Үер, усны нөхцөл байдлын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр орон нутагт тохиолдсон үер усны ослын мэдээллийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл танилцуулав. 

Тэрбээр "Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 11 аймгийн 22 суманд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн. Тус дуудлагаар найман аймаг, нийслэлд нийт есөн хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд таван хүнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баян, Дорноговь аймгийн Замын-Үүдээр дамжиж өнгөрдөг төмөр замын үерийн далан усанд урсаж эвдрэл гарсныг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ажилчид засварласан. 

Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт 2,300 гаруй бог мал усанд урсаж хорогдсон гэх мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна. Дээрх бог малуудын сэг зэмийг устгах ажлыг харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгаа. 

Мөн Дархан-Уул аймгийн тахианы аж ахуй эрхэлдэг газрын 1,500 орчим тахиа үерийн усанд хорогдсон гэх мэдээлэл ирсэн" хэмээн ярилаа.