ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг тавьсан. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай уялдуулан 30 гаруй улсыг визгүй зочлох нөхцөлийг хангасан. Үүнтэй адил нөхцөлөөр БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна.

2023-2025 онд Монгол Улсын иргэдийг визгүй болгох энэ нөхцөлийг хангаж өгөөч гэдэг санал. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьсан саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа.

Төлөөлөгчид визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хүндрэл бэрхшээл, сайн талыг судлахаар ирнэ" хэмээн ярилаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлалыг амжилттай хийж дуусгалаа.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн.

Мөн БНСУ, Монгол Улсын хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Монголоос БНСУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэд болон хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Солонгосын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлд энэхүү гэрээгээр хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг тодорхой болгооч гэдэг. Иймээс эрх зүйн орчныг тодорхой болгоно.

Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурагдсан. Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг. Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашлаад Япон, АНУ, Герман, Франц зэрэг улсуудтай энэ чиглэл дэх яриа хэлэлцээрүүдээ баталгаажуулахад төвлөрч ажиллана" гэлээ.