Өнгөрсөн амралтын өдрүүдэд үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил явагдаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг өнөөдөр эхлүүлжээ.

Энэ талаар Нийслэлийн Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 1,034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1,762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Төв замыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгосон. Мөн айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг гаргах, цэвэрлэх ажил эхэлж байна" хэмээн ярив. 

Мөн Нийслэлийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэрвэгдэгсдийг эрэн хайх, авто зам, гарцыг чөлөөлөх, усанд урссан автомашинуудыг татан гаргах, үерийн усанд автсан гэр, байшин, хашааны усыг соруулах, лаг шаврыг арилгах зэрэг арга хэмжээ авч байгаа юм. 

Нийслэлийн Онцгой Комиссоос өгсөн мэдээллээр 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан байна.