"Нүүрсний хулгай"-н асуудал нийгмийн төвд байгаа. Тэгвэл уг хэрэгт хамгийн их асуудал дагуулж мэдэхээр мэдээлэл цацагдаж эхэллээ. Нүүрсний хулгайг хянах түр хорооны гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарын "Хөвсгөл хөгжил" сангаар халхавчилсан этгээдүүд  "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, БНХАУ-ын 13 компанид 270 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй нүүрс нийлүүлсэн баримт илрэв.

МАН-ын өнгөрсөн онд “нүүрсний хулгай”-г илрүүлэх Түр хороо байгуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарыг томилсон. Гэтэл бүгд л уг хэрэгтэй холбоотой болж орхисон. Тухайлбал, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Нүүрсний 17”-нд багтсан. С.Бямбацогтын тухайд, “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-ууд нь Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтийг хариуцдаг. Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин хоёрын хувьд, Дорноговийн нүүрсчдийг “атгадаг” Б.Дэлгэрсайханы “торгон цэрэг”-үүд. Г.Ганболд “Баянтээг” ХК-ийн нүүрсийг Чойроор дамжуулан урагш нь гаргаж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байгаа билээ.

Тэгвэл эдгээр хүмүүс дээр Л.Мөнхбаатар нэмэгдэж буй бололтой. УИХ-ын “нүүрсний хулгай"-г хянах хорооны дэд дарга нь бүүр ч ихээр хамсаатан болж орхиж буй баримтыг ярья.

Л.Мөнхбаатарыг МАН-ын экс дарга нараас гадна “Хөвсгөл хөгжил сан” нь УИХ-ын гишүүн болгосон нь тодорхой харагдана. Өдгөө ч Хөвсгөлийнхөн түүнийг УИХ-ын гишүүн гэхээсээ “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн гэдгээр нь илүү танигдаж гарч ирсэн. Гэтэл Л.Мөнхбаатар есөн жил удирдсан өөрийн “Хөвсгөл хөгжил сан”-гаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Батхишигийн Даваадорж гэх 1992 оны залууд шилжүүлж, Удирдах зөвлөлийн дарга буюу тэргүүн болгожээ.  

-Нутгийн дүү Б.Даваадорж гэж хэн бэ-

“Хөвсгөл хөгжил сан”-гийн шинэ тэргүүн Б.Даваадорж гэгч нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын төрсөн нутгийнх нь хуурай дүү аж. Тодруулбал, Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж өссөн. Харин Б.Даваадоржийн аав Б.Батхишиг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумынх, ээж Л.Өлзийням нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумынх юм байна. 

Тэрбээр Л.Мөнхбаатарын “Хөвсгөл хөгжил сан”, “Хөх тэнгэр нийгэмлэг”-т ажиллахын сацуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус мэргэжилтнээр давхар ажиллаж байжээ.

Хамгийн сонирхол татсан зүйл нь Б.Даваадорж нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн болмогцоо “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс зөөж эхэлсэн байна. “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт бүртгэлтэй, харин хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Уранбилэг гэх 20 гаруй насны эмэгтэй бүртгэлтэй байдаг. Судлаад үзвэл, С.Уранбилэг нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Б.Даваадоржийн үеэл нь аж. Бүр тодруулбал, Б.Даваадоржийн ээж Л.Өлзийням, С.Уранбилэгийн эмээ Л.Гадиймаа хоёр төрсөн эгч дүүс юм байна. Баримт болгож, Б.Даваадорж, С.Уранбилэг нарын “Авто тээврийн үндэсний төв”-тэй байгуулсан тээврийн гэрээгээ барьжээ.

“Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Б.Даваадорж, С.Уранбилэг нарын удирддаг “Хөвсгөл ирээдүйн зам ХХК нь 2019 оноос 2023 оны есдүгээр сарын 28-ныг хүртэл буюу өчигдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 144 автомашинаар 6942 удаагийн рейсээр 615 мянган тонн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэж, БНХАУ-ын “Сhalco trading” тэргүүтэй 13 компанид нийлүүлжээ. Одоогийн ханшаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нэг тонн нүүрсийг 125 ам.доллараар Хятад руу худалдаж буй. Ингэж тооцвол, Б.Даваадоржийн “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК нь БНХАУ-ын 13 компанид 270 гаруй тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэж өгсөн байгаа юм.