Аутизм Монгол-АНД төрийн бус байгууллагын ахлах сэтгэл зүйч Б.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Аутизм гэж юу вэ?

-Бусадтай харилцах чадвар бага, аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сул, давтагдмал зан үйл болон хэт явцуу сонирхлоор илэрдэг насан туршийн эмгэгийг аутизм гээд байгаа юм. Аутизмийн үед илрэх гол шинж тэмдгүүд гэвэл хэлд орохгүй байх, нүдний булангаараа харах гэх мэт өвөрмөц үйлдэл хийх, хүний нүд рүү тогтож харахгүй байх, зөвхөн өөрийн хүссэн зүйлийг сонирхох, хооллолт хэвийн биш, хэт их идэх, эсвэл нэг л төрлийн хоол идэх. Заримдаа олон хүнтэй орчинд тавгүйтэх, нэрээр нь дуудахад харахгүй байх, гараа сэгсрэх, дороо эргэх гэх мэт нэг хөдөлгөөнийг үргэлж давтах, өвдөлт бага мэдрэх, сэтгэгдлээ хуваалцдаггүй, бусдын нүүрний хувирлыг ойлгодоггүй гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ эмгэгийг эцэг эхчүүд зургаагаас найман настайд нь мэдэх боломжтой байдаг. Хоёроос гурван настайд нь аутизмын шинж тэмдгүүд нь хурцаар мэдрэгддэг. Хөгжлийн хоцрогдол нь үеийн хүүхдүүдээс илт хоцрогдсон байдаг гэсэн үг. Тиймээс хоёроос гурван насанд нь бүрэн оношилгоо хийлгэх хэрэгтэй.

-Аутизмыг засах боломж бий юу?

-Аутизмийн хүрээний эмгэгүүдийг эмчлэх арга байдаггүй. Гэхдээ маш олон төрлийн сэтгэц заслын аргууд байдаг. Энэ аргууд нь аутизмын шинж тэмдгүүдийг аль болох багасгах л зорилготой.

-Аутизмын эмгэгийн гол шалтгааныг эрдэмтэд тогтоосон уу?

Үүсгэж буй шалтгааныг одоогоор баттай тогтоогоогүй. Хүн болгон өөр байдаг. Зарим хүүхдүүд аутизмтэй зарим нь хөнгөн хэлбэрийн, зарим нь дунд зэргийн аутизмтай гэх мэт байдаг. Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаална. Аутизмтай 100 хүүхэд байлаа гэхэд бүгдээрээ өөр өөр аутизмтай байдаг. Хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдэд өөрт нь тохирсон сургалт явуулаад сайн үр дүн гарч болно. Мөн хөгжихгүй байх тохиолдол ч байгаа. Үр дүн хэдий хугацаанд гаргана гэж амлалт өгөхөд ч хэцүү. Нэг сарын хугацаанд гарч болно. Хоёр сар, эсвэл насан туршдаа сурах, өөрчлөгдөхгүй байж болно. Ер нь бол аутизм гэдэг нь насан туршийн эмгэг байгаа юм. Насаараа л ямар нэгэн сургалт тусламж авах шаардлагатай хүмүүс гэсэн үг. Шалтгаан нь тодорхойгүй. Эрдэмтэд олон санал дэвшүүлдэг аль нь ч батлагдаагүй байдаг. Төрөлхийн ба олдмол гэж хоёр хувааж үздэг юм. Орчных гэдэг нь агаарын бохирдол хүнд металлын хордлого. Төрөх явцад үүсэх хүндрэл хүчилтөрөгч фолийн хүчлийн дутагдал. Гэхдээ тэр санаа батлагдаагүй. Зарим эрдэмтэд генийн өөрчлөлтөөс ч болдог гэж үздэг ч мөн л батлагдаагүй асуудал.

-Аутизмтай бол бүгд ижил бэрхшээлтэй байдаг уу. Манай улсад бүртгэлтэй аутизмтай хичнээн хүүхэд байна вэ?

-Хүүхэд болгон өөр өөр бэрхшээлтэй. Хувийнх нь онцлогоос шалтгаална. Манайд бол 200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Олон улсын байгууллагуудынхаар бол нийтдээ 500 хүүхэд бүртгэлтэй байгаа. Ихэнх нь бага насны хүүхдүүд. Манай байгууллагад 30 гаран насны хоёр залуу бүртгэлтэй байдаг.

