Улаанбаатар хотод хоёр дахь удаагийн хатуу хөл хол хорионы дэглэм хэрэгжээд тав хонож байна. Энэ удаа нийтийн тээврийн хэрэгсэл энгийн хуваарийн дагуу үйлчилнэ. 

15 чиглэлийн аж ахуйн нэгжийн хувьд зөвхөн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгох учраас ажилтан, албан хаагчдын хувьд хөл залгуулах гол унаа нь нийтийн тээврийн хэрэгсэл болоод байгаа юм. 

Өмнөх хөл хорионы үеэр цагийн хуваарийг хэдэнтээ өөрчилж, зарим автобус баазын жолоочоос “Ковид-19” вирусийн тохиолдол илэрсэн тул иргэд нийтийн тээврийн үйлчилгээний горим, аюулгүй байдалд сэтгэл чилээж буй. Иймд нөхцөл байдлыг тодруулахаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Бид Сонгинохайрхан дүүргийн ХХII хороог зорилоо. Учир нь, хотын төвөөс алслагдсан гэр хороололд үйлчлэх автобусны чиглэл цөөн, автобус хоорондын явах зай удаан гэх гомдол элбэг. Бямба гаргийн 11:00 цаг орчимд авто зам сэлүүхэн, шинэ жилийн бэлэг, ойр зуурын хүнсний зүйл бүхий жижгэвтэр тор барьсан цөөн хүнээс өөр хөл хөдөлгөөнгүй байх аж. 

Гэрлэн дохио хүлээхээс бусдаар зогсолтгүй давхисаар Тахилтын IV буудал дээр ирлээ. Бартаанаас тойрч явган хүний замаар усны тэрэг түрж яваа залуугаас эцсийн буудал хэр хол болохыг лавлахад “Дээшээ гурав, дөрвөн буудал яваад бий. Эндээ хүлээсэн ч удахгүй дээ” хэмээн баруун тийш гараараа заалаа. Энэ зуур 50 орчим насны эр юуг ч юм хайж энгэрийнхээ халаасыг тэмтэчсээр ирэв. Түүнийг Л.Баярбат гэдэг бөгөөд хоёр буудлын цаана байрлах супермаркет хүрч, хүнсээ цуглуулахаар яваа гэнэ. 

Тэрбээр “Манай энд Ч:13 буюу Саппорогийн тойрог хүрэх ганцхан автобус явдаг. Нэг автобуснаас хоцорчихвол дараагийнхад нь суух гэж чамгүй хүлээнэ. 06:30 үед эхний автобусанд амжиж суух гэсэн залуус зам дагуу зогсож байдаг юм” гэж ярив. Энгийн үед Таван шар, Саппоро хүрэх 1000-1500 төгрөгийн үнэтэй хувийн унаа энэ хавийн оршин суугчдын аминд ордог аж. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болжээ.

Хүн нэг нэгээр нэмэгдсээр гурвуул болж, бие биеэсээ зайдуухан зогсож, автобус хүлээв. 20-иод минутын дараа утаа манан холилдон бүүдийх зүгээс цэнхэр өнгийн автобус ирлээ. Хүмүүс автобусны зогсох цэгийг анддаггүй гэлтэй буудлын зүүн жигүүр рүү нэгэн зэрэг алхаж харагдана. Зам зуур хүмүүс цөөнгүй хүмүүс бууж, суусан ч суудлын тооноос илүү гарсангүй, сэлүүхэн явсаар Таван шар хүрэв. 

Хорь шахам буудал явж хотын төвд ирэхэд зорчигчдын зүгээс удаан хүлээлээ гэх гомдол, зай барьсангүй гэх чимээ шуугиан гарсангүй. Үүнээс харвал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж буураагүй байгаа аж. Нөгөөтэйгүүр үйлчлүүлэгчдийн тоо багассан тул бөөгнөрөл, үл ойлголцол, бухимдал хэмээх ойлголт гээгджээ.

927 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 503 ТАКСИ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Баруун зүгийн хамгийн хөл хөдөлгөөнтэй байршил бол Таван шар, Драгон орчим. Орон нутгаас ирэх, буцах зорчигчид, Хархорин худалдааны төвийг зорих иргэд гэх мэтчилэн үргэлж бум бужигнаж байдаг сан. Харин өдгөө алсаас ногоон хантааз нь тодрон харагдах эргүүлийн цагдаа, хүнсний дэлгүүр орох, гарах иргэдийг эс тооцвол ер бусын эл хуль байх аж. 

Бид энэ хүрээд чиглэлээ сольж “ХМК, Хайлааст, III,IV хороолол” гэх хаягтай шар өнгийн автобусанд суув. Зорчигчдын ихэнх нь автобусны картаа цэнэглэж амжаагүй бололтой бэлэн мөнгө өгөхөөр жолоочийн бүхээг тийш гараа сунгахад “Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй шүү. Цаашаа яваарай. Дараагийн удаа картаа цэнэглээрэй” хэмээн хэн нэгэн араас дуугарав. 

Тэр хүн бол хяналт, шалгалтын ажилтан. Суудлаа эзэлсний дараа цонхоор ажвал автобусны буудлын дэргэд цэнхэр хувцастай хоёр эмэгтэй зогсож, зорчигч хоорондын зай, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр шаардлага тавьж байгаа харагдлаа. Тус чиглэлд харьцангуй зорчигч ихтэй байлаа. Гэвч иргэд аль болох бие биеэсээ зай барин зогсож байгаа нь анзаарагдана. Жолооч Н.Цэрэнчимэдээс автобус хоорондын зайг тодруулахад “Чиглэл хоорондын цаг, шугам шугамаараа янз бүр байдаг. 

