Их хотын түгжрэлийг тэгш, сондгойгоор энэ сарын дунд хүртэл зохицуулчихлаа. Ирэх сард бүтэн нам түгжрэлээ үргэлжлүүлж аваад жолооч нарыг цахим гэрчилгээ, торгууль хоёроор хэсэг чөдөрлөхөөр болжээ. 

Арваннэгдүгээр сард зөвхөн цахим гэрчилгээтэй буюу RFID технологийн системтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулна. Мөн торгуультай тээврийн хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ. RFID системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа юм. 

Сүүлийн үед торгуулиа төлдөггүй жолооч нарын тоо эрс нэмэгджээ. Тоон мэдээллээс харахад,  2015 онд гэхэд зөрчил нь 240 666 удаагийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс 195 535 нь л торгуулиа төлсөн байна. 2015 онд 240 666 зөрчил гарч байсан бол өнөөдөр 462 820 буюу хоёр дахин нэмэгдсэн нь торгуулиа төлөх нь илүү их буурчээ. Тодруулбал, 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462 820 бүртгэгдсэнээс 114 621 нь л торгуулиа төлжээ. Үлдсэн нь торгуулиа төлөхгүйгээр замын хөдөлгөөнд хэвийн оролцож байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ярьсан юм. 

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгүүлжээ. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин өнөөдрийг хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд ямар ч асуудалгүй зорчиж байгаа гэсэн үг.  Нөгөөтэйгүүр, жолооч нар торгуулиа төлөх нь буурсан нэг шалтгааныг иргэд өршөөлийн хууль гаргасантай холбон үзэж байна. Тодруулбал, УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заажээ. Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд багтсан 57 заалт дахь зөрчлийг өршөөн хэлтрүүлсэн билээ.

Уг хуулийг дахин хэрэгжих байх хэмээн найдсан жолооч нар торгуулиа төлөхгүй байхаар шийдсэн болов уу гэх хардлага ч төрж байна. Ямартай арваннэгдүгээр сараас цахим гэрчилгээгүй, торгуулиа төлөөгүй жолооч нарыг хариуцлагатай болгох нь ээ. 

Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар ажлаа эхлүүлжээ. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр аравдугаар сарын 1-ний дотор суурилуулж байгаа аж.