“Монгол кино” нэгтгэлийн үнэт эдлэлүүд Ж.Солонгын гараар ороод дуусчээ

Сүүлийн үед “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой холбоотой таагүй мэдээллүүд хөврөх болсон. Тэрбээр төрийн мэдлийн газрыг хувьдаа ашиглаж эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, КУДС-ийг хэзээ, хаана, хэний заавар тушаалаар хувийн өмч болгосон нь мэдэгдэхгүй байгаа учраас  Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүд  түүнийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн тухай бид мэдээлсэн.


Ж.Солонгыг 1998 онд Төрийн өмчийн хорооноос томилогдож ирснээс хойш кино үйлдвэрт ажиллахад хэцүү болсон тухай тэд ярьдаг. Тухайлбал, тус газарт ажиллаж байсан алтан үеийн гэгдэх нэр, төртэй ахмад уран бүтээлчдийг чөлөөт уран бүтээлч хэмээн ажлаас халсан нь цаанаа их зүйл агуулж байсныг нь дээрх уран бүтээлчид саяхнаас мэдсэн байна.

Тэд урлагийн төлөө амьдралаа зориулж ирсэн болохоор Ж.Солонго тэдэнтэй хамтарч ажиллаж чадахгүй байсан гэнэ. Учир нь, Ж.Солонго шуналдаа автаж, өөрийгөө хөрөнгөжүүлсээр өнөөдрийг хүрсэн тул тэд тэмцэл хийхээр шийдсэн байна. Иймээс тэд түүнтэй холбоотой бүх л материалыг цуглуулж АТГ-т шалгуулах цаг нь болсон хэмээн үзэж байгаа аж.

Ахмад уран бүтээлчдийн  сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл нь тус үйлдвэрт данстай эртний жижиг хэрэглэл болон үндсэн бааз нь устаж алга болсон явдал юм.
Тухайлбал, манай улсад ганцхан байдаг тус үйлдвэрт эртний гэх бүх үнэт зүйл хадгалагдаж байх ёстой. Гэтэл одоо тэдгээр үнэт эдлэл эхнээсээ устаж үгүй болсон гэж уран бүтээлчид үзэж байгаа аж. 

Эртний эдлэл, жижиг хувцас хэрэглэл хэрхэн алга болж байгаа тухай “Монгол кино” ахмадын зөвлөлийн тэргүүн, кино найруулагч Д.Цэнддорж  “Би өмнө нь та бүхэнд хэлж байсан. Кино гэдэг бол  тухайн улсын үе, үеийн түүхийг бичиж үлдээдэг үнэт зүйл. 1998 онд Ж.Солонгыг ажил хүлээж авахад кино үйлдвэр жижиг хувцас хэрэглэл болон үндсэн бааз маш их баялаг байсан.

Харин одооноос чухам тэнд алтан үеийн жүжигчдийн хэрэглэж байсан эд зүйл байна уу гэдэг их сонин байгаа юм. Учир нь, жижиг хувцас хэрэглэл, үндсэн баазаа хариуцдаг байсан Д.Юмжир гэдэг нярав тус газарт хэрэглэгддэг үндсэн баазыг нь тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн байна билээ. Миний мэдэхийн 3000 ширхэг цэрэг эмээл, 300 гэр гэх мэт зүйлс байсан.

Гурван жилийн өмнө тус үйлдвэрт ажиллаж бай­сан нярав Н.Амараа гэх эмэгтэйтэй зах дээр дайралдахад тэрбээр “Би Ж.Солонго захирлаас ак­талж авсан хэдэн гэрээ зарах гээд зогсож байна” гэж байсан. Юмжир, Нараа хоёр чинь ажлаасаа халагдсан хүмүүс шүү дээ. Энэ хоёр хүнийг халсны дараа үнэт эдлэл болон бусад зүйлийг акталсан байна билээ.

Эд зүйлс  акталлаа гэхэд комисс байх ёстой. Гэтэл комиссын бүрэлдэхүүнд өөрийн хүмүүсээ оруулсан байгаа юм.  Угтаа бол тэр хөөрөг, эхнэр хувцас, тавилгыг актлах ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Иймэрхүү маягаар мань хүн түүхэн кинонд хэрэглэх үндсэн баазыг үгүй хийж дуусгасан. Уг нь манай үйлдвэрт 1950-иад оны та­вилга, гэр, эртний эхнэр хувцас, унжлага санж­лагатай ээмэг зүүлт, мөн 1960-аад  оны  цэргийн хувцас, хаадын  барьж байсан хөөрөг  зэрэг бүх эдлэл байх ёстой.

Уг нь, эдгээр үнэт эдлэл байх юм бол алсдаа улсын сан хөмрөгт хадгалагдаж үлдэх ёстой шүү дээ. Бас дайн байлдаантай кинонд зориулж олон тооны машин техникийг Батлан хамгаалах яамнаас өгч байсан. Эдгээрээс гадна уран бүтээлийн машин, зураг авдаг задгай машин, цахил­гааны эх үүсвэр гаргадаг 4-5 цахилгаан станцын машин гээд бүгд л үгүй болсон сурагтай. Бидний ярьж байгаа зүйлийг олон уран бүтээлч батална” гэсэн юм.

 Ямартай ч Ж.Солонготой мөр  зэрэгцэн   ажиллаж  байсан хүний яриа нэг иймэрхүү. Одоо эртний хаадын үеийн киноны зураг эхэллээ гэж бодоход Ж.Солонгод кино нэгтгэлээс гаргаж өгөх зуун цэрэг байтугай, арван эхнэр хувцаслах жижиг хэрэглэл байхгүй нь үнэхээр харамсмаар. Түүний нөх­дийнх нь ярьж буйгаар жил  бүр тооллого ороход  дээр үеийн үнэтэй хөөрөгнүүдийг солиод тооллогод оруулж байсан гэнэ.


Хамгийн гол нь,  тухайн хөөрөгнүүдийг тэр үеийн нярвууд нь л таньдаг байна. Гэвч Ж.Солонгын хуу­дуутай үйлдэл үүгээр дууссангүй. Тодруулбал, энэ салбарт зориулсан мөнгөнөөс багагүй завшдаг болох нь илэрч байсан гэнэ. Энэ талаар уран бүтээлчид “Ж.Солонгын тухай ярихад нүүр улаймаар зүйл их гарч ирнэ. Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрсэн.

Гэтэл эл хэргийг  цагдаагийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй хааж байсан. Ер нь, Ж.Солонго хуулийн байгууллагад дийлддэггүй мундаг нөхөр. Тэрбээр кино урлагийн ахмад зүтгэлтнүүдэд “Та нар намайг дийлэхгүй” хэмээн томорч ч байсан удаатай. Удахгүй энэ хүний үнэн худал нь ялгагдах байлгүй дээ. Хамгийн гол нь Монголын кино урлагийг өдий зэрэгт хүргэхэд амьдралаа зориулсан 90 шахам ахмад байгаа гэдгийг Ж.Солонго ойлгохгүй л байгаа юм” хэмээн ярилаа.


Монгол Улсын төс­вийн хөрөнгөөр 70-80 жилд бий болгосон мэр­гэж­лийн урлагийн энэ том байгууллагыг улс орон, олон түмний соёл, боловс­ролын төлөө сэтгэл зүрхээрээ ажиллах ёстой Ж.Солонго захирал хууль бусаар үгүй  хийж байгаа нь харамсалтай. Монгол киноны төлөө санаа  зовж явдаг уран бүтээлчид түүнийг огцруулах хүсэлтээ холбогдох газруудад нь гаргахаа мэдэгджээ. Иймээс “Монгол кино” нэгтгэлийн үнэт эдлэлүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"