1924 онд жанч халихад нь тухайн үеийн Монголын Засгийн газраас “...дахин газар дэлхийд эргэн ирэхгүй, үүрд нирваан дүрийг олсон” хэмээн зарлаж байсан VIII Богдын дараагийн дараагийн дүр монголоос тодорч, (IX богд Жавзандамба Жамбалнамдол- чойжижанцан Төвдийн Үй мужид төрсөн, төвд хүн.) бид шуугиантай, маргаантай, хуртай, шуургатай хүлээн авч байх шиг байна.  

Ажиглаж байхад хэд хэдэн асуудал анзаарагдана.

 

ХУУРАМЧ БАНЧИН ЭРДЭНЭ БА БУДДИЗМЫН УЛС ТӨР

 

Гэлүгвагийн ёсны буюу Шарын шашны их хутагт X Банчин богд 1989 онд 51-тэйдээ Лхаст таалал төгсөж, түүнээс зургаан жилийн дараа 1995 оны эхээр өнөөгийн X Богдыг тодруулдгийн адилаар XIV Далай лам 6 настай нэгэн төвд хүүг XI Банчин богдын дүрээр ичнээ тодруулан залжээ. Гэтэл гуравхан хоногийн дараа Хятадын Засгийн газраас шинэхэн тодорсон XI Банчин богд Гэдэнчойжилням хүүг эцэг, эхийн хамт баривчилж, хүү ч сураггүй болов. Одоо болтол сураггүй. 

Хятадын удирдагчдийн хувьд “Салан тусгаарлагч” XIV Далай ламын тодруулсан Банчин Богдыг Хятад дахь Буддизмын тэргүүнээр өргөмжлөх нь улс төрийн хувьд нэн осолтой байсан хэрэг. Тэгээд Хятадын коммунист засгийн газраас өөр нэг хүүг XI Банчин лам хэмээн өргөмжлөв. Энэ нь “Салан тусгаарлагч”  XIV Далай ламыг сөргүүлж, төвдүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг сааруулан, Буддын шашны хүндийн төвийг Хятаддаа авч үлдэх гэсэн хятадын эрх баригчдын геополитик байв. 

Гэтэл хятад дахь буддистууд (Ихэвчлэн Төвд, Монголчууд) тэрхүү Засгийн газрын хутагт XI Банчин богд Жанцанноровыг хүлээн зөвшөөрсөнгүй, илэрхий эсэргүүцээгүй ч сүсэглэж сүйд болсонгүй. Далай ламын институци ч “Жанцанноров бол хуурамч” хэмээн зарлав. Аргаа барсан Хятадын удирдлага тухайн үеийн Гүмбүм хийдийн Хамба лам, Далай лам, Банчин Богд, Богд гэгээн нарын ардхан эрэмблэгдэх томоохон хутагт VIII Ажаа гэгээнийг хуурамч Банчин богдынхоо багш болгох арга хэмжээ авав. Ажаа гэгээн бол Гэлүгвагийн урсгалыг үндэслэгч Богд Зонховаг төлөөлдөг, Богд Зонхова хойт дүрээ тодруулахгүй байхыг гэрээслэсэн учир төлөөлж Зонховагийн эцгийн хойт дүрийг тодруулсан нь Ажаа гэгээн. Богд Зонховагийн аав монгол хүн байсан гэдэг. VIII Ажаа гэгээн Лувсантүвдэнжамц ч Хөх нуурын Хошууд аймгийн цэвэр Монгол хүн билээ. Баруун монголд аавыг Ажаа гэх нь бас бий. Хятад дахь Буддистуудын дунд асар өндөр нэр хүндтэй, амьд бурхан мэт хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Далай лам, Банчин Богд, Ажаа гэгээн гурвын урьд урьдын дүрүүд багш шавийн барилдлагатай, VII Ажаа гэгээн нь XIV Далай лам болон X Банчин богд хоёрын багш байсан бол 1950 онд төрсөн VIII Ажаа гэгээн нь өнөөх хоёрынхоо шавь байжээ. 

