Боловсролын ерөнхий хуулийн төслийн онцлох заалт нь англи хэлийг албан ёсны гадаад хэл хэмээн томьёолж, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн заах тухай байлаа. 

Гэвч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийхдээ дээрх заалтыг унагаажээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Англи хэлийг бусдад олгохгүй, ялгаатай хандах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Монгол Улс гэх энэ тусгаар улсын "Хар хайрцаг"-ны бодлого гэж байх ёстой. Тэр утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, бие даасан байдлыг хадгалах нь "Хар хайрцаг"-ны бодлого. 

Бид ганц нэг хуулиараа бусдад илүү нөхцөлийг бий болгож байна гэж хэлэн эх орныхоо тусгаар тогтнолд гай тарих нь онцгүй. 

Боловсролын сайд үгээ хэлэх байх. Төлбөртэй болон төлбөргүй сургуулиудад англи хэлийг үзүүлэхийг та хорих ямар нэгэн бодлого байхгүй гэж бодож байна. Эсрэгээрээ илүү их дэмжих байх. Г.Дамдинням гишүүний хэлсэнчлэн улсын санхүүжилттэй бүх сургууль англи хэлийг үздэг болох нь УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа асуудал. Гэхдээ үүнийг томьёолохдоо зөв байлгах нь чухал.

Үндэсний хөтөлбөр гэж оруулаад, тэр дотор нь хэрэгжих хэлийг нь дэмжиж сургана гэдэг заалт оруулж байгаа болохоос хүүхдүүдийг сургахгүй гэдэг асуудал байхгүй. Төрд зүтгэж байгаа бид нар дэлхийн бодлоготой зэрэгцэж их ухаалаг байх нь чухал" гэлээ. 

ВИДЕО: