Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун сурагчийн дүрэмт хувцасны үнийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой сурагчийн дүрэмт хувцасны үнэ өслөө гэдэг асуудал гараад байна. Үүнийг бид шалгасан.

"Монголын оёдлын нэгдсэн холбоо" гэдэг төрийн бус байгууллага байна. Уг холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 17.1.1-т заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зөрчлийн шинжтэй үйлдэлд нь наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна" гэдгийг хэлсэн юм.