Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмонтой Казиногийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. 

-Казиногийн хуулийг ямар үндэслэлээр боловсруулсан талаар ярилцлагаа эхлэх үү?

-Аялал жуулчлалыг дэмжих бодлогыг төрөөс барьж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын эдийн засгийн бүтэц голчлон уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс бүрдэж байгаа. Тэгвэл Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, олон тулгуурт эдийн засагтай улс болохын тулд эдийн засгийн тэргүүлэх 10 чиглэлүүдийг тодорхойлсон үүнд аялал жуулчлалын салбар багтсан. Эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалын хэлбэрүүдийн нэг бол казиногийн үйл ажиллагаа байдаг.

Тэгэхээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх давуу тал олгоно гэж харж байна.

-Хуулийг УИХ хэзээнээс хэлэлцэж эхлэх вэ?

-Засгийн газар Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулаад 2022 оны арванхоёрдугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг Улсын Их Хурлын дарга шийдвэрлэдэг болохоор хэзээ хэлэлцэж эхлэхийг хэлж мэдэхгүй байна.

-Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн аж ахуйн нэгжид казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно гэж хуулийн төсөлд тусгасан. Хөрөнгө оруулах зах зээлийг аль аль улсаас гэж тооцож байгаа вэ?

-Казиногийн үйл ажиллагааг зөвшөөрдөг улсуудад энэ төрлийн бизнес эрхэлдэг туршлагатай хуулийн этгээд л сонирхох болов уу. Ийм улс нь Ази тив дотроо гэвэл жишээ нь БНСУ, Макао, Сингапур зэрэг улс байна.

Казинод зөвхөн гадаадын иргэн нэвтрэх, тоглох эрхтэй байна

-Зөвхөн гадаадынхан казинод тоглохоор тооцож байгаа юу? Монгол хүнд яагаад хориглож байгаа вэ?

-Тийм ээ. Казинод зөвхөн гадаадын иргэн нэвтрэх, тоглох эрхтэй байна. Тийм ч учраас олон улсын нисэх онгоцны буудалтайгаа ойрхон байхыг тооцоолж казиногийн цогцолборыг Төв аймаг дахь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

Казиног аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж гэдэг талаас нь илүү харж хуулийн төслийг боловсруулсан учраас Монгол Улсын иргэдийг тоглохыг зөвшөөрөх шаардлага төдийлөн байхгүй юм. Түүнээс гадна Монгол Улсад казино байгуулахыг зөвшөөрснөөр мөрийтэй тоглоомд монголчууд донтох вий, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа тул Монгол Улсын иргэн болон 18 насанд хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэхгүй, тоглуулахгүй байхаар хуулийн төсөлд заасан.

-Казиногийн хуулийг баталснаар манай улсын эдийн засагт ямар үр өгөөж өгнө гэж үзэж байна вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн казиногийн урсгал аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд том түлхэц болно гэж үзэж байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, жирийн хуулийн этгээдээс өндөр хэмжээгээр онцгой албан татвар төлөх тул татварын орлого нэмэгдүүлэх гээд эдийн засагт олон талын үр өгөөжтэй.

-Монгол Улсын түүхэнд анх удаа авлигын хэргээр хэд хэдэн хүнд ял оноосон нь казиногийн хэрэг хэмээн бичигдэн үлдсэн. Казино байгуулах тендер шударга бус явагдсанаас энэ хэрэг үүссэн гэж үздэг. Дахиад ийм зүйл болохгүй гэх баталгаа бий юу?

-Өмнө нь гарсан хэрэг явдлыг дахин давтахгүй байх үүднээс Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой процесс, тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шалгуур болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл зэргийг аль болох тодорхой, дэлгэрэнгүй тусгахыг зорьсон.

-Залуучууд мөрийтэй тоглож, байр, машинаа барьцаанд тавин их хэмжээний өрөнд орох тохиолдол цөөнгүй дуулдах боллоо. Казиногийн хууль энэ хүрээнд үйлчлэх үү?

-Казиногийн үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх тул хэн хүссэн нь уг үйл ажиллагааг явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдэд олгоно. Түүнчлэн казиногийн тоглоомыг цахимаар зохион байгуулах эсвэл казиногийн байгууламжаас гадна зохион байгуулахыг хориглосон байгаа.

Тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа зохион байгуулах, мөрийтэй тоглоом тоглох нь хууль бус үйл ажиллагаа тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Казиногийн тухай хуулийн төслөөр ийм үйл ажиллагааг зөвшөөрсөн зүйл байхгүй, хууль бус хэвээрээ байгаа.

-Аль нэг зочид буудлын хүзүүвчинд казино байгуулаад мөнгө урсаж гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Казиногийн тухай хуулийн төслөөр бол казиногийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж казиногийн цогцолбор барьж байгуулсан хуулийн этгээд л эрхлэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдэд казиногийн байгууламжаас гадна аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээний зориулалттай байгууламжийг барьж байгуулах шаардлага тавигдаж байгаа. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтын дүнг өндөр тавьсан.

Тэгэхээр аль нэг зочид буудлын дотор казино байгуулах, казиногийн тоглоом тоглуулах, тэнд очиж тоглох нь ч мөн хууль бус юм.

-Олон хууль баталдаг ч хэрэгжилт хангалтгүй байна гэх шүүмжлэл байдаг. Энэ удаагийн хуулийн төслийг боловсруулахдаа энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ

-Казиногийн тухай хуулийн төслийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлтэй хамт багцаар нь боловсруулж өргөн мэдүүлсэн тул хоорондоо уялдаа холбоотой үйлчлэх юм. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд Мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл, дэргэдээ орон тооны Ажлын албатайгаар ажиллаж, казиногийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Тус байгууллага нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу казиногийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэх бөгөөд Ажлын албаны бүтцэд нь улсын байцаагч ажиллаж зөрчлийн хэрэг үүсгэхээс гадна тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл ноцтой гэж үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт үйлдэж Засгийн газраар шийдвэрлүүлэх эрхтэй байна. Тиймээс энэ байгууллага чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэхээс Казиногийн тухай хуулийн хэрэгжилт хамаарах юм.