 

Бүх хятадын Буддистуудын тэргүүн, Бүх хятадын Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн VIII Ажаа гэгээн ацан шалаанд оров. Хэрвээ Хятадын Засгийн газрын тодруулсан хуурамч XI Банчин богдын багш болбол шашин номоосоо урвасан болно. Үгүй гэвэл Хятадын коммунист намын бодлогыг эсэргүүцэгч болно. 1998 онд VIII Ажаа гэгээнтэн зүсээ хувилгаж байгаад, сойвон Чүмпэйн хамт хятадаас оргож, Гватмелиар дамжин Америкт дүрвэчихэв. Ажаа гэгээний араас тухайн үеийн Хятадын нэгдүгээр хүн Жянзимэн эртний хятадын сонгодог шүлэглэл хэлбэрээр бичсэн хувийн харууслын захидал илгээж байлаа.

Ажаа гэгээнтнийг Монголчууд одоо сайн мэддэг болоод буй. Гандангийн дэнжийн ард, Эх нялхсын төвийн хашаанд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан 7 давхар иж бүрэн төв бариулсан. Өчигдөрхөн нэг танил маань охиноо тэнд эмчлүүлж байна, ямар буянтай газар вэ хэмээн утасны ардаас уулга алдав. Өнгөрсөн зун Ажаа гэгээн Яармагт Ахмадын асрамжийн иж бүрэн төвийг бариулаад Монгол Улсад хүлээлгэж өгсөн. Суралцах өндөр чадамжтай ч ахуй амьдралын бололцоогүй хэдэн арван залууст жил бүр хэдэн зуун сая төгрөгний тэтгэлэг олгодог. Харин өөрөө даруухан байранд гэрлийн мөнгөө хэмнэн, загас ногоохноор хооллон амьдардаг, үнэн сүсэгт буддистийн үлгэр дуурайлал болсон эрхэм хүн билээ. 

 

Харин Далай лам Энэтхэгт дүрвэж, Ажаа гэгээн ч бас араас нь АНУ-д дүрвээд, хуурамч XI Банчин эрдэнээ үл тоох Хятадын буддистууд оюун санааны удирдагчгүй, Хятадын буддизм шалдан үлдэв. Төвд болон Шинжаанд тусгаар тогтнолын асуудал гарах бүр хатуу чангаар дарж, тэр хэрээр Төвд, Шинжаан хаалттай орчлонгийн хязгаар болов.  

 

Өнөөдөр хэдий дэлхий нийт Буддизмын төвийг Төвдөөр төсөөлдөгч бодит байдал дээр Энэтхэгт буюу XIV Далай ламын тэргүүлдэг Төвдийн хөөгдмөл засгийн газар байрлаж буй Зүүн Хойт Энэтхэгийн Дармасала. Буддизм мэндэлсэн Зүүн өмнөд Энэтхэгт буй Бодьгаяа нь хэдий буддизмын нэн чухал нэгэн төв мөн боловч тэр зөвхөн түүхэн дурсгалт газар болжээ. 

 

 

БУДДИЗМЫН ХҮНДИЙН ТӨВИЙН ШИЛЖИЛТ

 

Төвд нь эргэлт буцалтгүй хятадчилагдаж байгааг бид нүдээрээ харж, чихээрээ сонсоцгоож байна. Хорьдугаар зууны 50-иад он гарчихаад байхад шашин, төр хоёроо ялгаж зааглаж чадаагүй, дундад зуунтайгаа зууралдсаар байгаад хөгжлөөс гээгдэж, Хятадын эрхшээлд орчихсон гашуун сургамж бүхий гунигт тавилантай улс. “Төвдийн тусгаар тогтнолын тухай ярих ямар ч боломжгүй болсон. Харин Төвдийн өвөрмөц шашин соёлыг хэр хугацаанд хадгалж үлдэх вэ л гэдэг асуудал үлдсэн” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам мэгшин уйлж, түүнийг дэлхий нийтээр шимшрэн харав. 

 

Харин өнөө 90 насны босгонд тулж ирээд буй XIV Далай ламд нэг нэн ноцтой асуудал тулгарсан нь хойт дүрийнх нь тухай асуудал. XX зууны төгсгөлд дэлхий нийтэд Буддизмыг Шинжлэх ухаанчаар судлах судалгаа эрчимжиж, нэр хүнд нь үлэмж өссөний үндсэн шалтгаан бол XIV Далай лам өөрөө билээ. Жанч халсных нь дараа харин яах вэ? Буддизмын хувь заяа хаашаа эргэх бол? Буддизмын төв Дармасала хэвээр байх уу? Төвдийг өөрийн хууль ёсны нэг хэсгээ болгож авсан Хятадын Засгийн газар өөрийнх нь хуурамч хойт дүрийг тодруулбал яах вэ?

