Г.ЭНХГЭРЭЛ

Нийслэлийн өнгө төрх, эдийн засгийг тодорхойлдог гол хүчин зүйл бол худалдаа, үйлчилгээ. Улаанбаатар хотод том хэмжээний худалдааны төв олон бий. Түүнээс гадна нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй эрхэлдэг, гар дээрээс наймаалцдаг худалдаа ч нэн түгээмэл.

Хуулиар хорьдог ч худалдааны эл төрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа сануулж, арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гудамж талбайд гутал, хувцас, цүнх, эмийн ургамал, эрүүл мэндийн бүтээгд эхүүн, жимс, хүнсний ногоо, хуйхалсан толгой, хүүхдийн тоглоом гээд зарахгүй бүтээгдэхүүн үгүй. Урин дулаан цаг ирсэн болохоор ч тэр үү, Улаанбаатарын гудамжны худалдаа ид шажигнаж, хөл гишгэх зайгүй болтлоо цогцолжээ. Хувцас, гутлыг ил талбайд зарж болох ч эмийн ургамал, жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн ундаа зэрэг тусгай температурт, сэрүүн нөхцөлд хадгалах горимтой хүнсний бүтээгдэхүүнийг +26C-д, тоос шороон дунд борлуулах нь иргэдийн эрүүл мэндэд асар их хортойг анзаарч байгаа хүн ч алга бололтой.

Зөвхөн зах худалдааны төвийн ойролцоогоор хязгаарлагдахгүй автобусны буудал, хашаа, саравч гээд олон хүний хөлтэй газар иймэрхүү жижиг бизнесүүдтэй үргэлж таардагтаа нийслэлчүүд ч нэг их цочирдохгүй. Амарчлаад, ойрчлоод авч байгаа харагддаг нь нууц биш. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар , цагдаагийн байгууллагатай хамтран зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, худалдаачдыг албадан зогсоодог ч нэг газраас нөгөөд шилжсээр хууль бус наймааны ажлаа хийж, амьдралаа үргэлжлүүлдэг. 

Харьяа дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналтынхан нь мэдсэн ч ил задгай арилжаа наймаа эрхлэгчдийн дунд олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бий учраас өрөвдөөд харсан ч хараагүй мэт зөрөх нь цөөнгүй.Хэдийгээр тэд ар гэр, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх гэж шар нар, бор хоног, жилийн дөрвөн улиралд гадаа гандан зогсдог ч гэлээ хугацаа нь дууссан, чанарын болоод эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бараа борлуулах нь хуулиар хориотой. Хөөрхийг өрөвдөөд, өнөөхийг нь өвдөж, хордуулж бас боломгүй. Илт хууль зөрчиж буйг нь мэддэг хэрнээ эвий дээ амьдралаа залгуулж яваа юм гэсээр энгийн иргэдээ хордуулахыг зөвшөөрөөд ч байгаа юм шиг. Хууль бус худалдаа наймаа хийлээ хэмээн үүрэг гүйцэтгэж буй хэв журмын цагдаа автобусны буудал зогсох эмээд шаардлага тавихад, задарсныг нь чадахгүй байж, ядарсанд ялархуу хэмээн ад үзэгсэд олон. Угтаа цагдаа, хууль бусаар, стандартын бус нөхцөлд элдэв зүйл борлуулан суугаа эмээг өрөвдөөд худалдан авалт хийж, эмгэг өвчин тусаж. Эрүүл мэндээрээ хохирох бий вий гэж таны өмнөөс зовнин, таны тусын тулд шаардлага тавьж байгаа нь энэ юм шүү дээ. Ямартай ч яаж ч хориод цэгцэрч өгдөггүй задгай, хууль бус худалдаа хөл хорионд удсан хотод хэрхэн өрнөж буйг сурвалжилахаар Баянзүрх I зах, III, IV хороолол, Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо.

