Зуны амралт дуусах тийшээ хандаж, сургууль хичээл эхлэх цагаа хүүхэд багачууд тэсэн ядан хүлээдэг дээ. Тэр цаг нь одоо дөхөж байна. Наадмын маргааш намар гэдэг сэн. Наадмаа тэмдэглээгүй юм чинь намар болж байна уу, үгүй юү? Гэтэл наадмаа тэмдэглэчихсэн ч юм шиг болоод явчихсан.

Өчнөөн мөнгө зарлагадаж өвөрлөгч бөхчүүдийг сагсалзуулан дэвээд, буриад охидын хормой сэвээд явчихсан. Түүнийгээ төрийн хүндэтгэлийн контент гэж нэрлэв. Наадмын төсвийн мөнгөөр хийсэн гэж байгаа. Хямдхан хийсэн, найруулагч нь мөнгө аваагүй гэж мэлзсээр байгаа боловч Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнийн намтарт үүрд дагалдах хар толбо болон үлдэж байна. 100 жилийн ой гэдэг онцгой тэмдэглэлт үе байсан болохоор монголчууд үүнийг мартахгүй. Наадам хийсэн хийгээгүйн хооронд, намар болсон болоогүйн хооронд хичээл эхлэх цаг хаяанд ирлээ.

Өнгөрсөн хавар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энхтүвшин ирэх хичээлийн жилийг 8 сарын 15-нд эхэлнэ гэж мэдэгдэж байсан. Хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилготойгоор ийм мэдэгдэл хийсэн байх. Тэр нь чухам албажсан эсэхийг бүү мэд. Саяхан хэлэхдээ хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлнэ гэж байна.

 

Есөн сарын нэгэн гэдэг өдөр бидний ой тойнд сургуулийн хичээл эхэлдэг өдөр, Эрдмийн баяр гэсэн ойлголт аяндаа бүрэлджээ. Хуанлийн тооллоор тэр өдөр нь Ням гараг тохиолдох юм бол дараа өдөр нь буюу 2-нд хичээлээ эхэлдэг явдал бий. Үүнийг хэн ч урагшлуулъя хойшлуулъя гэж хэл үг гаргалгүй, аяндаа зохицоод л явчихдаг. Есдүгээр сарын 1-ний өдөр нь энэ жилийн тухайд Лхагва гараг тохиолдож байна. Чухам үүнтэй холбогдуулан санал хэлье.

Сургалтын ажлыг багш нар долоо хоногоор төлөвлөн бэлтгэдэг. Хэзээнээсээ ингэж тогтсон юм. Энэ хичээл долоо хоногт хэдэн удаа орох вэ, улиралдаа хэдэн цаг байх вэ гэдгээ бодож төлөвлөгөөгөө гаргана. Энэ нь цаанаа багшийн цалин хөлс гэх мэт эдийн засгийн тооцоотой уялдан холбогдсон байдаг. Өчнөөн л олон тооцоо шууд ба тойруу замаар хамаатай байдаг юм билээ. Дунд сургуулийн хичээл нь 8-10 долоо хоног хичээллээд урт богино хугацаагаар амардаг. Гэтэл долоо хоногийн эхний хоёр өдөр хичээллээд улирлын амралт болчихдог гэх мэтээр сондгой долоо хоног гараад ирдэг. Үүнийгээ манай багш нар зохицуулан төлөвлөчихдөг болохоор өдий хүртэл хэл ам гарч байсангүй.

Хичээлийн шинэ жилийг үүнээс хойш жил бүр Даваа гарагт эхлүүлж байя. Энэ нь олон ажлыг жигдрүүлэхэд хэрэгтэй туршлага болно. Калифорнийн бага, дунд сургуулиудын тухайд жишээ авбал энэ жил 8 сарын 16-ны Даваа гарагт хичээлээ эхэлнэ гэдгээ зарлачихлаа. Жилийн жилд энэ хавьцаа л эхэлдэг. Энэхүү жишгийг дагаад Монголын сургуулиудыг Наймдугаар сарын сүүлчийн Даваа гарагт хичээллүүлж эхлэх шийдвэр гаргаж болох юм. Тэгвэл энэ жил 8 сарын 30-нд эхлэх болно.

Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор Боловсролын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр 8 сарын 30-нд эхлүүлээд, дараагийн хичээлийн жилээс өмнө Боловсролын тухай хуульдаа тусгаад өгчихөж болох юм.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөх богино хугацаанд хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй байх гэж санаад энэ жилийн тухайд Боловсролын асуудал эрхэлсэн сайдын цаг үедээ уялдсан онцгой шийдвэр гарвал зөв болно байх гэж санаж байна.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энхтүвшинг ажилдаа идэвх зүтгэлтэй, туршлагатай, шударга сайд гэж олон түмэн хүндэтгэн харж байгаа билээ. Харин сүүлийн үед Монгол улсын Консерваторын хашаа руу өнгийж хараад байгааг чинь харин хүмүүс төдийлөн таашаахгүй байна.

Хэрэв үүнийг эвээ олж зохицуулахгүй бол сарлагтай буриадууд дайраад өнгөрөх вий. Өвөрлөгч бөхчүүд дэвсээд орхих вий. Согтуу монголын шидсэн хундага толгой дээр чинь хагарах вий. Бусдаар болбол ч түвшин сайхныг тогтоогоод, тэнүүн уужим сэтгэл зүтгэлээрээ хичээлийн шинэ жилээ эхлүүлнэ, цар тахалтайгаа ч тэмцэж чадна гэдэгт итгэл төгс байна.

 

Я.БААТАР