Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлж, мэдээллээ харах боломжтой болсныг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-наас мэдээлэв.

Иргэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсаар авах боломжтой. Түүнчлэн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байгаа юм байна. 

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагчдын хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон.

Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450,000 даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ И-баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.

Ингэснээр өнгөрсөн онд И-баримтаар 237,000 гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлэв. Энэ он гарсаар 13 хоногт 19,000 иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, нэг тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүлсэн хэмээн мэдээллээ.