Тавдугаар сарын 22-ны өдрөөс орон нутаг уруу зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон.  Тэгвэл УОК-ын шуурхай штабын дарга Т.Баярхүү энэ талаар тайлбар өгчээ.   

Хэдийгээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч зургадугаар сарын 15-ны хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг тэрбээр зөвлөсөн юм.

Учир нь нийслэл дэх дархлаажуулалтын хувь өндөр байгаа хэдий ч орон нутагт дархлаажуулалт төдийлөн өндөр хувьтай биш байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай юм байна.

Зургадугаар сарын 15-ны өдөр гэдэг нь орон нутгийн иргэд дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног хугацаа тул ийн хугацаа тогтож байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 10 мянган хүүхэд шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас орон нутаг руу хүүхдээ явуулах нь баг, сум, суурингуудад халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабын эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн юм.