 

XIV Далай лам удаа дараагийнхаа яриандаа энэ мэтэд санаа нь ихэд чилж буйгаа ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Бүр өөрийнхөө Хойт дүрийг тодруулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байв. Энэ цааргалсан, эргэлзсэн байдал нь улс төрийн шалтгаантай гэвэл үнэнд нийцнэ. Өөрсдийгөө Ертөнцийн төв гэж үзэх дуртай Хятадууд, тэдний Засгийн газар нь XV Далай ламыг тодруулчихаас огтхон ч сийхгүй. Хамгийн аюул нь өнөө буй Далай ламын дүрийг тодруулах эрх хэмжээний эрэмбэтэй ганц том субьект болох Банчин богдын институци үндсэндээ Хятадын Засгийн газрын тоглоом болчихсон. XIV Далай ламын өөрийнх нь тодруулсан жинхэнэ XI Банчин богд одоо болтол амьд эсэх нь мэдэгдэхгүй сураггүй хэвээр. Ийн сураггүй байлгадаг нь ч бас Хятадын хоёр үзүүртэй чанд бодлогынх. Хэрвээ XI Банчинг нас барчихсан гэвэл Далай ламын талынхан хойт дүрийг нь дахиад тодруулчихна. Эсвэл Далай ламынхан өнөөх сураггүй XI Банчин эрдэнийг нас барсан гэж зарлаж байгаад XII Банчин дүрийг тодруулбал өөрсдөө хуурамчийг зарласнаа ч үл тоон, өнөөх сураггүй болчихсон хүүг гэнэтхэн амьдаар нь гаргаж ирээд Далай ламынхны худал хуурмагийг хайр найргүй илчилж, давхар давхар оноо цуглуулж ч чадна. 

Ер ямар ч тохиолдолд нүүдэл монгол руу эргэхээс өөр аргагүй болно. Хэд хэдэн шалтгаан бий. 

.

Нэг: Шашны тэргүүний байр суурь

 

Буддын шашинд Далай ламын, Ванчин богдын, Богд гэгээний гэсэн гурван том хутагтын институци бий. (Бусад хутагтууд бол тоо томшгүй олон.) Энэ гурвын аль нэг нь жанч халихад нөгөө хутагт нь хойт дүрийг тодруулдаг эрэмбэтэй. Банчин богдынх Хятадын засгийн хуурамба болоод даший шог. Далай ламынх хөөгдмөл.

Төвд дотроо хүртэл Далай ламын институцийг хүлээн зөвшөөрдөггүй урсгалууд, хутагтууд бий ч, өнөөдөр дэлхий нийт XIV Далай ламыг Буддын шашны тэргүүн хэмээн албан ёсоор үздэг. XIV Далай лам жанч халсны дараа тэргүүний асуудал хурцаар босож ирэх нь гарцаагүй. Учир нь XIV Далай лам өөрийн хойт дүрээ тодруулна гэдэгт их эргэлзэж буйгаа дурдаад авсан. Гэтэл Дэлхийн буддизм тэргүүнтэй байх шаардлагатай байдаг.

 

Хэрвээ XIV Далай ламын хойт дүрийг тодруулах шаардлага гарвал тэр дүрийг тодруулах эрх бүхий өндөр дээд хутагтын институци нь хятадад буй хуурамч Банчин богдынх лав биш, харин Монголын Богд гэгээнийх байвал илүү зохистой болно. Хэрвээ XIV Далай ламын хойт дүрийг тодруулахгүй гэвэл Буддын ертөнц дэх хамгийн том нөлөө бүхий хутагт нь яавч Хятадад буй хуурамч Банчин биш, харин Монголын Богд болно. Ямар ч тохиолдолд X Богдыг тодруулан ширээнд залах нь Буддийн ертөнцөд тулгараад буй нэн эмзэг асуудлыг шийдэх ганц гарц байх магадлалтай. Х Богдын дүрийг тодруулсан XIV Далай ламын, манай буддистуудын нүүдэл ингэж л харагдаж байна. 