-Эмчлэгдэхгүй гэсэн үг үү?

-Эмгэг учраас эмчлэгдэхгүй насан туршид байна. Засах гэж ярина. Япон, Солонгос Ази Европт хэзээний хүмүүс мэдээд бүх түвшиндээ эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээнүүд нь шийдэгдчихсэн. Олон нийтэд болон төрийн албан газруудад мэдээлэл түгээх, сурталчлах ажлуудыг хийгээд явж байгаа. Аутизмын хүрээний эмгэг хөвгүүдийн дунд (42-т 1) илрэх нь охидын дунд (189-д 1) илрэхээс тав дахин илүү нийтлэг байдаг.

Мөн эрдэмтдийн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тухайн улсын нийт хүн амын 0,62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэсэн байна. Энэ магадлалаар бол монгол улсад 18600 орчим аутизмын хүрээний эмгэгтэй хүн байх магадлалтай байна.

-Аутизмын анхны шинж тэмдэг хэдэн настайгаас мэдэгдэх вэ?

-Анхны шинж тэмдэг 6-8 сартайд ажиглагдаж эхлэх бөгөөд нэг нас хүрсний дараагаас тодорхой илэрч эхлэх бөгөөд 2-3 насанд шинж тэмдгүүд бүрэн илэрнэ. Хэл ярианы саатал, харилцан үйлчлэл дутмаг, өвөрмөц зан үйл (давтагдмал хөдөлгөөн), бусадтай харилцаа тогтоох болон тоглоомын хязгаарлагдмал сонирхол зэрэг түгээмэл шинжээр илэрдэг.

-Аутизмтай хүүхэд хэлд орох уу?

Харилцаа гэдгийг бид зөвхөн үгээр төсөөлдөг. Тиймээс л хүүхдээ аутизмтай гэдгийг мэдсэнээс хойш хэлд оруулахыг л урьтал болгодог. Мөн ярихаас илүү харилцаа чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн 25-50 орчим хувь нь хэл яриагүй байдаг гэсэн таамаглалыг олон улсын судалгааны байгууллагууд гаргасан.

“Autism Speaks” байгууллагаас аутизмыг таниулах өдөр цэнхэр өнгийн хувцас өмсөж аутизмтай болон тэдний ойр дотнын хүмүүст сэтгэлийн дэм өгч буйгаа илэрхийлдэг. Манай улсад мөн адил 2015 оноос хойш цэнхэр өнгийн хувцас өмсөх, аутизмын илэрхийлэл бүхий цэнхэр эвлүүлдэг тоглоом бүхий тэмдэг зүүх, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зөв ойлголт түгээх зэрэг кампанит ажлууд хийгдэх болсон.

Тэд бусдаас өөр ч бидэнтэй л адил хүн гэдгийг санах хэрэгтэй. Адилхан зүрх сэтгэлтэй, хайрлаж энхрийлэх гэж бусдаар хайрлуулах гэж энэ ертөнцөд ирсэн. Тиймээс та бүхэн олон нийтийн газар тавгүйтсэн, уйлж хямарсан, харилцаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хараад буруугаар ойлгохоос урьтаж, цаадах шалтгааныг нь ойлгох хэрэгтэй. Ингэж л хүн бүр эерэг хандлага үзүүлбэл тэдэнд болон тэдний ойр дотны хүмүүст хамгийн сайн дэм болно.

Аутизм нийгмийн гарал үүсэл, эдийн засгийн байдал, ястан үндэстнээс хамаарахгүй, хэнд ч тохиолдож болох бөгөөд эрэгтэй хүүхдэд 4 дахин илүү тохиолддог хэмээн эрдэмтэд нотолж байна.

Аутизмтай хүүхдийн тоо 50 жилийн өмнө 10000-д 1 байснаа, 20 жилийн өмнө 1000-д нэг болоод, 10 жилийн өмнө 150-д 1 болж тоо нэмэгдсээр байна.

Аутизмтай хүүхдийн тоо олширч байгаагийн шалтгаан нь оношилгоо сайжирсантай холбоотой хэдий ч бас өөр шалтгаан байгаа юм. Гэвч тэр нь яг ямар шалтгаан бэ гэдэг дээр одоогоор эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.