ХУГАЦАА НЬ ДУУССАН “SIESTA” БРЭНДИЙН ХАР ЧАВГЫГ 1500 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖ БАЙНА

III,IV хороолол орчим бол дээр дурьдсан хууль бус, ил задгай худалдааны томоохон хэсэг. Замын хойд талаар хувцас, гэрийн углааш, цүнх, гутал, пүүз, жимс, зайрмаг гээд зарагдахгүй зүйл үгүй. Чухам л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байгаа харагддаг. Амралтын өдөр тул хүний хөл хөдөлгөөн ч их байлаа. Тэр дундаас орос үйлдвэрийн печень, “Siesta” брэндийн хар чавга, хятадын үе мөчний тос, гоо сайхны саван зэрэг бүтээгдэхүүн худалдаалж байгаа 40 орчим насны эмэгтэй нүдэнд тусав. Учир нь супермаркет, бусад жижиг хүнсний дэлгүүрт ч 4000- 5000 орчим төгрөгөөр зарагддаг уг хар чавгыг хэтэрхий гэмээр хямдхан үнээр борлуулж буйд гайхсан хэрэг. Надаас гадна гурван эмэгтэй худалдаж авахаар зогсоно. Бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгатал 14 хоногийн өмнө дууссан байв. 

Зах зээлийн үнээс гурав дахин хямд зарж байгаа шалтгаан нь энэ байж. Худалдаачнаас яагаад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байгааг асуутал “Хугацаа нь дуусаад удаагүй учраас муудсан зүйл байхгүй. Задлаад амсаж үзэж болно. Зүгээр байсан бол юу гэж ингэж хямд зарах вэ дээ” хэмээн хээв нэг хэлэх аж. Сайн чанарын хар чавга зөөлөн, уян, хэт хатаагүй байх ёстой байдаг. А,В5, C, Е гэх мэт олон төрлийн аминдэм агуулна. Тэр хэрээр эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө нь их. Гэхдээ хоногт хэт их идвэл, хугацаа нь дууссан, муудсан нөхцөлд хэрэглэвэл эсрэгээрээ хүний биед түгжрэл, харшил, ходоод гэдэсний хямрал үүсгэх магадлалтай. Гадаа +26 C байхад, дээрээс нь муудах дөхсөн чавгыг худалдах нь шууд бус утгаараа хордуулах атгаг санаа мэт. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ тухайн лавлахад “Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол бүтээгдэхүүнийг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авдаг” гэв. Түүнчлэн ил задгай үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө харьяа хороогоор дамжуулж, дүүргийн мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажилладаг гэх тайлбарыг өгсөн юм.

 

ХОГ ШОРОО, ТООС ТОРТОГ ДУНД ЗАРЖ БАЙГАА ЖИМС ХООЛ УУ, ХОР УУ

Цааш явсаар Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд очлоо. Хог шороо, тоос тортог, согтуу хөлчүү хүн, жижиг худалдаатайгаа хаяа дэрлэн оршино. Хувцас, бараа бүтээгдэхүүнээс гадна үргэлж таардаг зүйл бол жимсний мухлаг. Хажуугаар өнгөрсөн хүүхэд багачуудын харааг булаадаг учраас эцэг, эх нь авч өгөхөөс өөр аргагүй болдог бололтой. Гудамжинд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо нь гадаад орчинд, ялангуяа хөрсөнд агуулагдах төрөл бүрийн гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог. 

Түүнчлэн хэрэглэхийн өмнө заавал бүлээн усаар угааснаар бохирдол бүрэн цэвэрлэгддэг. Харамсалтай нь жимсний мухлагийн хажууд зогссон бүсгүй зургаа орчим насны хүүдээ алим авч өгтөл шууд л идчих нь тэр. Жимс борлуулж байгаа хүнд лангуу ч байхгүй. Сагс болон цаасан хайрцагтай гадил, алим, тарвас, мандарин зэрэг жимсээ газарт тавьчихсан зарах юм. Хүний хоногт авах илчлэг, шим тэжээлийн үүднээс жимс, хүнсний ногоо зайлшгүй хэрэгтэй хүнс мөн үү гэвэл мөн. Ганцхан гудамж гэлтгүй томоохон дэлгүүр, супермаркетуудад ч муудсан жимс зарах тохиолдол бий. Манай улсад зарагддаг жимснүүд чанарын шаардлага хангадаг уу, мэргэжлийн хяналтын газраас ямар шаардлага тавьдаг, Монгол Улсын хилээр оруулахад ямар нөхцлөөр оруулж ирдэг гээд бүрхэг зүйл олон. Гэхдээ Замын-Үүдийн хилээр чингэлэг чингэлэг жимс ногоо орж ирдэг нь бас нууц биш. Цааш явтал “Алим, мандарин 3500- аар аваарай” гэсэн хүнтэй таарав. Тэрбээр, бидний хэлдгээр 100- гийн гялгар уутанд савласан жимс зарж зогсов. Жимсний наймаа эрхлэгчдийн тоо өдөр тутам өсөж, цахимаар хүргэлттэй ч зарж байгаа. Жимсний хадгалах хугацааны талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс лавлахад “Жимс, жимсний төрлийн бүтээгдэхүүнийг -6C-ийн хүйтэнд хадгалах ёстой байдаг. Хэрвээ зориулалтын дагуу хадгалаагүй бол витаминлаг чанараа алдаж, ходоодны үрэвсэл, гэдэсний нян, цаашлаад дотор эрхтэний үйл ажиллагааг муутгаж, хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Чанарын шаардлага хангаагүй, ил задгай худалдаалж байгаа бизнес эрхлэгчдэд сануулах, торгох, албадан үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авдаг ч өөр газар очиж зарах тохиолдол олон ” гэв.

