Төв аймгийн түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн энэ өдөр Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн мэндчилгээ дэвшүүлж байна.

Нэгэн зууны их түүхийг товчоолон өртөөлсөн Төв сайхан нутгийн минь түүхт 100 жилийн ой тохиож байна. Анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний гайхамшигт дурсгал Ноён уул, Гуа дов, Чихэртийн зоо зэрэг язгууртны цогц дурсгалаас эхлэн Мэргэн Тоньюкук, Кульчурын гэрэлт хөшөө, Өнгөтийн дурсгал, Хятан улсын үеийн Хэрмэн дэнж, Эзэн Чингис хааны хар булган дахаа өргөж ирсэн Туулын хар Түнэ, Цогт хун тайжийн Дуутын бичээс, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдагийн хийд, Халхын II Богдын Дамбадаржаалин хийд, Манзуширын хийд зэрэг бүхий л цаг үеийн түүхийг манай нутаг тольдон харуулж чадна. Бидний өвөг дээдэс эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө ХХ зууны эхэнд эрслэн босож, манлайлан удирдаж хоёр их хувьсгалын бүхий л хүнд бэрхийг үүрч, туурга тусгаар Монгол Улсаа бидэнд үлдээсэн түүхтэй. 

Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Да лам Цэрэнчимэд, тэргүүн шадар Дархан Чин ван Пунцагцэрэн, нэртэй дипломат Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, шашин хэргийг эрхлэх Хамба номун хан Пунцаг нар тэргүүлэн хувьсгалын үйл хэргийг манлайлж байлаа. Монголын цаг, төрийн ээдрээт үед тусгаар тогтнолынхоо төлөө дахин тэмцэж бичгийн ухаанаар төрийг засаж, түмэн үйлийн эхлэлийг тавигчид Ардын Засгийн газрын анх­ны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Сангийн сайд Д.Чагдаржав, Дотоод хэргийн сайд Да лам Пунцагдорж, Засгийн хэргийг эрхлэх сайд Г.Навааннамжил нар байсан юм. Төв нутгийнхан бид 100 жилийнхээ ойн босгон дээр эх түүхээ эрхэмлэн, эцэг дээдсээ хүндэтгэн, бахархам түүхээ баринтаглан, эрхэм олон зочин та бүхэндээ дэвшүүлэн барьж байна. 

Төв нутгийн зон олон 100 жилийн түүхэндээ ажил үйл, бүтээн байгуулалт, урлаг спортын манлай болж ирснийг манай нутгийн төдийгүй Монголын түүх гэрчилнэ. Төв сайхан нутгаас Монголын төдийгүй дэлхийд данстай урлаг, спортын гайхамшигт олон хүмүүс төрж гарсан. Бид бүгдийн бахархал болсон агуу хүмүүс бидний болоод хойч үеийнхний бахархал, хүндлэл, бишрэл төдийгүй түүх нь болж үлдэж байгаа гэж бид бодож байна. 

Төв сайхан нутгийн түүхт 100 жил эх түүхээ дээдэлж, алдаа оноогоо дүгнэж, хөгжил дэвшилд тэмүүлж, хүндлэл дээдлэл өргөж, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж дараагийн зууны үүдийг нээж байгаадаа нэн баяртай байна. Нийт Төв аймгийнхандаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Нутаг орон минь хөгжин цэцэглэж, хүн зон маань амар амгалан, сэтгэл өөдрөг байж, хамтдаа хөгжлийн төлөө зүтгэцгээе.

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн