Үерийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр, үерт автсан айлуудад гэр өгөхөөр болсон талаар холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн. 

Үер усны гамшигтай холбоотой орон гэргүй болсон айл өрхүүдэд тусламж үзүүлэх талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-ын дарга А.Дашням дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгааг гаргасан. Энэ талаар хотын дарга тодорхой мэдээлэл өгч, айл өрхүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ өчигдөр илэрхийлсэн.

НОБГ-аас үерийн аман дээр буусан эрсдэлтэй айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар зам, талбайг бэлтгэх зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа" гэдгийг хэллээ. 

Үер усны гамшигтай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгөв. 



-Зарим иргэн орон гэргүй болоогүй мөртлөө гэр авах хүсэлт өгч байна гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр ямар зохицуулалттай ажиллаж байгаа вэ?

-Ийм асуудал байна. Тиймээс орон гэргүй болсныг тодорхойлох хэд хэдэн шалгуур үзүүлэлт тавьж байгаа. Үнэхээр гэр нь урссан айл өрхүүд байна. Мөн гэр, байшин нь урсаагүй ч эргээд ашиглах боломжгүй болсон тохиолдол ч гарсан. Энэ бүгд дээр олон талаас нь судалгаа хийснээр бодит тоо гаргах юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэр, байшинтай болох зэргээр дэмжлэг туслалцаа авахыг хүссэн өргөдөл, хүсэлт иргэдээс нэлээд ирж буй. Нарийн шүүлтүүрээр шүүсний үндсэнд дээрх ажлуудыг зохион байгуулж, шийднэ. 

-Хэчнээн айл өрхөд дэмжлэг үзүүлэх тоо гарсан уу?

-18 хүнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгийг хотын дарга өчигдөр хэлсэн. Судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Иргэдээс ирсэн мэдээллийг дахин нягтлаад өргөдөл, хүсэлтийг нь авч байгаа. Нэлээд нарийн шүүлтүүрээр шүүж, дүгнэснээр асуудлыг шийднэ. 

-Нүүлгэн шилжүүлэх айл өрхүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

-Дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудал бий. Айлуудыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн газраас нь холгүй байршилд байлгахаар зохион байгуулж байна. Иймээс том хүндрэл гарахгүй байх.

ВИДЕО: