Г.ЭНХГЭРЭЛ

Хүн амьтнаас ялгаатай нь амьд явахын тулд л амьдардаггүй. Өөрөөр хэлбэл идээд, унтаад сэрээд урсгалаараа явахыг амьд явах гэж тодорхойлж болох юм. Тэгвэл хүний амьдрах гол баталгаа нь юу юм бэ? Хүнд махбодиос гадна оюун ухаан заяагдсан. Тэрхүү ухамсарт зориулагдсан хүний эрх хэмээх ойлголт ч бий.

Амьтад ч мөн эрхтэй л дээ. Гэхдээ хүний ч, амьтны ч эрхийг хүн өөрөө л зөрчдөг нь хачин. Тиймээс хүний эрх гэх түгээмэл ойлголт бас тус эрхийг хангуулах хууль дүрэм, журмууд бүр бие даасан институциуд буюу байгууллагууд үүссэн. Хүний эрх гэдэг нь тэгвэл хүнийг хүн шиг амьдрахад зайлшгүй хэрэгтэй гол баталгаа нь байх нь. Тэгвэл сүүлийн үед олныг цочирдуулсан хүний амьдрах наад захын эрхийг зөрчсөн бүр эрүүгийн хэргийн шинжтэй тохиолдлууд ил цагаан элбэгшлээ. Харин хүний эрхийг хангуулах механизм нь хаана байна вэ? Үүнтэй холбоотой баримт, тайлбарыг хүргэе.

БАРИМТ-1

Цахим орчинд олон мянган дагагчтай О.Осоржамаа гэх залууг мэдэхгүй хүн ховор. Тэрбээр өөрийн үзэл бодол, гадаад төрхөөсөө болж ялгаварлан гадуурхалт, доромжлолыг тэвчсээр ирсэн. Тэгсэн ч удаа дараа хүчирхийлэлд өртсөн гэдгээ цахим хаягаараа дамжуулан мэдээлдэг. Гудамжинд явж байхад нь хамрын цусыг нь садартал цохих, өшиглөх, хувцсыг нь урах, үснээс нь зулгаах, амьдралаа залгуулдаг шорлогоо шороотой хутгуулж, гишгэчүүлсэн тохиолдол бүрийг бид нийтээрээ харсан ч мөн л гайхан шогшроод л өнгөрсөн. Хүний эрхийг хөлийн уландаа цустай нь холин өшигчиж байхад бид хүний эрхийн ямар ч мэдрэмжгүйгээр кино, жүжиг мэт шиг үзвэр болгон үзсээр л суух уу? Хүний биед халдах бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хуулийн зүйл заалт нь цагаан дээр хараар бичигдсэн бий. Мөн түүнийг үзэж суугаа сошиал хэрэглэгчид мэдэх, мэдэхгүйгээр хүний эрхийг мөн ноцтой зөрчиж буйгаа зугаа цэнгээн болгон хөгжүүлдэг хандлага тогтлоо.

Тэр нь хүнийг гутаан доромжлох, харааж зүхэх нь хэвийн үзэгдэл боллоо. Тухайлбал өнгөрсөн долдугаар сард О.Осоржамаа төрсөн нутагтаа аялахаар явж буйгаа лайваараа ярьж байсан юм. Гэтэл удалгүй хөх няц болтлоо зодуулсан зургаа постолж олныг цочирдуулав. Тэрбээр “Өвдөж, их хорссон. Тухайн үед яаж тэвчиж байснаа мэдсэнгүй. Хөдөө нутагт явж байтал очоод ганц хоноод л ийм боллоо. Хэдэн хүн ирээд нутгийн нэр гутаасан гээд л над руу дайрч, чирч, сураар ороолгож, алах шахсан. Би машинтайгаа зугтаж амь гуйхад тэдэн дундаас намайг өмөөрсөн хүн нэг ч байгаагүй” хэмээн ярьж байв. Тэрбээр зодуулсны улмаас хүнд гэмтэл авсан тул тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Энэ тухай О.Осоржамаагаас лавлалаа. 

-Одоо хэрэг ямар шатандаа явж байгаа вэ? 

-Өчигдөр цагдаагийн газраас мэдүүлэг авсан. Шүүх эмнэлгийн хариу гарсан юм билээ. 

-Өөрийг чинь зодсон иргэн одоо байцаагдаж байгаа уу? 

-Гадуур байцаагдаж байгаа гэсэн.

 -Тэр өдрөөс хойш дахиж холбогдож, дарамт шахалт үзүүлээгүй биз?

 -Үгүй ээ. 

-Одоо биеийн байдал нь ямар байна?

 -Эмчийн бичиж өгсөн эмнүүдийг уугаад дээрдэж байгаа. Эргээд хэвийн амьдралдаа орохын тулд хичээж л байна. 

-Үүнээс ч өмнө чи гудамжинд цохиулах, үснээсээ зулгаалгах гээд олон удаа ялгаварлан гадуурхалт, халдлагад өртөж байсан. Энэ хэд дэх удаагийнх нь вэ?

 -Тоолж үзээгүй ээ. Тоолохоор ч цөөн биш байх. Тэгэхээр лав гарын 10 хуруунаас ч олон удаа болов уу. Балчир хүүхдүүд хүртэл чулуу шиднэ, тоононы раам хагална, араас элдвээр хэлж доромжилдог. Зодох, өшиглөх нь бүр ч олон удаа тохиолдсон доо. Дөрвөн удаа утсаа дээрэмдүүлж, толгойгоо хагалуулж байсан. 

 -Таныг удаа дараа зодож байсан хүн бага байхад чинь хүртэл олон удаа зодсон гэсэн. Чамтай ямар холбоотой хүн юм бэ?

 -Миний хүүхэд нас Архангай аймагт өнгөрсөн. Тэр айлын малыг би хариулдаг байсан юм. Тэгээд зодуулдаг байсан болохоор ингэж байхаар хот орж, ажил хийгээд, өөрийн гэсэн гэр оронтой болж амьдрья гэж шийдээд энд ирсэн. Ирээд эхлээд орц, хонгилоор хоноглож байлаа. Удалгүй хуушуур, шорлог зардаг болсон. Зоддог байсан Н.Батбаатар бол миний өргөмөл ээжийн төрсөн дүү. Хүүхэд байхад ч зодож, дарамталдаг байсан. Сая Архангайд очиход согтуу “Чамайг алж байж миний сэтгэл ханана. Алчихсан байхад Монголын хууль надад үйлчлэхгүй. Ард иргэд ч надад баярлана” гэж хэлээд сураар ороолгож, өшиглөж зодсон. Тэнд олон хүн байсан ч нэг хүн нь ч болиулах гэж оролдоогүй. Машиндаа суугаад зугтах гэтэл машиныг маань өшиглөж, цохисон. 

Энэ ярианаас харахад түүний амьд явахаас бусад маш олон эрхийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй хүчирхийллийн тод жишээ. Түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг юм байж. Харин ялгаварлан гадуурхалтад өртсөн, гутаан доромжлогдсон, нэр төрд нь болон чөлөөтэй зорчих эрхэнд нь халдсан гэх мэт эрхүүдийг нь хэн хамгаалах вэ? Сэтгэлзүйд нь учирсан хохирлыг нь хэрхэн тооцож, хэн төлж барагдуулах вэ? Энэ зөвхөн О.Осоржамаад тохиолдсон асуудал биш. Сүүлийн үед хэн дуртай нь хэн нэгнийг хүссэнээрээ доромжилж, гутааж, гүтгэж, нэр төрд нь халдаж байдаг болжээ. Ийм эрхээ зөрчүүлсэн хүмүүс “Зодуулж цохиулчихаагүй нь их юм” хэмээн хүний эрхийн наад захын хамаг эрхэндээ халдуулснаа хүлцэн тэвчиж, сэтгэл санаагаараа хохирч үлдсээр. Хүний үндэсний эрхийн комисс хэмээх бие даасан хараат бус, олон улсын статустай байгууллага хаана байна вэ? Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн З.Энхболдод хандахад ‘’Иргэн О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртсөн талаарх баримт мэдээллийг цуглуулж, үйл явдлыг тодруулж байна. Нийгэмд тэгш бус байдал гүнзгийрэх, бусдын ялгаатай байдлыг үл зөвшөөрөх нь бие биеэ ялгаварлан гадуурхах, үзэн ядах, доог тохуу хийж, өөрсдийн зугаа цэнгэл болгох, аливаад зэрэг зиндаа тогтоох хандлагыг нэмэгдүүлж аймшигт гэмт хэрэг, төсөөлшгүй сөрөг үр дагавар бий болгож байна’’ хэмээн өөрийн цахим хуудасдаа нийтэлжээ. Харамсалтай нь хүний эрхийг хангуулах, хамгаалах ёстой байгууллагын гишүүн дэлгэцнийхээ араас бараг эмгэнэл шиг харамсал илэрхийлж О.Осоржамаагийн нэр төрд өөрөө “халдав”. Хүний эрхийн байгууллага хүний эрхийг ингэж хамгаалдаг уу? Олон нийтийн сүлжээгээр овог нэртэй нь дахин зарлаж болох эсэхийг Хүний эрхийн үндэсний комисс О.Осоржамаагаас асуусан уу? Үүний дараа О.Осоржамааг дахин дарамтлах, зодохоос хэн хамгаалах вэ? Түүнийг зодсон хүн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат н.Батбаатар гэгч хүний биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр ял авах аль эсхүл торгуулиад өнгөрөх магадлалтай. Цагдаагийн байгууллага түүний хохирсон асуудлыг шалгахдаа түүний эрхийг дахин зөрчихгүй байгаа эсэхийг хэн мэдэж байгаа юм бэ? Хүний эрхийн комисс үүнд хяналт тавьж байгаа юу? 

БАРИМТ 2 

Комедиан Д.Амартүвшин зургадугаар сарын 28-нд Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” гэх тайван жагсаал буюу флашмоб зарласан. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө түүнийг гамшгийн төлөө хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Хүн хоорондын зайгаа барьж, амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахисан түүний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг ингэж зөрчсөн. Тэрбээр “Хоёр жил бизнесээ хязгаарлууллаа. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө цуцлуулсан. Дарга, эрх мэдэлтнүүд хэчнээн их сонгуулийн сурталчилгаа, уулзалт хийж халдвар, хамгааллын дэглэм зөрчиж болдог. Харин энгийн бид үгүй юм билээ. Би яахаа мэдэхгүй байна” хэмээн хэлж байв. Хүний үндсэн эрх, эрх чөлөө эн тэргүүнд үү, гамшгийн үеийн журам түүнээс дээгүүр үйлчлэх юм уу? Түүний хувьд үзэл бодлоо хууль ёсны дагуу зөв илэрхийлж, тайван замаар жагсах эрхээ эдэлсэн гэдгийг нь нотлоод өгөх Хүний эрхийг хамгаалдаг байгууллага байна уу? 

БАРИМТ 3

 Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархсанаар улс, орон бүр тодорхой арга хэмжээ авч, одоо ч вирусээс бүрэн ангижирч чадаагүй байна. Харин манай улсын хувьд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотооддоо халдвар алдаж, өнөөдөр 168.673 хүн коронавирусийн халдвараар өвджээ. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн олон тохиолдол маш олон гарсан. Жишээлбэл, халдвар авсан хүний нэр, зургийг олон нийтийн сүлжээнд дэлгэх, зорчсон маршрутыг зарлах, тэр битгий хэл ээж, аав нь халдвар авсан зургаа болон 13 настай охидыг орцных нь оршин суугчид нь гэрт оруулахгүй хөөсөн, түрээслэж байсан нийтийн байрнаас нь өвлийн хүйтэнд хөөх, ажлаас нь халах гээд тоочоод баршгүй олон тохиолдол гарсан.

Эдгээрээс долдугаар сарын 6-нд гарсан доорх баримтыг дэлгэе. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвийн эмч л гэгч сумын фейсбүүк бүлгэмд халдвар авсан, эдгэрсэн хүний нэрсийг зарласан ноцтой зөрчил гарав. Энэ тухай тус эмнэлгийн шуурхай утаснаас лавлахад “Халдвартай хүмүүс хавьтлаа хэлэхгүй байсан учраас цахим сүлжээнд түгээх шийдвэр гаргасан юм. Сумын онцгой комиссоос ч зөвшөөрсөн” гэсэн хариуг өгөв. 

Эрхээ эдэлж явж байгаад хохирсон О.Осоржамаа, хууль зөрчөөгүй ч буруутан болсон Д.Амартүвшин нарын эрхийг хамгаалчих үүргээ ухамсарласан газар өнөөдөр манай улсад байхгүй юм гэж үү. Яагаад юу ч хийхгүй, гараа хумхиад сууна вэ. Цагдаагийн байгууллага чинь хохирогчийг хохироохгүй, дарамт учруулахгүй хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу. Алслагдсан суманд коронавирусийн халдвар авсныхаа төлөө ах дүү, нутгийнхандаа адлагдаж байгаа иргэд эрхээ мэдэж байна уу. Тэдэнд үүргээ ухамсарлаж, тусалж хайрлаач хүний эрх хамгаалагчид аа! Хүний эрхийн наад захын мэдрэмжгүй, олон улсын чиг баримжаатай Хүний эрхийн үндэсний комисс хэмээх хөлдүү бүтэц байхын хэрэг байна уу?

ҮНДЭСНИЙ  ШУУДАН СОНИН