 

Хоёр: Монголын буддизм

 

Өнөөдөр дэлхий нийт Буддизм гэхээр Төвдөөр л төсөөлдөг. Учир нь Төвдүүд Буддизмыг үндэснийхээ уламжлал, заншилтайгаа холбон бүтээлчээр хөгжүүлж чадсан. (Магад хамгийн их шашинжсан улс байсан, түүнийхээ гай, горыг ч хангалттай хүртсэн) 

Хэдий Энэтхэг нь Буддизмын өлгий авч хүн амынх нь дөнгөж 5 хүрэхтэй үгүйтэй хувь нь л Буддийн шашны шүтлэгтнүүд байдаг.

Гэтэл Төвдтэй эн тэнцүү хэмжээнд Буддизмыг өөрийн хөрсөн дээрээ хөгжүүлж чадсан ганц үндэстэн нь Монголчууд. Буддизм нь Их, Бага, Очирт хөлгөний ёс, Сажава, Гармава, Гаадамба, Гажүдва, Нимава, Гэлүгва, мөн Хятадын Чан буюу Хөхийн, Японы Зэн, Балба, Тайван, Лаос, Камбожи, Мянмар зэрэг орнуудад тарсан дотроо ялгаатай олон урсгалтай ч үндсэн гол илэрхийлэл нь Төвд болон Халимаг, Буриад, Тува, Хятад дахь монголчууд болон Монгол Улсад тархсан Гэлүгвагийн буюу Шарын шашин юм. 

 

Төвдийн Буддизм гэдэгтэй адилхан Монголын Буддизм гэх хэмжээнд хүртэл бид буддизмыг хөгжүүлжээ. Хэдэн зуун монгол мэргэд хэдэн сая сүмбүм номыг туурвиж, буддын таван их ухааны ай савд арвин ихийг нэмэрлэж, хөгжүүлсэн. Онол номыг нь арвижуулсан. Өөрийн үндэсний онцлогтой өвөрмөц Буддын ертөнцийг бүтээсэн. 

Хөгшчүүл ярьдаг байлаа, “Монгол нь Асур, Төвд нь Мангас язгууртай учир оюун сэтгэлийн орон сав томтой үндэстэн гэгддэг. Тиймээс Бурхны их хөлгөний ёсыг Монгол, Төвд хоёр л хүлээж авах учир номтой. Бусад үндэстэнд тийм сав байдаггүй юм гэнэ билээ” гэж. 

 

Төвд нь даший шог болж байх шиг. Далай багшийн уйлдаг аргагүй. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Монгол руу Буддизмын хүндийн төв шилжих болж байна. 

Ингэхээр X Богдын тодруулах нь, Буддизмын хүндийн төв Монгол руу шилжих нь гагцхүү цаг хугацааны л асуудал болчихоод байв. 

.

ГЭХДЭЭ?

 

Гэхдээ асуудал их бий. Буддын шашны хувьд өнөөдөр бид зөвхөн Монголын дотоод асуудал гэх аргагүй нөхцөл байдалтай тулгарав.  

Юуны өмнө бид Буддын ертөнцөд Хятад улстай шууд нүүр тулна. Өмнө нь Төвд гэдэг орон зай байсан, тэр байхгүй болно. Сүүлийн хагас зуун илүү хугацаанд Буддизмын тэргүүн, буддизмын оюун санааны төв гэдэг ойлголт нь Хятадын хувьд улсынх нь бүрэн бүтэн байдлынх нь эсрэг, Төвдийн салан тусгаарлагчдийн хүчтэй зэвсэг болж байлаа. Буддизмын тэргүүнийг сонгох эрх мэдэл, эсвэл тэргүүлэгчийн институци монголд ирснээр дээрх ноцтой асуудал тэдний хувьд эергээр эргэх үү, эсвэл гэдэг асуулт гарцаагүй гарч таарна. Товчхондоо энэ талбар дахь Хятадын хамгийн осолтой, аюултай өрсөлдөгч нь Монгол болно. Бид тэгэж харахгүй байж болох ч тэд автоматаар тэгэж харна. Одоо ч нэн анхааралтай ажиглаж байгаа.

 

Гачлантай нь хөзөр тэдний талд. XIV Далай ламыг хамгийн сүүлд Монголд ирэх гэхэд нь Хятадын талаас ямар сөрөг санкц тавьж байсныг бид хараахан мартаагүй байх гэж найдаж байна. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Бээжинд яаран сандран зочилж, олон буулт хийж байж хурцадмал байдлыг намжаасан. Энэ ганц сайдын асуудал биш, тухайн үеийн Монгол төрийн бодлого байв. Харин манай нүдэн балай хийрхэгчид сайдынхаа алхамыг ойлгохын оронд “Хятадын бөгс долоогч” болгон цоллож, бараг л ичнээ цаазын ял өгөхийг шахсан. Бодит байдлаа эхлээд эргэцүүлдэг болмоор байна. Реалполитик гадарладаг хүмүүсийн хувьд Ц. Мөнх-Оргилын үйлдэл гарцаагүй байв.

Хятад Эрээний боомтоо хаахад л, манай нүүрсийг авалгүй ганцхан жил болоход л манай төрийн тэргүүнүүд ар араасаа цуван Бээжин гүйлдэж, юу ч амлаж, юу ч гэж гуйж мэдэх хэмжээндээ ортлоо доош орно. Бид Эдийн засгийн хувьд Хятадын хараат болчихсон. Өргөн хэрэглээний барааныхаа 82 хувийг урдаас авч, уул уурхайн бүтээгдхүүнийхээ 91 хувийг урагш нь худалдаж байна. Сүүлийн гуч гаруй жилд өөрийн толгойгүй, алсын хаараагүй, тохиолдлын чанартай удирдлагатай, амлалтын Засгийн газартай, авилгалын сүлжээтэй хууль тогтоогчидтой, нийтлэг эрх ашиг гэдгийг ор тас үгүйсгэж, хүн бүр дор дороо довоо шарлуулах гэж явсны хар гай энэ. 

Хэрвээ хөзөр бидний гарт байвал бид асуудлыг огт өөр өнцгөөс тавьж чадна. Харамсалтай нь хүслээр болох биш.

Харин одоо яах вэ? Юуны өмнө энэ асуудлыг зөвхөн сүсэгтнүүдийн хүрээнд л орхих хэрэгтэй. Төрийн ил шууд ямар нэгэн оролцоо өчүүхэн ч байж болохгүй. Манай туйлширсан улс төрчид учиргүй ариун гэгээн буддист царайлж, нэг их буянтны дүр эсгэж, эсвэл улс төрийн оноо цохихоор тодорхой шашныг дэмжсэн Төрийн хууль тогтоомж гаргаж, тусгайлсан шашны баярын өдөртэй болгож, улсын төсвөөр шашны том том байгууламж барих гэх мэтээр аашилдаг нь дотооддоо ч, гадааддаа ч аюултай сөрөг үр нөлөөг дагуулах эрсдэл бий.

 

Энэ X Богдыг тодруулдаг асуудалд энэ мэт аашаа тэвчих шаардлагатай. Эс тэгвэл Хятадын өөнтөгч нүдэнд Монгол Төр шашны бодлогынхоо түвшинд шууд сөргөлдөгч улс болон харагдана. 

Бид шашин, төр хоёрыг ямагт заагтай байлгаж, хэрвээ улс төрд шашныг ашиглах шаардлага гарвал хэзээ, хаана гэдгээ мэддэг байх шаардлагатай. 

Буддын шашны том төв, нэгэн гол удирдагчийн институт монголд бий болсны эерэг тал буюу зөвхөн шашин соёл, танин мэдэхүй, аялал жуулчлалын хүрээнд ашиглаж чадвал үр дүнг нь үзэж болно. Хятадтай сөргөлдөх өнцөг болгож л болохгүй юм. Юутай ч өнөө маргаашдаа.

.

ШАШНААР ОЮУН САНААНЫ НЭГДЭЛ БОЛОМЖГҮЙ

 

Өнөөдөр Х Богд тодорсноор монголчууд оюун санааны хувьд нэгдэх боломжтой боллоо гэж үзэж, хөөрч, баярлаж буй хүмүүс цөөнгүй байна. Энэ боломжгүйн дээр ийнхүү тодорхой нэг Шашны зүтгэлтнээр төвлөн оюун санааны нэгдэл үүсгэх гэж зүтгэх нь сөрөг үр дагавар ихтэй, бусдын итгэл үнэмшил, сүсэг бишрэлд бүдүүлгээр халдсан, оюун соёлын эрх чөлөөг хязгаарласан хамгийн бүдүүлэг мунхаг явдал. Монгол Улсаас гадна суугаа Өвөр, Халимаг, Тува, Буриадад Буддын шашны нөхцөл байдал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэндээс шашны аялал жуулчлал байх боломжтойгоос биш нэгдэл бол өөр фокустай. 

Дотооддоо бол нөхцөл байдал бас их өөр. 2021 оны статистикаар Монгол Улсад Христийн 189, Буддын 121, Исламын 26, бусад шашны 7 сүм хийд бий. Нийтдээ арав орчим шашин монголд бүртгэгдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Христийн шашны сүм хэдий тоогоор олон ч сүсэгтнүүдийн тоо хүн амын 7 хувь хүрэхгүй. Амьдрал ядуугийн эрхээр өгдөг жаахан тусламжийг нь бараадан Христийн сүм хийдийн үүдээр эргэлддэг хүмүүсийг Христ шүтлэгтэн гэхэд хэцүү. “Ааваа, намайг ашиглаач” гээд цагаан хөөс сахруулан татаж унадгууд олон бол хэцүү. Гэхдээ Христийн шашинд үнэн сүсэгтэй, түүнээ амьдралынхаа хэм хэмжээ, сэтгэл, оюуныхаа тулгуур болгоод явдаг хүмүүс ч цөөнгүй бий. Ислам, Хиндү шашинтнууд дотор ч цөөнгүй. Тэдний орон зайд халдаж хэрхэвч болохгүй. 

 

Хэдий Буддын сүм хийд Христийнхээс цөөн ч нийт хүн амын 56 хувь нь Буддын шашин шүтдэг гэсэн байна. Гэхдээ энэ тоо их эргэлзээтэй. Зүгээр л авдар дээр нь аав ээжийнх нь, өвөө эмээгийнх нь судар залаастай, зул тахилга өрөөстэй, хааяа Гандан орж хийморийн сан тавиулж, Шинийн наймны дотор мөр зүгээ гаргадгаа буддын шашин шүтдэг гэж статистикийн хүснэгт дээр тэмдэглэсэн хүмүүс олон. Манайх л лав тэгсэн юмдаг. Гэтэл сан тавиулж, мөр зүг гаргах нь угтаа Буддизмтай тийм ч нарийн хамаатай асуудал биш. Бүх л шашинд сан тавихтай төстэй зан үйл бий. Өөр өөрийн ялгамжтай зан үйлтэй л болохоос биш. Алив ажил явдлын саад тотгорыг арилгадаг, аргалдаг чаргалдаг явдал бүх шашинд бий. Ялангуяа Оросын хуучин шүтлэгтнүүдийн дунд энэ талын чадвар өндөр хөгжсөн. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өөрийгөө золиослох мөн чанартай, нинж хайр гэрэлтсэн жинхэнэ буддист хүн огт өөр.

Харамсалтай нь манай буддын сүсэгтнүүд дотор бүү хэл лам зүтгэлтнүүд дотор ч жинхэнэ буддист ховор. Сүсэгтнүүдийн өргөл барьцыг ганц муу махан биеийнхээ тусын тулд зориулдаг, давхар байшин, бандгар машинд дуртай, дургүйгээ хүргэвэл ална, иднэ ууна, хараана гэж занаж чаддаг, хорсол, атаа, уур хилэн ихтэй, хилэнц нүглийг арилжаа наймаа болгосон шалдан ламанцарууд олон. Зөвхөн энэ цаг үед ч биш, Догшин Ноён хутагтын үед ч их байсан бололтой юм билээ. Аргаа барсан Ноён хутагт “Аяа бас номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй, халаг, ичиг” болж явахав. 

 

Бас шашингүйн үзэлтнүүдийн тоо жилээс жилд тасралтгүй өссөөр байгаа. Ийм нөхцөлд дан ганц шашнаар Монгол үндэстний оюун санааны нэгдлийг хангана гэдэг бол том төөрөгдөл, хэрвээ хангана аа гээд зүтгэвэл гамшигт үр дагавар авчирч мэднэ.

 

Ер нь явж явж шашны нэр барьсан фанатууд л аюултай болохоос шашин нь өөрөө аюултай биш юм. 

Угаасаа нүүдэлч монголчууд бид прагматик хандлага давамгай, ямар сайндаа нэг монгол эр өглөөд буддад, өдөр христэд, орой аллахт, унтахдаа бөөгийн онгондоо залбирч явсан тухай гадаадын аялагчийн тэмдэглэлд үлдсэн байхав. Учрыг асуухаар аль нэг нь тус болж мэдэх гэх. Энэ доод түвшний мунхаг байдал мэт харагдах ч аль ч нөхцөл байдал байж болохыг хүлээн зөвшөөрсөн илүү прагматик хандлага юм. 

 

Өнөөдөр дэлхий дахины эв нэгдлийн, улмаар хөгжлийн язгуур суурь болсон үзэл бодлын, шашны хүлээцтэй байдал, харилцан хүндэтгэх үзлийг (Religious tolerance) чухам монголчууд бид л дэлхий нийтэд эхлүүлж, түгээсэн. XIII-XIV зуунд Монголын энх төрийн дор( Pax Mongolica ) улс үндэстнүүд, шашин шүтлэгтүүд нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, үзэл бодлын зөрчилгүй, айх аюулгүй нэгэн төрийн дор зэрэгцэн аж төрж явсан түүх бий. Гэхдээ бүр христүүд ислам шүтлэгтнүүдийнхээ барааг харахыг ч нүгэл гэж үздэг үл тэвчих үзэл гаарсан үед шүү дээ. 

Монголын Их гүрний хаан ордонд болсон шашин хоорондын маргаан дээр сарацинууд болон католикуудын хооронд ширүүн маргаан гарахад Мөнх хаан маргааныг тасалж “Та нарын орон, соёл, сэтгэлгээ, нөхцөл байдалд чинь таарсан өөр өөрийн шашин байна. Өөр өөрийн орон зайдаа тэр чинь үнэн. Тиймээс нэг нэгнээ үгүйсгэж ер болохгүй. Гагцхүү та бүхэн өөр өөрийн шашныхаа сүсэг бишрэл, дэг журмыг л сайтар дагаж мөрдөх чинь чухал” гэсэн утга бүхий үг хэлдэг. 

Монголын эзэнт их гүрний хаадын бодлого ийм байсан, тэд ийм том цараатай сэтгэж чадаж байсан учраас л дэлхийн эзэн байх эрхтэй байв. Харин эсрэгээрээ шашны фанатизмд идүүлээд уруудан доройтоод мөхөхдөө тулж явсан үе ч бий. Сайнаа санан сэргэж, муугаа дурдан сургамж авах цаг. 

 

Ер шашны асуудал адармаатай, ярих, мэтгэх зүйл ихтэй. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын зөвлөх асан, яруу найрагч Ц.Хулан тагнуулын хэргээр буюу эх орноосоо урвасан хэргээр хорионд орсон нь олон таамагт хүргэж байна. Хулан бид хоёрын тагнуул хийнэ ч гэж юу байхав, бас Хулан шиг оргилуун омголон яруу найрагч эх орноосоо урвана ч гэж юу байхав.

 

Харин ч эх орон луу нь буудсан сумыг хамгийн түрүүнд цээжээрээ хаах л хүн юм. Тийм мөн чанартай найрагч юм. Гэтэл тагнуул шүү. Гайхалтай. Хамгийн сүүлд уулзахад Шашинтай холбоотой, ялангуяа шашны тухай хуультай холбоотой нэн ноцтой асуудлууд байгаа тухай цухас дурдаад өнгөрсөн. Лавшруулж ч асуусангүй. Харин тэрбээр Монголын Буддын шашны тэргүүн Чой хамбад хаягласан хатуухан үгтэй захидал нэгийг бичсэн. Түүнээс ямар нэгэн ноцтой асуудал сөхөгдөж болох мэт. Хулан баригдаад хэдхэн сар болсны дараа Х Богдыг тодруулав. Энэ хоёрт арай холбоо сэжим байдаг ч юм биш байгаа гэж эрхгүй бодоход хүргэв. Гэхдээ энэ миний таамнал төдий. 

Юутай ч Х Богдыг тодруулсан шуугиантай зэрэгцээд Монгол орон даяар байгалийн онцгой өвөрмөц үзэгдэл болов. Зарим нь “Хутагттай хамт хур бороо заларлаа, хурай хурай” хэмээн бэлгэшээж, зарим нь “Газар тэнгэр нийлүүлсэн галзуу улаан шуурга босов. Юу болчихов доо” хэмээн гайхаж... Ёстой хэрхэхийг тэнгэр мэдэх... 

 

Б.Номинчимэд