ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС...

Замын хажуу талын хашлага байдаг даа. Явган хүний зам, автозамын хэсгийг заагласан энэ хашлагыг муудаагүй байхад нь солиод байдаг. Яагаад тэгдэг юм бол гэж гайхасгээд өнгөрдөг байлаа.

Арван есдүгээр хороолол орчмын хашлагыг саяхан хуулаад авчихсан харагдахаар нь замаа өргөсгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн юм. Гэтэл тэгсэнгүй дахиад л сольж харагддаг байгаа. Уг нь өнгөрсөн жилийн өдийд сольж байсан хашлага. Явган хүний замыг ч гэсэн байсгээд л муудаагүй байхад нь сольж харагддаг. Муудаж, энэ тэр болоогүй байхад нь солиод байгаагийн гол шалтгааныг мөнгө гэж хардах хардахаас өөр тайлбар олдохгүй нь. Хашлага солих ч байна уу, иймэрхүү жижиг хэрнээ овоо орлоготой тендерт ялаад жил бүр муудаагүй байсан ч шинэчлээд байдаг нь ерөөсөө л мөнгө гэнэ. Учир мэдэх, мэдээлэлд ойр байдаг хүмүүс ингэж хэлдэг юм билээ. Тендерт ялсан хүмүүс ердөө наахнаас буюу Эрээнээс хямдхаан юм олж авчраад хорь, гуч дахин нугалж төрийн тендерийг биелүүлдэг ойрын жишээ ч байна. Лав л гэрэлтүүлгийн нэг тендерийн барим тавим жишээг ялсан хүнээс нь сонсч байсан.


Хотын дарга нийслэлээ гоё болгох гэж их зүйл хийж байгаа. Энэ жил замын ажил урьд урьдынхаасаа эрт, хурдан , сайн хийгдэж байгаа. Зарим дүүрэг орон сууцны хорооллын гадна талыг камержуулж, орцны үүд бүрийг кодтой болгож, гэр хорооллыг гэрэлтүүлнэ гээд бүр ажлаа эхэлсэн дуулдсан. Нийслэлийн төв хэсэг цэцгийн мандлаар гоёж, ер нь л олзуурхмаар ажил их хийгдэж байгаа. Гэхдээ сайхан юм хийхсэн гэсэн хүсэлтэй хүмүүсийн хажуугаар төсвийн мөнгийг ашиглаж мөнгөжих бодолтой амиа хичээсэн нөхдүүд ч байгааг дээр хэлсэн жижиг, сажиг жишээнээс төвөггүй харчихаж болно

Тэгэхээр хотоо гоё болгохын зэрэгцээгээр тендерийн зарцуулалтад хяналт тавих цаг болсон юм шигээ.

Ц.Баасансүрэн