Улаанбаатарт буусан үерийн үеэр амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Үерийн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад ирсний дагуу НОК, эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан. Холбогдох албаныхныг очиход үерт автсан айл өрхийн хүмүүс гэр орноо орхиод дайжиж явсан, 105 орчим тээврийн хэрэгсэл үерт автсан бөгөөд жолооч нар мөн машинаа орхисон явсан байдалтай байсан.

Аврах ажиллагаа явуулахад замын зорчих хэсэг хаагдсан байсан тул нээсэн юм.

Цагдаагийн байгууллагад үерийн үеэр ирсэн дуудлага мэдээллийг танилцуулъя.

Наймдугаар сарын 5-ны 20:21 цагт бага Дарь-Эхийн тоотод хоёр иргэн тогонд цохиулсан байдалтай нас барсан байна гэсэн эхний дуудлага ирсэн. Эрүүл мэндийн байгууллагаас очиход тухайн хоёр иргэн нас барсан байсан. Үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байгаа.

Наймдугаар сарын 5-ны 22:46 цагт ГССҮТ-өөс хоёр иргэн автомашинтайгаа явж байгаад үерт өртөж, 10 сартай хүүхэд нь алга болж, өөрсдөө шоконд орсон байдалтай байна гэсэн дараагийн дуудлага ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн үед олсон. Тээврийн хэрэгсэл олсон цэгээс 10 сартай хүүхэд байж болох газарт самналт хийж, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон.

Үерт өртсөн бүх айл өрх, тээврийн хэрэгсэлд самналт хийсэн юм. 

Наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед самналт хийж яваад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн тоотод хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны хүүхдийн цогцос байж болзошгүй байна гэсэн мэдээллийг самналт хийж байсан цагдаагийн алба хаагчаас авсан. Гарын хурууны дардсаар нь тухайн цогцсыг тодорхойлоход 1979 онд төрсөн, 44 настай эрэгтэй Т болох нь тогтоогдсон. Үерийн үеэр дөрвөн хүний амь нас хохирсон болохыг зарласан" хэмээн хэллээ.

Үерт өртөж нас барсан дөрвөн иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт "Үерийн усанд амьсгал боогдож нас барсан" гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гаднын нөлөөгүй болохыг тогтоолоо.

Иргэн Т-гийн дөрвөн хүүхэд өнчин үлдсэн байхад нуун дарагдуулсан байна гэх мэдээлэлд "Гурав дахь дуудлага буюу айлын байшин дотор цогцос байна гэх дуудлага мэдээллийн хохирогч 44 настай эрэгтэй Т болох нь тогтоогдсон. НОК болон дүүргийн онцгой комиссоос талийгаачийн дөрвөн хүүхэдтэй очиж, уулзаад нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх асуудлаар ярилцсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн тайлбарыг өгөв.