 

НАС ЗААГААД АЖИЛД АВДАГГҮЙ УЧРААС АМЬДРАХЫН ЭРХЭНД...

Гудамжны худалдааг зөвхөн манай улс хийдэг үү гэвэл үгүй. БНСУ, Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй улсад ч бий. Гэхдээ хэзээ ч манайх шиг тоос шороо эргэсэн газарт, гудамжны сүүдрэвч, цемент бараадан тоосонд дарагдаж, наранд цохигдон худалдаа хийдэгггүй. Стандартаар бол худалдагч нь гар угаах хэсэг, халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөөтэй, бүтээгдэхүүн хадгалах хүйтэн горимд нийцэх хөргөгч хөлдөөгчтэй байх ёстой юм. Гэтэл манайд гудамжны худалдаанд бүү хэл, томоохон зах, худалдааны төвүүдэд ч энэ шаардлага хэрэгждэггүй. Шороон дундах амттанг харж, сэтгэл эмзэглэсээр гарч, Баянзүрх I зах дээр ирлээ. Бөмбөгөр, III,IV хорооллыг бодвол жижиг зах, дээрээс нь зай талбай бага тул энэ төрлийн худалдаа ч харьцангуй цөөн аж. 

Сар шинийн баяр, шинэ жилийн үеэр худалдаа ихэсдэг ч биднийг очиход хонины чанасан толгой зарж зогсох 50 гаруй насны эрэгтэй, машины арын бүхээгт самрын ясан дэр зарж зогсох 30 гаруй насны эрэгтэй угтав. Хонины толгой зарж зогсох эрэгтэйгээс хэзээнээс энд наймаа хийж байгаа, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг асуухад “Гэртээ чанаад, хүнсний скочоор ороогоод зардаг.Мэдээж хүнд зарах учир эрүүл, цэвэрхэн орчинд чанаж, болгодог. Энд ирээд зарахдаа маскаа тогтмол сольдог. Зах дотор ороод махны худалдааны тасгийнхнаар заруулж болох ч худалдагчид нь өндөр үнэ хэлдэг. Тэгээд ч миний насны хүн ажилд орох ямар ч боломжгүй. Хайж үзсэн ч ихэнх нь нас заачихдаг. Хоёр оюутан охинтой учраас орлогогүй гэртээ сууж чадахгүй, боломжгүй. Ийм учраас л энд сууж байна” гэж учирлав. Нээрээ ч тогтвор сууршилтай ажилтай бол хэн ч гудамжинд, нар салхинд гандан гадаа гудамжинд, халуун халж, хүйтэнд хөрч гадаа гар дээрээс наймаа эрхлэхийг хүсэхгүй.

 Нэлээд хэдэн жилийн өмнө хилээр хуурамч жимс орж ирсэн мэдээ тарж, шалгаж үзтэл хөгц, мөөгөнцөр, нянгийн бохирдол илэрсэн чангаанз, хар чавга, хасарваань жимс байсан. Өнөөх нь манайхны хэллэгээр баячуудын ордог том дэлгүүрт хүртэл хүрчихсэн борлогдож байсан гашуун түүх бидэнд бий. Ингэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, нэр, хаяг, үйлдвэрлэсэн хугацааг тодорхой бичих ёстой гэсэн стандартаа бид хэзээ жинхэнэ ёсоор нь мөрдөх юм бэ. Үр хүүхдээ тэжээж, нийгмийн ороо бусгаад хөл алдалгүй, алдчихгүй юмсан гэж хэр чадлаараа хичээж явааг нь буруутгах аргагүй ч эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн зарж байгааг нь зөвтгөх боломж бас үгүй. Ингэхэд бид хоол гэж хор идсээр л байх уу...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН