Ардын хувьсгалаас хойш хоёр жилийн дараа Монгол Улс засаг захиргааны нэгжийн шинэчлэл хийж, хэд хэдэн аймгийг үүсгэн байгуулсны нэг нь Богдхан уулын аймаг буюу одоо­гийн Төв аймаг. Шинэ цагийн түүхийг эхлүүлж, тулганы галаа асаасан аймгууд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэр­гээн мандуулсны 112 жилийн ойтой зэрэгцэн 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

Анх Лүн суманд засаг захир­гааны төвөө үүсгэн байгуулж, суурьшсан Төв аймгийн захиргаа 1931-1942 он хүртэл Улаанбаатарт хотод төвлөрч байсан бөгөөд энэ үеэс тус аймаг улсын нийслэл Улаанбаатартай салшгүй холбогдсон аж. Төдийгөөс өдийг хүртэл Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьших нийслэлийн хүн амын хүнсний хэрэглээг бэлтгэх ажилд бусад аймгуудаа тэргүүлэн оролцож ирсэн нь тус аймгийг “нийслэлийн ар тал” хэмээн нэрлэхэд хүргэжээ.

Төв аймаг түүхт 100 жилийн ойгоо угтан 2023 оныг “Түүхт ой-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд Богд хан уулын өвөрт өнөөдөр Засгийн газар болон аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлүүд оролцсон бүтээн байгуулалтууд эрчтэй явагдаж байна.

Эдийн засгийн өсөлт болон нэг хүнд ногдох орлогоороо бүс нутагтаа тэргүүлсэн, чинээлэг дундаж ба дунджаас дээш дав­харга давамгайлсан аймаг болох зорилготой ажиллаж буй тус аймаг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хөгжлийн түүчээ-Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт туссан төлөвлөгөөт төслийг Засгийн газар, УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгтэй хийж хэрэгжүүлж байгаа аж.

Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод хот, Майдар хот, Эдийн засгийн чөлөөт бүс, Зуунмод үйлдвэр технологийн парк, “Богдхан” төмөр зам, аялал жуулчлалын “Манзушир” цогцолбор зэрэг улсын хэмжээний томоохон төслөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний зорилтот ажлууд хийгдэж байна. Мөн Төв аймгийн удирдлагуудын 2021 онд батлан хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт” цааснаас амьдралд буун бодитойгоор хэрэгжиж байна. Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч экспортлогч улс болох зорилтыг хангахад Төв аймаг чухал үүрэгтэй оролцоно. Энэ бодлогод түшиц аймаг болох ёстой тул дээрх стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа аж.

Монгол Улсын ДНБ үйлдвэрлэлд төвийн бүсийн долоон аймаг голлох үүрэгтэй оролцдог. Төвийн бүсийн аймгуудын үйлдвэрлэж буй ДНБ-ий 17.9 хувийг тус аймаг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд үүний 61.2 хувийг хөдөө аж ахуйн, 17.8 хувийг үйлдвэрлэлийн, 22.7 хувийг үйлчилгээний, 21 хувийг боловсруулах салбар эзэлдэг юм. 

Өдгөө Төв аймгийн төвд бүтээн байгуулалт эрчтэй өрнөхөөс гадна Монгол Улсын хэмжээнд өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлт ч амжилттай хийгдсээр байна. Тухайлбал, Засгийн газрын “Цахим үндэстэн” болох зорилт орон нутгийн түвшинд хамгийн хурдацтай хэрэгжиж, зөвхөн 2021-2022 онд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв 435.294 иргэнд үйлчилгээ үзүүлж амжжээ. Өнөөдөр тус аймаг цахим мэдээлэл солилцооны нэгдсэн “E-mongolia” системээр дамжуулан иргэдэдээ 18 байгууллагын 190 төрлийн нэг болон олон шатлалт үйлчилгээг үзүүлдэг болжээ. 

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 22.880 иргэн тоон гарын үсэгт шилжсэн нь аймгийн нийт хүн амын 35.1 хувийг эзэлж байна. Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тус аймаг 2022 онд АТГ-ын Шударга байдлын үнэлгээгээр 81.6 хувьтай дүгнүүлж 21 аймгийг тэргүүлэн нэгдүгээр байрт эрэмбэлэгджээ. Мөн 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарсан амжилтаар аймгийн түүхт 100 жилийн ойгоо угтаж байна. Онцлон дурдахад, тус аймаг 100 жилийн хугацаанд арван удаа Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарч байгаа аж.

Аймгийн өнөөдөр

 

Тус аймаг газар зүйн байршлын хувьд улс орны төвийн бүсийн томоохон зах зээлийг тойрон байршдаг дэд бүтцийн зангилаа бүс нутаг. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг нь авто зам болон төмөр зам дагасан үйлдвэрлэлийн дэд бүтэц хөгжих боломжийг бүрдүүлдэг юм. Монгол Улсын Засгийн газар Хөшигийн хөндийн шинэ Олон улсын нисэх буудлыг дагасан “Шинэ Зуунмод хот” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн нүүдэл өнөөдөр Төв аймгийн төвийг чиглэх нэг шалтгаан болж байна. Шинэ суурьшлын бүсийг дагасан харилцаа холбооны суваг, гүүр ч хэдийнэ тавигдаж эхэлжээ. 

 

Аймгийн хөрөнгө оруулалт (2017-2022 он)

Аймгийн удирдлагууд эдийн засаг, нийгмийн байдал, онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэхэд чиглэсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс “Хөгжлийн түүчээ-Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болоод “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги”-ийг тууштай хэрэгжүүлж байгаа аж. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2022 онд аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан 37 зорилт 173 арга хэмжээний хэрэгжилт 91.7 хувьтай явж байгаа хэмээн дүгнэсэн бол Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 52 зорилт, 274 арга хэмжээ 91.81 хувьтай хэрэгжээд байна.

 

 

Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/