2016 оноос хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу “ebarimt” цахим системийг иргэд, аж ахуй нэгжүүд ашиглаж байгаа. Иргэдийн хувьд худалдан авалт хийх бүртээ борлуулагчаас авсан НӨАТ-ын баримтыг цахим системд уншуулж, өнөөдрийн байдлаар улирал тутам урамшуулал буцаан авч, мөн сугалаанд оролцож байгаа.

Тэгвэл Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилгын хүрээнд иргэдийн өдөр тутам хийж байгаа  үйлдэл болох цаасан баримтыг утсандаа уншуулдаг үйлдлийг хялбаршуулж, “ebarimt” системд шууд бүртгэгддэг болох асуудал УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугарын санаачлагаар холбогдох байгууллагууд дээр яригдаж байгаа аж. Одоогийн байдлаар үүрэн холбооны оператор компаниуд цаасгүй баримтын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа.

Тэгвэл иргэдийн худалдан авалт хийдэг бусад бүх салбарт, ялангуяа дийлэнх баримтууд хэвлэгддэг дэлгүүр, худалдааны төвүүдэд энэ аргыг хэрэгжүүлэх, ингэхдээ Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран шийдэл гаргах боломжтой гэж тэрээр үзэж байгаа юм байна.

Тодруулбал, худалдан авалт бүрт цаасан баримт хэвлэхгүйгээр иргэдийн ашигладаг банкны карт болон шилжүүлгийн аппликэйшнийг ашиглан шууд автоматаар бүртгэгдэх тохиргоог хийх боломжтой. Ингэснээр иргэн карт уншуулах, утсаараа төлбөрөө шилжүүлэх бүрт баримт нь систем дээр автоматаар бүртгэгдэнэ гэсэн үг. Мөн цахим шилжүүлгээр хийсэн худалдан авалтууд ч орхигдохгүй байх боломжтой болно. Ингэхдээ тухайн иргэний зөвшөөрлийн үндсэн дээр буюу сонголтод тулгуурлан хийж болох юм байна. Гэхдээ энэ ажилд манай банкуудын идэвх зүтгэл, оролцоо чухал байгааг онцоллоо. Тиймээс Монголбанк болон арилжааны банкуудтай зөвшилцөх, шийдэл боловсруулах ажлууд үргэлжилж байгаа аж.

“Ebarimt”-ын цаасан хэлбэрийг халж, банкны төлбөр тооцооны үйлчилгээтэй холбож шууд бүртгэгддэг болвол цаасны зардал хэмнэх, байгаль орчинд ээлтэй болох, татварын орлого нэмэгдэх, иргэдийн худалдан авалт бүр бүртгэгдэж урамшууллын хэмжээ, сугалааны боломж нэмэгдэх гэх мэт олон давуу тал үүсэх юм.

Цаасан “Ebarimt”-тай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэхэд:

  • Өдөрт 250 мянга гаруй кассын төхөөрөмжөөс дунджаар 1.9 төлбөрийн баримт хэвлэгддэг.
  • 2022 оны эхний 9 сард нийт 617 сая баримт үйлдсэнээс 602 сая ширхэгийг цаасан байдлаар хэвлэжээ.
  • Нэг цаасан баримт дунджаар 15 см цаас ордог гэж бодоход дээрх 602 сая баримтыг хэвлэхэд 220-350 сая төгрөгийн цаасны зардал гарчээ.