Урт шугам нь 1-2 цагийн зайтай. Богино шугамын явах цаг харьцангуй бага. Өнөөдөр манай чиглэлд зорчигч их байна. Иргэдийг картаар үйлчлүүлэх ёстой. Гэхдээ карт цэнэглэх газар байхгүй байна гэх шалтгаанаар үнэгүй тохиолдол цөөнгүй байна” гэсэн юм. Халдвараас сэргийлж битүүмжилсэн бүхээгийн цаанаас бид ийн ярилцав. 

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос хөл хорионы үеийн үйл ажиллагааны зохион байгуулалт, халдварын эрсдлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулахад “Нийслэлийн хэмжээнд өдрүүдэд 927 тээврийн хэрэгсэл, 503 такси үйлчилж байгаа. Өнөөдөр амралтын өдөр учраас 836 автобус үйлчилгээнд гарсан. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Жолооч нарыг амны хаалт, гар ариутгах уусмал, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангасан” гэлээ.

...Явуулын пос машины үйлчилгээ 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөл хорионы үед иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилгоор тоо, байршлыг нэмж 20 болгосон. Мөн 225 шалгагч автобусны буудал дээр зогсож, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх үүрэг гүйцэтгэж байна...

“U MONEY” КАРТ ЦЭНЭГЛЭХ ЯВУУЛЫН ЦЭГ

Өдөржин нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход “U money” картаа хэрхэн цэнэглэх учраа олохгүй яваа хүн бишгүй таарав. Нөгөөтэйгүүр, картын үлдэгдэл хүрэлцэхгүйн улмаас үнэгүй зорчих нь элбэг аж. Бүгд ийн үнэгүй зорчвол автобус компаниуд алдагдалд орох цаашлаад бензин тос, ажилчдын цалин хөлсөө бүрдүүлэхэд хүндрэл учрах эрсдэлтэй юм. Нийслэлийн хэмжээнд “U money” карт цэнэглэх 1100 гаруй цэг байдгаас 300 гаруй нь хөл хорионы үед үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, гурав дахин багассан гэсэн үг. Угаас картаа тогтмол цэнэглэж, үлдэгдлээ хянаж хэвшээгүй монголчуудын хувьд улам ч хүндрэлтэй байгаа нь илт. Харин Монгол III сургуулийн автобусны буудал хүрэхтэй зэрэгцэн “Карт цэнэглэж байна шүү. Картаа цэнэглээд зорчоорой” гэх дуу тодхон сонстов. Тэр зүгт харвал “Зорчигч тээврийн нэгтгэл” гэх бүчиг бүхий хантааз, хөх алаг ажлын хувцастай хоёр эмэгтэй пос машинаар “U money” карт цэнэглэх үйлчилгээ үзүүлж байлаа. Автобусны буудлын ойролцоох иргэд ч олзуурхан аль болох ахиу дүнгээр картаа цэнэглүүлж харагдана. 

Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилтан н.Цэрэнлхамаас ажил үүргийнх нь талаар тодруулахад “Бид Сансраас Ардын эрх хүртэлх автобусны буудлаар явж, пос машинаар карт цэнэглэж байна. Маш эрэлттэй байгаа. Зөвхөн карт цэнэглэхээс гадна бусад боломжийн талаар зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, гар утсандаа “Hi-pay” аппликейшн суулгаж, хүссэн үедээ картаа цэнэглэх боломжтой. Мөн CU, Cirkle K, Эко экспресc, Emart, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд “U money” карт цэнэглэнэ” гэсэн юм. 

Энэхүү цаг үеэ олсон, ажил эрэлт ихтэй байгаа нь илхэн. Цаг 17:00 хэлбийж, ажил тарах дөхсөнийг ч хэлэх үү дэргэдүүр нь яаруухан өнгөрөх нэгэн зогтусаж, картаа цэнэглэж харагдана. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас дээрх үйлчилгээний талаар тодруулахад “Явуулын пос машины үйлчилгээ 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөл хорионы үед иргэдийн чирэгдүүлэхгүй байх зорилгоор тоо, байршлыг нэмж 20 болгосон.

Мөн 225 шалгагч автобусны буудал дээр зогсож, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдээлэв.Цар тахлын тархалтыг хумих, хохирол багатай даван туулахын тулд нойр хоолгүй ажиллаж олон мянган хүн хүчин зүтгэж буй. 

Тэдгээрийн нэг нь нийтийн тээврийн үйлчилгээнийхэн болохыг сая л анзаарав. Тангараг өргөж, мөрдэс зүүгээгүй ч хамгийн эрсдэлтэй орчин буюу гялгар цаасаар тусгаарласан жолоочийн бүхээгт өнжиж, эмэгтэй голцуу хяналт, шалгалтын ажилтан дүн өвлийн хүйтэнд гадаа зогсож байна. Үргэлж хэл аманд өртдөг ч нийслэлчүүдийг явгалж үзээгүй нийтийн тээврийнхэн цар тахал сөрөн сүнгэнэсээр л...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН