Натурын гүүрний урд талын барилгын ажлыг усны помпоо ашиглуулаагүйгээс зогсоосон гэх асуудалд НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч тайлбар хэллээ.

Н.Сугар "Нийслэлд ус соруулах помп байхгүй гэх шүүмжлэл иргэдээс ирж байна. Нийслэлд ус соруулах помп бий. Гэхдээ үерийн үеэр олон барилгын зоорийн давхар руу их хэмжээний ус орсон учраас олон тооны помп шаардлагатай байсан. Тухайн барилгын үйл ажиллагаанд ашиглаж байгаа помпыг авах боломжтой, очиж уулзъя гэдэг тайлбарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Хотын даргад танилцуулсан юм.

Хотын дарга очиж танилцаад помпыг авах боломжтой эсэхийг асуухад тухайн компани түрээсээр буюу мөнгө төлж ашиглаж байгааг хэлсэн. Ингээд Хотын дарга тухайн помпыг ашиглах боломжгүй юм байна гээд явсан, уурлаж, дургүйцсэн байдал гаргаагүй. Олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр бичлэгийг тасалж явуулаад байгаа учир бичлэгийг бүтнээр нь үзэхэд харагдана.

Натурын гүүрний урд талын барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгаан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, олон нийтийн аюулгүй байдлыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн учраас барилгын ажлыг зогсоосон.

Гэтэл тухайн компанийн холбогдох албан тушаалтнууд бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд саад учруулсан атлаа хэн нэгнийг буруутгаж тайлбар хийж буйд харамсаж байна" гэв.