Дорнодын 50 километр зам, Дорнод аймгийн Булган сумын 27 километр замын засвар, шинэчлэлийн ажлын явцтай танилцахаар  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацог болон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хамтран ажиллаж мэдээлэл хийжээ.

Тэд өчигдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 километрийн замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Уг замыг 2013-2015 онд тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэл улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байна. 

Энэ талаар С.Бямбацогт сайд хэлэхдээ "МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаа, тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ. Олон сайд, дэд сайд, ТНБД нар уг замыг засахад ямар ч арга хэмжээ авч ажиллаагүйг гайхаж байна.

Иймд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэх болно.

"Тамын 50" гэгдэх уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно. Гүйцэтгэгч "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж, тодорхой нөхөн төлбөрийг авсан. Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага тооцуулах болно" хэмээн мэдэгдэв. 

Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төвд өгчээ.