Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын нөлөө бөмбөрцөг даяарыг хамарч, улс орон бүрийн эдийн засагт сүүдрээ тусгасан нэгэн он улиран одлоо. Гэхдээ өнгөрсөн жил Монголын төр, засгаас цар тахлыг хохирол багатай даван туулах, ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааны нөхцөл байдлыг дордуулахгүйн төлөө олон арга хэмжээ авсан.

Улс орны эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал хүндхэн сорилттой тулгарсан ч тэр бүхнийг даван туулсаар байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 17 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байжээ. Өнгөрсөн онд манай улсын нүүрс, зэсийн орлого буурсан ч алт, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэж, эдийн засагт голлон нөлөөлдөг гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Үүнд алтны экспорт 4.7 хувиар нэмэгдэж, импорт буурсан нь нөлөөлжээ. Манай улс түүхэндээ анх удаа 23 тонн алтны нөөц бүрдүүлж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн, улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг аж.

Тиймээс шинэ онд Монгол Улсын эдийн засаг сэргэх өөдрөг төсөөллийг Дэлхийн банкнаас мэдээлсэн байна.

Энэ талаар тус банкны эдийн засагч Б.Даваадалай хэлэхдээ “Өнгөрсөн жил дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан коронавирусийн цар тахлын нөлөө бүх улс орны эдийн засаг, санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн он байлаа. Монгол Улс ч энэ хүнд цаг үеийг туулж байгаа юм. Оны эхний арван сар гаруйн хугацаанд “COVID-19” вирусийн цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй барьж, төр, засгийн зүгээс байгаа нөөцөө дайчлан эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын төлөө ажиллаж чадсан гэж хэлж болно.

Дэлхийн эдийн засгийн судалгааны томоохон байгууллагуудын мэдээлэл, судалгааны дүнгээс харахад дэлхийн эдийн засаг нийтдээ дөрөв орчим хувиар агшихаар байна гэж тооцоолсон. Харин энэ онд дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар өсөх хүлээлттэй байгаа юм. Түүний дотор хамгийн томоохон зах зээл Хятадын эдийн засаг 7-8 хувиар өсөх магадлалтай гэж тооцсон. Өнгөрсөн оны хүлээгдэж буй тооцооллоор тус улсын эдийн засаг агших бус, хоёр хувийн өсөлттэй гарах байх.

Монгол Улсын хувьд өнгөрсөн оны эхний хагаст эрдэс баялаг, түүний дотор зэсийн үнэ ханш бууралттай байсан зэрэгтэй уялдаж эхний гурван улиралд эдийн засаг 7.6 хувийн агшилттай гарсан. Харин оны сүүлчийн улиралд Засгийн газар, УОК-оос тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөөлрүүлсэн, гадаад зах зээлд эрдэс, түүхий эдийн үнэ өссөн, Хятадын эдийн засагт сэргэлт ажиглагдсан зэрэгтэй холбоотойгоор агшилт багаслаа. Үүнд нүүрсний экспортыг сэргээж, алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Монголбанкны зүгээс багагүй хүчин чармайлт гаргасны үр дүнд эдийн засгийн агшилт 2-3 хувиар буурч эхэлсэн. Гэвч арваннэгдүгээр сард цар тахлын халдвар дотоодод алдагдсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн” гэлээ.

Гэхдээ нүүрсний экспорт буураагүй, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй, улс орны эдийн засгийн гол салбар уул уурхай төдий л цохилтод өртөөгүй байсан зэрэг нь “ноён нуруу”-гаа хадгалж үлдэхэд нөлөөлжээ. Үүнээс гадна Засгийн газраас 600 сая ам.долларын “Номад” бондыг гаргаж, энэ онд төлөхөөр хүлээгдэж байсан төлбөрийг хойшлуулж, Монголбанкнаас мэдээлснээр алтны худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн зэрэг нь эдийн засгийн доргилтыг зөөллөхөд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Мөн FATF-ын “саарал жагсаалт”-аас манай улс маш богино хугацаанд гарч чадсан нь дэлхийн түүхэнд байгаагүй чухал амжилт болсон төдийгүй олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулагчдад маш эерэг дохио болж хүрсэн байна. Засгийн газраас ард иргэд, түүний дотор ядуу, бага, дунд орлоготой өрхүүдэд чиглэсэн, аж ахуйн нэгжүүдэд хандсан зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг Дэлхийн банк болон олон улсын байгууллагууд сайшаан дэмжиж байгаа юм.

Гэвч дотоодод тархсан коронавирусийн халдварыг хэр богино хугацаанд голомтод оруулж, тогтоон барьж чадах, энэ ажилд олон нийт, аж ахуйн нэгж ямар оролцоо, идэвх санаачилгатай байх, төр засагт үзүүлэх дэмжлэг буюу халдвар хамгааллын дэглэмийг хэр сайн биелүүлж баримтлахаас их зүйл хамаарах болно гэдгийг Дэлхийн банк анхааруулж байна. Үүний зэрэгцээ хөгжингүй орнууд “COVID-19”-ийн эсрэг вакциныг эмнэлзүйд нэвтрүүлж, олон улс ард иргэдээ дархлаажуулах ажлыг хийж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас олон улсын “Ковакс” хөтөлбөрт хамрагдах, ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин худалдан авах зэрэгт Дэлхийн банк бүх талаар дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаа юм.

Энэ онд газрын тосны үнэ сэргэх, зэсийн ханш 7000 ам.доллараас буухгүй, эрчим хүчний нүүрсний үнэ 10 орчим хувийн өсөлттэй байх зэрэг нааштай төсөөллийг олон улсын судалгаа шинжилгээний байгууллагууд гаргаж байгаа нь сайн мэдээ болж байна.

Засгийн газраас 2.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө, аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх, чөлөөлөхөд зарцуулсан нь бүс нутгийн болон улс орны эдийн засгийн үр өгөөжтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн 6.5 хувьтай тэнцэж байгаа бол Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд тав орчим хувийг ийм арга хэмжээнд зориулж байгааг Дэлхийн банкны судалгаа харуулжээ.

Цаашдаа нөхцөл байдал удааширсан тохиолдолд нийгмийн бодлогоо тогтвортой баримтлах, ялангуяа ядуу, бага, дунд орлоготой давхаргын амьжиргааг хамгаалах чиглэлийн арга хэмжээг улс орны эдийн засагт аль болох бага нөлөөтэйгөөр үргэлжлүүлэх шаардлагатайг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин