Есдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын иргэн танхайрч, монгол хүнийг алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар гэмтэл авсан иргэн ГССҮТ-д яаралтайгаар очиж эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байдаг. Тухайн хэргийн хохирогчийн дүүтэй ярилцлаа.


-Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол?

-Тухайн хэргийн талаар хэрэг мөрдөлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй гэж цагдаагаас сануулсан л даа.

-Тухайн хэрэг явдал хохирогчийн гэрт болсон юм шиг байна лээ. Тийм үү?

-Тийм. Манай ах ОХУ-ын гурван иргэнтэй таараад Буриадаас орж ирсэн гэхээр нь адилхан монгол цустай хүмүүс байна гээд гэртээ урьж, хоол унд хийж дайлж цайлсан юм билээ. Тэр болгон нь орцных нь камерын бичлэгт бичигдсэн. Гэвч тухайн бичлэгийг ар гэрийнхнээс нь хэн ч үзэж амжаагүй байхад цагдаа нар эд мөрийн баримтаар хурааж авсан. Одоог хүртэл бичлэгийг бидэнд үзүүлээгүй байгаа.

-Цагдаагаас та бүхнийг хохирогчийн байр сууринаас мэдүүлэг өг гэж дуудсан уу?

-Дуудсан. Тэр талаар би нарийн мэдэхгүй л байна. Өмгөөлөгчөөрөө л дамжуулаад байх шиг байна лээ.

-Хэрэг гараад нэлээд удлаа. Шүүх шинжилгээний хариутай та бүхнийг танилцуулсан уу?

-Гарсан байх аа. Би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч болон ах, эгч нар мэдэж байгаа байх.

-Талийгаачийг хэзээ нутаглуулсан бэ?

-Ажил явдал хоёр долоо хоногийн өмнө болсон байх аа. Тав дахь өдөр л болсон. Ийм хэрэг гарсны дараа дэн дун л явна. Өөрийгөө сатааруулах юу ч хамаагүй хийж байна.

-Талийгаач ямар ажил мэргэжилтэй, юу хийдэг хүн байсан бэ?

-Хувиараа барилгын ажил хийдэг байсан. Өөрөө хувьдаа вакум цонхны үйлдвэртэй байсан л даа.

-Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Хувийн юм ажиллуулаад явахаар мэдээж олныг уриалж манлайлж чаддаг, удирдан зохион байгуулах авьяастай, нэр хүндтэй хүн байсан.

-Гэр бүлтэй юү?

-Нэг охинтой. Эхнэр охин хоёр нь Америкт байгаа.

-Эхнэр, хүүхэд нь Монголд ирсэн үү. Сэтгэл санаа нь ямар байгаа бол?

-Охин нь тэнд сурдаг болохоор ирж амжаагүй. Угаасаа гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай хэцүү байна. Эхнэр, охин нь болон манай гэр бүлийнхний сэтгэл санаа гэж авах юм алга.

-Хэрэг үйлдсэн этгээдүүдтэй уулзсан уу?

-Үгүй. Ерөөсөө уулзаагүй.

-ГССҮТ-д эмчлүүлж байхад нь эмчтэй нь уулзсан байх. Юу гэж байв?

-Нэг их эмч нь “12 жил Гэмтлийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж байхдаа есөн жорын хүн үзсэн. Энд сүхдүүлсэн, заазуурдуулсан янз бүрийн л хүмүүс ирдэг. Гэхдээ хүнийг ийм аймшигтай болгосныг анх удаа харж байна” гэсэн.

-Хэрэг мөрдөлтийг хэрхэн шийдээсэй гэж та бүхэн хүсч байгаа вэ?

-Аль болох шударга л шийдээсэй. Монгол Улсын хуулийн дагуу хүнийг онц ноцтой хэрцгийгээр хөнөөхөд ямар ял оноодог юм яг түүгээр нь шийдээсэй л гэж хүсч байна.

-Та эмнэлэгт ахыгаа эмчлүүлж байхад нь харсан уу?

-Харсан харсан.

-Ямар байдалтай байсан бэ?

-Аймшигтай, тэр бол үгээр хэлэхийн аргагүй.

-Харахаас нүд хальтрам уу?

-Түүнээс ч аймшигтай. Тэр бол зүгээр л аймшгийн кино. Хүнийг яаж тийм болгож чаддаг юм бэ.

-Тухайн хэрэг гарсны дараа гэрт нь очиж үзсэн үү. Гэр нь ямар байсан бэ?

-Гэр нь бас аймшигтай болчихсон байсан гэсэн. Би гэхдээ очиж чадаагүй. Биднээс нуугаад битүүмжилчихсэн. Нэг хэсэг оруулаагүй нуугаад байна лээ. Нэгэнт ийм юм болчихсон юм чинь нялх нойтон хүүхэд, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санааг үймүүлнэ гээд оруулаагүй байх. Яг ямар болсныг нь хэлэхгүй шүү дээ. Анх дуудлагаар очсон цагдаа нь хэлж байсан. “Харахын эцэсгүй аймаар байсан” гэж хэлсэн. Мэдээж 20, 30 удаа тархийг нь алхаар бяцартал цохичихсон юм чинь орчин тойрон нь ямар л олиг байх вэ дээ.