Гол, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ОБЕГ-аас ЦУОШГ-тай хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Яг одоо 15:25 цагт Богд уулын урд талаар Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудалд бороо орж байгааг мэдээлэв.

Харин ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр аянга цахилгаантай аадар бороо удаан хугацаагаар үргэлжилдэг борооноос илүү  их давтагдах болсон.

Долоо болон наймдугаар сард аянга цахилгаантай аадар бороо ордог учир долдугаар сарын 23, наймдугаар сарын 5-нд болсон усархаг, аадар борооны үер энэ сард үргэлжлэх нь.

Өчигдөр орсон борооны улмаас Туул гол Лүн орчмоор, Сэлэнгэ, Улз голуудын адгаар усны түвшин өмнөх өдрөөсөө 10-20 сантиметрээр нэмэгджээ.

Орхон, Туул, Хараа, Онон, Балж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Хархираа, Сэлбэ гол үерийн түвшнийг давсан байна. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр гол хамгийн их үертэй байна.

Энэ сарын 15, 16-наас эхлээд баруун, төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн, аянга цахилгаантай, усархаг аадар бороо орно.

  • Наймдугаар сарын 15-ны өдөр Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутгаар
  • Наймдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангайн нутгаар
  • Наймдугаар сарын 16-ны өдөр Төвийн аймгуудын ихэнх нутгаар, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн хойд хэсгээр, Дундговийн хойд хэсгээр усархаг, аянга цахилгаантай, аадар бороо орно.

Аянга цахилгаантай, усархаг, аадар борооны өмнө богино хугацаанд хүчтэй нөөлөг салхины үзэгдэл болно. Энэ үзэгдэл нь говийн нутгаар шороон хана босгодог. Наймдугаар сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар нөөлөг салхины үзэгдэл өнгөрнө.

Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар сэрүүснэ" хэмээн мэдээллээ.

Голын ай саваар нутаглаж байгаа айл өрхүүд, аялагчид үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв.