-Нийгэмд архидалт газар авсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Манай улс Архины тухай хуультай. Иргэний ч тэр, албаны журмаар ч тэр эмчилдэг. Архидалт бол дон. Дон бол өвчин. Нэгэнт өвчин учраас хүний эрхийнх нь хувьд эмчлэх ёстой. Эмчилгээ шаардлагатай. Тиймээс мэргэжлийн, олон нийтийн, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран анхаарлаа хандуулах ёстой, энэ зүгт. Хэдэн сэтгэцийн эмч нарын хийдэг ажил биш л дээ. Төр засаг ч хамтрах ёстой. Архидалт бол нийгмийн сэтгэл зүйн халдварт өвчин. Өргөн цар хүрээтэйгээр яривал төрөөс анхаарч бидний ажлыг дэмжих ёстой. Жаахан болхи жишээ гэхэд ЖДҮ гээд хувийн хэвшлийнхэн идэж уулаа гээд яриад байна. Би ч бас хувийн хэвшилд ажилладаг, хувийн эмнэлэгт. 

ЖДҮ-гээр хувийн эмнэлгүүдээ яагаад дэмжиж болдоггүй юм бэ. Ард иргэдээ эрүүлжүүлнэ гэдэг чинь үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа нэг хэлбэр. Эрүүл иргэн гэдэг улс орны хувьд мөнгөөр үнэлшгүй үнэт баялаг. Хувийн эмнэлэггүйгээр дан улсын эмнэлгээр явна гэвэл ачааллаа дийлэхгүй. Анагаахын аль ч секторт...  Өнөөдөр манайд нийгмийн өвчлөл их байна.

-Архинд донтсон хүн эдгэрэх, бүрэн татгалзах магадлал нь хэдэн хувь байдаг юм бэ?

-Хувь хүний шинж чанараас хамаарна. Хүн архинд орж, хар тамхинд донтсон шалтгаан гээд олон юм бий. Тэр хүний мөн чанарыг таньж, нийгмийн статусыг нь мэдэж байж тэр хүнтэй харьцана. Товчхондоо, сэтгэл засал их хүчтэй нөлөөлдөг онцлогтой. Цогцоор нь эмчлэх ёстой. Хорыг механизмаар нь хэлж ойлгуулах ёстой. Үр дүнд нь өвчтөн цогц ойлголттой болно. Тэр ойлголт мэдлэг нь буруу зуршил, дур хүслээ дарангуйлж, яваандаа рефлекс болж тогтдог.

...Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах супермаркетаар орлоо. Хөл хөдөлгөөн харьцангуй багатай тус дэлгүүрийн худалдагч А.Энхжин “Хөл хорио сунгах шийдвэр гарсан өдөр согтууруулах ундааны борлуулалт өмнөх өдрүүдээс харьцангуй ихэссэн. Хүмүүс нэг дор нь 10-20 ширхэг пиво авсан. Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон захирамж одоохондоо ирээгүй л байна... 

-Архинд донтогчдыг харахад нас нь залуужаад, бүр өсвөр насныхан хэрэглээд байгаа нь ажиглагддаг?

-Архийгхэрэглээд удах тусмаа хэрэглээ нь багасдаг. Анх 500 граммд согтож байсан бол сүүлдээ 50 граммд согтоод унана. Гэхдээ эмчлэгдэх магадлал 80 дээш хувь байдаг юм.Эцэст нь Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр сурвалжлагаа өндөрлөе.Албаны мэдээллээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгджээ. Архи согтууруулах ундаа зарахгүй байсан өдрүүдэд аядуу байсан ч шар айраг зарж эхэлснээс хойш хоногт 160-560 хүн эрүүлжүүлэгдсэн тоо байна. 

Түүнчлэн согтуугийн шинжтэй дуудлага 2017 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1098 дуудлагаар өссөн үзүүлэлт. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо ч шар айраг, дарс зарагдаагүй үетэй харьцуулахад, 431 дуудлагаар өсжээ. Бид НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас дарс, шар айраг худалдаалах шийдвэр гарсан эсэхийг тодруулахад “Хөл хорионд байна гэдэг нь иргэдэд бухимдал үүсгэдэг. 

Сэтгэл зүйн хувьд ч гэсэн таагүй. Тухайн хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол яах аргагүй эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч байгаа арга хэмжээ. Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын үед 18-аас доош градустай, спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалах журам хэвээр үргэлжилнэ” гэсэн хариултыг өгсөн.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН