Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой асуудал болон нэр бүхий сэтгүүлчийг баривчилсан асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Манай улсад 2022 оны хоёрдугаар сараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Тус хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэнийг бүртгэх, хянан шалгах ажлыг Санхүүгийн зохицуулагч хороо(СЗХ) хариуцах юм. 

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.19, 18.20 дахь зүйл ангид өөрчлөлт орсон. 

  1. Энэ салбарын дотоод мэдээг хууль бусаар ашиглан ашиг олж байгаа хүмүүс 
  2. Салбарын үйл ажиллагаа, арилжааг урвуулан ашиглан ашиг олж байгаа этгээдүүдэд Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийх хуулийн зохицуулалттай болсон гэсэн үг. 

Өнгөрсөн оны зургаадугаар сараас СЗХ-ноос виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар 12 крипто бирж байна. Судлаад үзэхэд эдгээр биржээр дамжуулан 37 койн арилжаалагдаж буй. 

Цагдаагийн байгууллагаас 2020, 2021, 2022 онд крипто биржүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ салбарт орох гэж байгаа хүн санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байгаагүй, санхүүгийн чадавхтай байх, мөн биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлага тавьдаг. 

Хуулийн дагуу, зах зээлийн зарчмаараа үнэ ханшаа тогтоогоод явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж шалгадаг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. 

Илт залилангийн шинжтэй, босгосон хөрөнгөө хувьдаа ашиглаад тээврийн хэрэгсэл, байр авсан, мэдээлэлд ойр байдлаа ашигласан хүмүүсийг шалгаад явж байна. Энэ төрлийн гэмт хэргийг шалгахад өндөр түвшний мэргэжилтнүүд хэрэгтэй" гэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс койн, токен бусдад санал болгоод хөрөнгө босгосон этгээдүүдтэй холбоотой дөрвөн хэрэг байгаа аж. Бүртгэгдсэн нийт хэргийн дийлэнхийг буюу 430 нь залилах гэмт хэрэг эзэлж байна. 

Тодруулбал: 

  • 2020 онд 9
  • 2021 онд 81 
  • 2022 онд 370 
  • 2023 оны нэгдүгээр сарын байдлаар найман хэрэг бүртгэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэн "Б" нь Монгол Улсын 25 иргэнийг залилан 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр өнөөдөр долоон жилийн хорих ял авсан болохыг Э.Сэргэлэнбаатар нэмж хэллээ.  

Нэмж мэдээлэхэд хэдэн хүнд хэр хэмжээний хохирол учирсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СХЗ-ноос авах боломжтой аж.