2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Үүний нэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлана. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа.

Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас жилдээ гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ гэж үзсэн. Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж. Энэхүү шийтгэлд дараах байдлаар хамрагдаж байгаа юм.

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэнэ.

1. Цахим бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласнаар сурч, ажиллах боломжийг олгоно.

2. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

3. Цахим бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэнэ.

Цахим бугуйвчийг анх Америкийн Нэгдсэн Улсад 1983 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд  Европ тивд Англи улс 1989 онд анх нэвтрүүлж, түүнээс хойш Швед, Голланд, Франц, Бельги 1994-1998 онуудад, Канад 1987, Австри 1997, Швейцарь 1999, Герман 2000, Португал 2002, Итали 2003, Израиль 2005 Эстон, Оросын Холбооны Улс 2009, Ази тивд Бүгд Найрамдах Солонгос, Турк, Сингапур 2007 оноос тус тус хэрэглэх болсон.

Энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Швейцар, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн 7 төрлийн цахим бугуйвчийг судалж  амжилттай туршаад байна.

Цахим бугуйвч нь хүний биед харшил өгөхгүй, хүний гар болон хөлөнд зүүхээр тохируулсан, хөнгөн жинтэй, ус, доргио, шорооны хамгаалалттай, халуун хүйтэнд тэсвэртэй, таслах, тайлах, оролдох үед анхааруулга өгөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солино.