Барилгын гол түүхий эд цемент дахиад л ховордож, “нүдний гэм” болжээ. Ердөө хоёр сар орчмын өмнө л тонн нь 380 мянгаар худалдаалагдаж байсан бол өнөөдөр 580-600 мянган төгрөг болтлоо өсчээ. Ховордсон цементийн үнийг хэдхэн ченж тодорхойлж аманд орсон үнээ хэлж, барилгын салбарынхныг дарамтлаад сууж байна.


Т.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна


Бид Гурвалжинд байрлах барилгын материалын 44 дүгээр зах дахь нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өдөр 11:00 цаг өнгөрөөд очиход агуулахууд бараг хоосорчээ. Буланд нь цөөхөн шуудайтай МАК-ын цемент л харагдаж байв. Цементийн худалдаа эрхлэгч Т.Эрхэмбаяраас цөөн асуултад тодруулга авлаа.


-Цемент тасраад байна уу. Агуулахууд бараг хоосон харагдах юм?

-Эрэлт хэрэгцээ их байна. Өглөө орж ирсэн цөөхөн вагон нь тэр дороо дуусчих юм.

-Энэ зах руу өдөрт хэдэн вагон цемент орж ирж байна вэ?

-Энд өдөрт л 30-40 вагон цемент орж ирж хэрэгцээ хангадаг юм. Өнөөдөр цөөхөн вагон орж ирээд тэр дороо дуусчихаж байна. Цементийн худалдаа эрхлэгчид өөрсдөө үйлдвэрээс нь бага хэмжээгээр татаж аваад худалдаалах ч тохиолдол байна.

-Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна уу?

-Нэг талдаа тийм. Дотоодын зах зээлд цемент нийлүүлж байгаа үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд тогтвортой ажиллаж чадахгүй байна. Нэг бол уут дуусчих юм, үгүй бол нийслэл рүү вагон явуулж чадахгүй байгаа юм. Энд бол 30-40 вагон цемент орж ирж байж л бүрэн хэрэгцээ хангана. Одоо бол тийм боломж алга. Ачааны машинтай орж ирсэн хүмүүс дүүртэл ачаад гарч чадахгүй байна.

-Өнөөдөр цемент хомсдоод байгаа шалтгаан нь ердөө энэ үү?

-Хөтөлөөс шуудай цемент ч орж ирэлгүй хагас сар орчим болж байна. Гол ачааг үүрч үнийг тэнцвэржүүлнэ гэж дуугарч байсан газрынх нь үйл ажиллагаа доголдчихлоо.

Хоёрдугаарт “МАК”-ын зүгээс зөвхөн борлуулалтын цэгүүдээрээ цементээ борлуулах сонирхолтой байна лээ. Энэ нь өнгөрсөн зун Хөтөл цементийн удирдлагуудын зүгээс гаргасан үйлдэлтэй холбоотой байх. Одоо“МАК”-ын цемент энэ зах руу бага хэмжээгээр л орж ирж байна. Ирсэн нь хаанаа ч хүрэхгүй байна л даа.

-“Мон цемент” энд харагдахгүй юм. Орж ирэхгүй байна уу?

-“Мон цемент” орж ирээгүй удаж байна. Ер нь Дорноговийн Өргөн сум дахь үйлдвэрээсээ нийслэл рүү зөөхдөө асуудалтай байгаа гэж ойлгосон. Өргөнөөс вагон явахгүй байгаа. Энэ нь нийслэл рүү цемент нийлүүлэхэд түвэг удаж байгаа тухай л мэдээлэлтэй байна” гэв.


Л.Батзориг: Энэ янзаараа бол цемент урдаас татахаас өөр арга алга. Барилгын салбар сүйрэх нь


44 дүгээр захын орчим цемент сурагласан хүмүүсийн хөлд дарагджээ. Орж ирсэн цөөхөн вагон цементийг нь ченжүүд хувааж авчихаад дамлаж зарж байгааг иргэд хэлж байна. Тэдний төлөөлөл Л.Батзоригтой ярилцлаа.


-Цемэнт авч чадсангүй юу та?

-Чадсангүй. Өглөө вагон буухад нь 20 тонн цемент авчихыг бодсон юм. Ченжүүд нь хуваагаад авчихлаа. Сүүлийн гурван хоног цемент хайлаа, олж чадсангүй.

-Огт олдохгүй байна уу?

-Цементийн ченжүүд гартаа оруулчихаад хөөрөгдөл үүсгээд байна. Тонн цементийг 580 мянга гэж байна шүү дээ. 600 мянган төгрөгөөр байгаа газарт буулгаж өгнө гэж байна. Дотоодын үйлдвэрүүд зах зээлд хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлж чадахгүй байгаа учраас л цөөхөн хэдхэн шуналтай хүмүүс гартаа оруулчихаад ийм байдалд хүргэж байна. Цементийн зах зээлд ямар ч эмх цэгц алга. Хор уршиг нь барилгын салбарынханд ирж байна. Одоо байрны үнэ цаашид өсөх нь ойлгомжтой. Ачаа нь иргэдийн нуруунд л очно. Гэтэл дээр дуусан хүмүүс маань нэг сургуулийн захирал хольж солих асуудалд л ач холбогдол өгөөд байдаг. Энэ хооронд чинь барилгын салбар сүйрч дууслаа.

-Одоо та бүхэн үйл ажиллагаагаа яаж байна вэ?

-Таг зогсчихоод байна. Уул нь барилгын улирал дуусахаас өмнө ажлаа жаахан ч болов явуулчихмаар байх юм. Гэтэл нөхцөл ийм байна. Ямар ч арга алга.

-Цементийн зах зээлийг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангана гэж мөн ч олон удаа дуугарч байсан даа. Ам бардам хэлдэг.

-Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээгээ бүрэн хангаад байвал сайн. Гэхдээ чадахгүй байна. Өнгөрсөн хавар барилгын улирал эхлэх үеэр хомсдолд орж байсан. Тухайн үедээ үйлдвэрүүд уутгүй болсон гэж тайлбарлаж байлаа. Харин өнөөдөр Хөтөл нь хамаг чадлаараа ажиллаад техникүүдээ эвдлээд хаячихав бололтой. “Мон цемент” нь нийслэл рүү зөөж чадахгүй байна. Ийм бүтэлгүй байвал урдаас татахаас өөр аргагүй. Дотоодын үйлдвэрээ дэмжиж байгаа нь олзуурхууштай ч өнөө хэд нь үүргээ биелүүлж чадахгүй байна гэв.

Дотоодын үйлдвэрүүдийн тухайд “Хөтөл цемент”-ийн техник эвдэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэнэ.Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Барилгын салбарт 2 сая тонн орчим цемент ашигладаг.Хөтөл цемент хамгийн ихдээ 380 мянган тонн үйлдвэрлэж байсан бол энэ жил бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Одоогоор төлөвлөгөөт засвар хийж байгаа. Одоогоор засварын ажил 70 орчим хувьтай байна.Бид мөнгөгүй, мөн тоосгоны нөөцгүй үйлдвэр хүлээн авсан. Нөөцөө бүрдүүлэхийн тулд тодорхой хугацаа орсон. Зуухны тоосгыг нь зургаан сар тутамд солих ёстой атал 36 сар солиогүй ажиллуулснаар эвдэрлээ. Засварын ажлыг барилгын улиралд багтааж дуусгахаар шахуу ажиллаж байгаа” гэв. Тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.


МАК: Өдөрт 3500 тонн цемент зах зээлд нийлүүлж байна


Харин МАК евро цементээс дээрх асуудлын хүрээнд тодруулга авсан юм.


-Дотоодын зах зээлд цементийн хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хаджээ. Танайх зах зээлд өдөрт хэдэн тонн цемент нийлүүлж байна вэ?

-Манай үйлдвэрт дотоодын зах зээлд өдөрт л 3500 тонн цемент нийлүүлж байна. Үүний 3200 тонн нь Улаанбаатар хотын зах зээл рүү ордог. Үнэ ханшийн тухайд үйлдвэрээс ууттай цемент тонн нь 335600 төгрөгөөр гарч байна. Харин задгай цемент тонн нь 183500 төгрөгөөр нийлүүлж байгаа. “МАК”-ын цемент зах зээлд хэвийн нийлүүлэгдэж байна хэмээв.

Додоодын үйлдвэрүүдээс “МАК” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гэвч тэдгээр нь ченжүүдийн гараар дамжиж байна. Харин “Мон цемент”-ийн тухайд хүчин чадлаараа ажиллаж байгаа ч вагоноор зөөж чадахгүй байгааг онцолж байгаа юм. Төрийн мэдэлд очоод буй Хөтөлийн үйлдвэрийн тухайд засвартай байгааг захирал нь хэлж байна. Тэд үлдсэн хугацаанд шуудай цемент ч зах зээлд нийлүүлж чадахгүй нь бололтой.