УИХ дахь МАН-ын бүл­гийнхэн өчигдөр “аюултай” гэхэд хатуудахаар, “улс­төржсөн” гэхэд зөөлдөхөөр мэдээлэл хийчихлээ. Тус бүл­гийн хурал дээр туршлагатай, тулхтай парламентач, МАН-ын “лидер” Д.Лүндээжанцан “Мах, гурилын үнэ өсч байхад харьяа яамныхан үнэ өсөөгүй гэж өөр тоо хэлээд сууж байна.

Өнгөрсөн амралтын өд­рүүдэд гурилын үнэ хэд хэдэн удаа нэмэгдэхийг өөрийн биеэр үзлээ. Гэтэл та бүхэн махны үнийг бууруулж байгаа гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллахыг хүсье” гэж байна.

Эрхэм гишүүн нам нь ялагдсан жилд өөрөө хүнсний зах руу явж гурил худалдаж авч үзсэн бололтой. Эгээ л анх удаа худалдан авч үзсэн хүн шиг ярьж байна билээ. Гэтэл МАН-ынхан өнгөрсөн 16 жилд ХХААЯ, ХХААХҮЯ-ыг тэр ч байтугай Монголбанкийг тасралтгүй удирдаж байх үед тэрбээр гурил худалдан авч үзээгүй юу. Үзсэн ч хэлээ хазаад үнэтэй гурил авч “хохироод” үлдсэн үү гэдэг сонин байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг онилцгооё, хөгжлөө бодоцгооё гэчихээд цагаан сарын өмнө үнийг хөөрөгдөх аюултайг мэдсээр байж “мах, гурилын үнэ өсөж байна” гэж яриад сууж байгаа туршлагатай парламентчийн үгийг үнэхээр гайхлаа. Хамгийн гол нь түүний шүүмжлэл байгаа оносонгүй. Үнэнд ч нийцсэнгүй.

Хэрэв мах, гурилын үнэ өсөөд байгаа бол Монголбанкны удирд­лагууд өнгөрсөн баасан гарагт мөн­гөний бодлогын хүүгээ 0,75 хувиар бууруулах уу. Д.Лүндээжанцан Та Л.Пүрэвдорж “найз”-аасаа асуугаа­рай даа. Монголбанк мөнгөний бод­логын хүүг 2009 оноос хойш анх удаа ийм хэмжээгээр бууруулж бай­на. Энэ бол сайн дохио. Бүр нэлээд хэдэн жил хүлээсэн дохио юм шүү. Харин инфляци бол үзэгдэл. Үзэгдлийн эсрэг арга хэмжээ авдаг болохоос улстөржүүлж иргэдийг айлгаж болохгүй. Тэр тусмаа цагаан сарын өмнө ийм улс төр хийх нь “аюултай”. Мөн МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт “Үүнээс хойш сөрөг хүчний бүлгийн хурлын хүсэлтэд УИХ дахь бүлэг мэдээлэл авахыг хүсэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд өөрийн биеэр ирж мэдээлэл өгөх ёстой. Тэгэхгүй бол хариуцлага алдсанд тооцож арга хэмжээ авна” гэж байна. Харин өнөөх Х.Баттулга сайд нь хөдөө аж ахуй бирж болон шинэ төслийн асуудлаар Дундговийн сумдад ажиллаж буй аж. Өөрөөр хэлбэл МАН-ынхны олуулаа хийж чадаагүй амлалтыг ажил хэрэг болгох гэж яваа тул дэд сайдаа тус намын бүлгийн хуралд мэдээлэл өгөхөөр даалгаад үлдээжээ.

 Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шатахууны үнэ нэмэгдэж байгаад төмөр замын царигтай холбоотой” гээд өчигдрийн хэвлэлд ярьчихаж. Монгол төрийн “брэнд” гэгддэг энэ хүмүүст ёс зүй байг гэхэд статистик мэдээлэл алга. Ерөөсөө МАН-ын бүлгийнхэнд эхний ээлжинд сөрөг хүчин гэж хэн бэ. Ямар тохиолдолд яаж сөрдөг байх хэм хэмжээний тухай хичээл заах хэрэгтэй юм байна.

Цаашилбал өнөөдөр макро эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хичээл заая. Инфляци ямар хэмжээнд өсөх байсан бэ. Яагаад “арай бага” хэмжээгээр өсгөчихөв. Бодлогын хүү нь яагаад буурав. Энэ нь хэнд, юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулахаас аргагүй болох нь. Монголбанк мөнгөний бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах гэж бай­на гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд дуулдаж байв. Хэдийгээр инфляци 19 хувьд хүрэх нөхцөл бүрдчихээд байсан ч 14 хувьд барьж чадсан нь том амжилт боловч мөнгөний бодлогын шийдвэр гаргах гэж буй мэдээгээр бодлогын хүүг нэмэх байх гэсэн прогнозтой байсан.

Гэтэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж бодлогын хүүг 0,75 нэгж хувиар бууруулан 12,5 хувь болгосон юм. “Инфляцийн хэтийн хандлага, зорилтот түвшинд нийцтэй байна. Эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурлаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасах хүлээлттэй байгаа” гэх зэрэг нөхцөл байдлууд уг шийдвэрт нөлөөлсөн аж.

Тухайлбал төв банкныхан Зам-Үүдийн хилийн боомт орчимд болон “Хүчит шонхор” хүнсний зах дээр хүртэл ажиллаж эрэлт, нийлүүлэлтийн шатанд үнийн өсөлт хэрхэн “үйлдвэрлэгдэж” буйг газар дээр нь судалж, арга хэмжээ авч байсан. Мөн үнийн өсөлтийг буй болгож буй “хар технологи”-уудад ажиглалт хийж түүнийг устгах замаар өмнөх жилүүдийнхээс тэс өөр нөхцөл байдлыг бий болгоод байгаа билээ. Үүний зэрэгцээ Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүд үр дүнгээ өгч эхэлж байна.

Махны үнэ сүүлийн жилүүдэд цагаан сарын өмнөхөн одоогийнхоос хямд үнээр худалдаалагдаж байсан гэж үү. Тэр тусмаа энэ талаар УИХ-ын гишүүд мэддэг, МАН-ын бүлгийнхэн авч хэлэлцдэг байсан тохиолдол байхгүй. Харин өнгөрсөн оны нэг­дүгээр сарын эхээр шатахууны үнэ огцом нэмэгдэхэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажиллаж байсан Л.Пүрэв­доржид хариуцлага тооцо­хыг шаард­сан. Гэвч тухайн үеийн МАН-ын бүлгийнхэн энэ талаар “сонсохыг ч хүсээгүй” учир дэм­жигдээгүй. Тэр үед шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбон тайлбарлахад “Яахаараа ам.дол­ларын ханш гуравхан хувиар нэмэгдэхэд шатахууны үнэ 16-18 хувиар нэмэгддэг билээ” гэсэн асуулга тавихад л Л.Пүрэвдорж хэлэх үггүй болж байсан.

Гэтэл өнөөдөр МАН-ынхан мах, гурилын үнээр “улс төр” хийж эхэллээ. Цагаан сарыг “мах, гурилын баяр” мэтээр төсөөлдөг,  Х.Чойбалсанг нас барсан тэр жилээс бусад ямар ч хүнд жилд яаж ийгээд “хуруу хумсаа хуй­халж” байгаад ч болтугай цагаан сараа тэмдэглэдэг тийм л ард түмнийг бараг 100 жил удирдчихаад иймхэн тоглолт хийх байсан юм уу, эрхэм хүндэт эх орончид оо.

 

У.Оргилмаа