Монгол Улсын хувьд 2007 он хүртэл шаталсан татварын тогтолцоотой байсан. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг дагаад орлогын ялгаа нэмэгдэх хандлагатай болсон учраас татварын тэгш, шударга байдлыг хангах зорилгоор шаталсан татварын тогтолцоог хуульд оруулсан талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн тайлбарлалаа.

Тэрбээр “Хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа.

Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл.

Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Зөвхөн 1,300 орчим хүний л асуудал яригдаж байна. Эдгээрт банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашдаг иргэд, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид дээр хамаарч, яригдана. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого хамаарахгүй. Мөн хадгаламжийн хүү буюу банкнаас орж ирж буй хүүгийн орлого хамаарахгүй.

Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгодог хөдөлмөр эрхлэлтийн орлогын хүрээнд яригдах асуудал. Үүний зэрэгцээ шаталсан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай иргэдийн татварын хөнгөлөлт өндөр, орлого нэмэгдэх тусам татварын хөнгөлөлт буурдаг” гэв.

Түүний мэдээлснээр дэлхийн олон улс шаталсан татварын тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Латви, Литви, Чех зэрэг улс шаталсан татварын тогтолцоо руу эргэж шилжжээ. Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсаас 18 улс шаталсан татварын тогтолцоонд шилжээгүй байгаа аж.