“Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. 

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл хариуцсан удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хичээл зааж байна.

Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, Олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар явуулж байгаа юм хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтад нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, харьяа газар, хэлтэс болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 22 удирдах албан тушаалтан, алба хаагчид хамрагдаж байгаа аж.